
Хүнээр хүн хийх хэцүү гэж өвгөд дээдэс минь зүгээр ч нэг хэлчхээгүй. Бидний уламжлалд охин хүүхдийг хүмүүжүүлэх, хөвгүүдийг хүмүүжүүлэх олон аргыг эртнээс эрхэмлэн, тэр сургаалаар ч өвгөд дээдэс, ахас ихэс хүүхдүүдээ хүмүүжүүлсээр иржээ. Гэвч энэ уламжлал соёл хэзээнээс ч юм, хаанаасаа ч юм хаягдаж гээгдсээр өнөө цагт ирсэн нь хүүхдийг хүмүүжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд гэр бүлээс эхлээд төр оролцох томоохон үйл хэрэг болох нь нийгэмд өрнөж буй олон үйл явдлаас харагдсаар байна.
Сүүлийн үед цахим орчинд нийтлэгдэж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэгэнтэйгээ зүй бус харьцаж, зодож, дээрэлхэж, танхайрч, сүүлдээ бүр олон хөвгүүдийн өмнө нэгийгээ хувцсаа тайлахыг шаардаж байгаа бичлэг хөврөх боллоо. Хаанаас ч юм, хэзээнээс ч юм эхэлсэн дээд ангийнхандаа захирагдах ёстой, угаасаа л тиймэрхүү зүйл хааяа нэг байх, чамайг л дээрэлхээгүй бол бусдын явдал чамд хамаагүй гэж хүүхдүүдээ сургаж, үл тоож ирсэн нь өнөө цагт илэрч байна.
Олон нийтийн цахим сүлжээнд тавигдаагүй хэдхэн жишээг дурдъя.
- Нэгэн Ерөнхий боловсролын сургуульд сурдаг долоодугаар ангийн хүүхдийг ангийнхан нь мөнгөтэй ирвэл нийлнэ, мөнгөгүй бол тоохгүй. Мөнгөтэй ирвэл "Андаа гуанз оръё, андаа PC тоглоё" гэх мэтээр байнга хамт цагийг өнгөрөөх ч мөнгөгүй үед нь "Хэн нэгнээс мөнгө авчих" гэнэ. Хэрвээ тэр хүү мөнгө олж чадахгүй бол "Арчаагүй гуйлгачин, чамтай нийлэхгүй" гээд нийлж зодно, дээрэлхэнэ, зүй бусаар хараана. Хүү энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцах гэж үзсэн ч үл тоох тул сүүлдээ шилжүүлж өгөхийг хүсжээ. Аав ээж нь ч хүүгийнхээ хэлснээр сургуулийг нь сольж, төлбөртэй хувийн сургуульд оруулсан ч байдал бүр дордсоныг тэр гэр бүлдээ хэлж чадахгүй л яваа.
- Сургуулийн бага ангийн охин эмэгтэй бие засах өрөөнд ортол өөрөөс нь 1, 2 дугаар ангийн эгч хоёр охин "Нааш ир, мөнгө байна уу" гэсээр халаасыг нь ухаж үзжээ. Охин ч айгаад "Байхгүй" гэтэл "Анхиагүй гуйлгачин зайл" гэж зандачсан аж. Охин хичээл тараад ээж аавдаа хэлсэн ч тэдгээр охидыг олоогүй.
- Аав ээж нь гадаадад олон жил ажилласаар орох орон байрны мөнгө цуглуулаад эх орондоо иржээ. Ингээд хашаа байшингаа орон сууц болгож, дунд ангийн ганц хүүгээ харьяа сургуульд шилжүүлэн оруулсан байна. Гэвч ангийнхан нь "Хашааны банхар" гэж хоч нэр өгсөөр ангиараа дээрэлхсээр жил гаруйн хугацааг үдсэн.
- Их сургуулийн гуравдугаар дамжааны оюутнуудыг дөрөвдүгээр дамжааны хоёр бүлэг нийлэн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд дээд ангиа хожлоо гэх шалтгаанаар харанхуй буланд аваачиж бүлэглэн зоджээ.
Үүнээс үзэхэд дээрэлхэлт гэдэг зүйл бага ангиас эхлээд их, дээд сургуульд хүртэл байж л байдаг хэвшмэл ойлголт болсон нь өнөөдөр бүр ч харгис болчихсон нь илэрч буйн хэрэг. Угтаа бол огтоосоо ч дээрэлхэлт гэж зүйл байх ёсгүй.
Ёс зүйн хувьд өндөр хариуцлагатай соёлтой Солонгос, Япон зэрэг оронд иймэрхүү үйл явдалтай хэрхэн тэмцэж байгаа олон мянган жишээг та бид өдөр бүр харж манай улс хэзээ ийм болох бол гэж сэтгэгдэл бичиж суухаар хуулийн бодлогодоо тусгаж, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх цаг нь нэгэнт болсныг насанд хүрсэн хүн бүр ойлгож байгаа.
Миний хүүхэд ийм зүйл хийхгүй гэж хүн бүр л боддог. Хийх нь бүү хэл хэрэгжүүлээд явж байгааг та мэдэхгүй явж байвал яах вэ. Өдөр бүр аймшигт жишээ харж, үзэж, айж би л хүүхдээ ингэж дээрэлхүүлэхгүй шүү гэхээс яаж хамгаалах вэ, яавал ийм байдалд хүүхдээ оруулахгүй байх вэ гэдэгт дорвитой тэмцэж чадахгүй байна. Гэтэл энэ бол урьдчилан сэргийлэх боломжтой зүйл.
Хүүхэд бидний тусгал. Бидний бүтээсэн нийгэм өнөөдөр ингэж л тусч байна. Би л хүүхдээ юугаар ч дутаахгүй, би л хүүхдээ өлсгөхгүй, би л хүүхдээ дааруулахгүй гэж эд зүйлийн төлөө явсаар эцэст нь таны хүүхдийн хүмүүжилд хэн анхаарч, яаж хүмүүжсэнийг хар. Сошиал орчин, youtube суваг, утасны тоглоомоор өссөн бидний хүүхдүүд ямар хүн болж байна вэ.
Нөгөө талд нь хэтэрхий эрх дураараа өсөж буй хэсэг ч байна. Таны бүтээсэн хүүхэд бидний нийгэмд хамтдаа амьдарна. Багшийгаа үл тоож, даалгавар хийхийг шаардахад л утсаа гаргаж ирээд бичлэг хийж тавьдаг байж болох уу. Хүүхэд хүмүүжүүлэх үүрэг эцэг эхийн үүрэг болохоос багшийн үүрэг биш байлтай. Сургуулийн хашаа руу оруулаад л хүмүүжих ёстой гэдэг бодол хаанаас суучихсан юм бэ.
Охин хүүхдийг гомдоож болохгүй, хүрч болохгүй, зодож болохгүй гэж хөвгүүдээ хүмүүжүүлсээр ирсэн. Гэвч тэр охид нь ээжийн энхрий хүүг элэг эмтэртэл зодож, алгадаж, бахиар хавчиж тамлаж байгаа бичлэгийг тэр хүүгийн ээж үзээд яаж байгаа бол. Бодож үзсэн үү... Тэр ээжийн тухай.
Зодсон нь биш зодуулсан нь хэн ч биш болж дахиж гарч ирдэггүй гэж ярих ахлах ангийн хүүгийн яриаг сонсов уу.
Яагаад.. Яагаад хохирсон нь улам хохирох ёстой гэж. Яагаад тэд ер нь адилхан үеийнхнийгээ дээрэлхэх ёстой гэж. Хүн гэдэг амьтнаас оюун ухаанаараа ялгардаг. Тэр нь араатнаас биднийг ялгадаг. Гэвч бидний ирээдүй араатан байх уу, хүн байх уу гэдгийг одооноос бодож, тунгааж, өөрчлөх цаг ирсэн юм биш үү...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!