
Даатгалын гэрээгээр халхавчилсан санхүүгийн шинэ төрлийн залилангийн гэмт хэрэгт олны танил санхүүч болон Монголын томоохон даатгалын компани оролцсон байж болох хэргийг прокуророос хаасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг хэргийн хохирогч иргэн Д.Тэгшдүүрэн манай редакцид хандсан юм.
-Та тухайн үед юу болсон талаар товч мэдээлэл эхлээд өгөөч?
-Юуны түрүүнд манай гэр бүлийн нэгэн адил өөр гэр бүл ийм байдалд орохоос сэрэмжлүүлэх үүднээс нийтэд хандаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Намайг Д.Тэгшдүүрэн гэдэг. Би санхүүч мэргэжилтэй. Сүүлийн үед манай улсад санхүүгийн зах зээл хөгжиж компаниуд бонд, зээл, өрийн хэрэгсэл их гаргаж эх үүсвэр татах нь ихэссэн. Манай гэр бүлээс нэлээн хэдэн хүн Солонгост ажил хөдөлмөр эрхэлж бусдын адил байртай болохоор ажилладаг юм. Би Солонгост ажилладаг ах, эгч, түүний гэр бүлийнхний цуглуулсан мөнгийг өсгөхөөр Монголын томоохон даатгалын компанийн даатгасан гэж нийтэд зарласан “Пауэр лизинг” ХХК, “Новел лизинг” ХХК, “Баялаг тахиа” ХХК, “Өег өндөг” ХХК-ийн зээлийн бүтээгдэхүүнийг сонгож анх гэрээ байгуулах үед эдгээр компаниудын эцсийн өмчлөгч нь Д.Ангар гэж хүн байсныг мэдсэн. Төлбөр шилжүүлэхийн өмнө зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч тал зээлээ хугацаандаа төлөхгүй бол даатгалын компани төлөхөөр заасны дагуу “Төлбөр тасалдлын даатгал”-ын сертификатыг даатгалын компаниас авсны дараа төлбөрөө шилжүүлсэн. Гэвч гэрээний хугацаа дуусаж 2025 оны дөрөвдүгээр сард зээлийн төлбөрөө авахаар хандсан боловч үйл ажиллагаа доголдож төлөх боломжгүй гэсэн хариу авсан. Бид гэрээний дагуу төлбөр тасалдлын даатгалын сертификат олгосон даатгалын компанидаа хандсан боловч зээлдэгч зөвхөн дампуурсан үед төлөх тусдаа гэрээтэй гэсэн ойлгомжгүй хариу авсан. Тухайн даатгалын бүтээгдэхүүнийг өөрийн веб сайт дээрээ байрлуулж, мөн даатгалын сертификат дээр даатгалын компанийн эрх бүхий хүмүүс баталгаажуулсан тул Санхүүгийн зохицуулах хороонд хандсаны зэрэгцээ залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзээд 2025 оны есдүгээр сард цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байна.
-Даатгалын компани яагаад хариуцлагаас татгалзаж, иргэдийг төөрөгдүүлсэн гэж та үзэж байна вэ?
-Д.Ангарын өмчлөлд байдаг дээрх компаниудтай байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч төлбөрөө төлж чадахгүй бол даатгалын компани үл маргах журмаар зээлийг төлнө гэж тодорхой заасан байсан. Иргэдийн хувьд энэ нь эрсдэлгүй, даатгалаар бүрэн баталгаажсан зээл гэж ойлгохоор нөхцөл байдал бүрдүүлсэн байсан. Зээлийн гэрээ байгуулахдаа даатгалын сертификат олгож, даатгалын компанийн эрх бүхий этгээд бүх бичиг баримтад гарын үсэг зурж, тамгаа дарсан нь итгэл төрүүлсэн. Гэтэл бодит байдал дээр даатгалын компани зээлийн тасалдлыг огт даатгаагүй байсан нь хожим илэрхий болсон. Зээл авсан компани болон даатгалын компанийн хооронд байгуулсан “төлбөр тасалдлын даатгал”-ын гэрээнд зөвхөн зээлдэгч дампуурсныг шүүхээр тогтоосон тохиолдолд л нөхөн төлбөр олгохоор заасан байсан. Өөрөөр хэлбэл, зээл төлөгдөхгүй болсон бодит эрсдэлийг даатгаагүй гэсэн үг. Тухайн үед даатгалын компанид хандахад “дампуурсан эсэхийг шүүх тогтоох ёстой” гэх шалтгаанаар хариуцлагаас зугтсан. Ингэснээр зээлийн гэрээ болон даатгалын гэрээ хоорондоо зориуд зөрүүтэй хийгдсэн нь тодорхой болсон. Энэ нь иргэдтэй байгуулсан зээлийн гэрээндээ даатгалаар бүрэн хамгаалсан мэтээр ойлгуулж, цаанаа өөр нөхцөлтэй гэрээ хийж, эрсдэлийг зориуд нуун дарагдуулсан гэж шууд ойлгогдохоор байгаа. “Төлбөр тасалдлын даатгал” гэх нэрийг ашиглан зориулалтыг нь гуйвуулж, барьцаагүй их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлсэн бөгөөд үүнд даатгалын компани хамтран оролцож иргэдийг хохироосон. Иймээс энэ асуудлыг хууль, журам зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Энэ бол энгийн алдаа биш, иргэдийг төөрөгдүүлсэн зохион байгуулалттай үйлдэл гэж Санхүүгийн зохицуулах хороо үзсэн байна лээ.
-Санхүүгийн зохицуулах хороо шалгалт явуулаад ямар шийдвэр гаргасан бэ?
-Санхүүгийн зохицуулах хороо даатгалын компани даатгалын хууль зөрчиж, иргэдийг төөрөгдүүлсэн, мөн анх зөвшөөрөл авсан даатгалын бүтээгдэхүүний нэрийг ашиглан, дампуурлын даатгал болгон өөрчлөн хохирол учруулсан гэдгийг албан ёсоор тогтоосон. Үүний дагуу зөрчлийг арилгаж, учирсан хохирлыг барагдуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл даатгалын компани уг шийдвэрийг огт биелүүлээгүй, ямар ч арга хэмжээ аваагүй байна. Өөрөөр хэлбэл, төрийн зохицуулагч байгууллагын албан шаардлагыг үл тоомсорлож байгаа ноцтой байдал үүссэн. Надаас гадна ижил төрлийн “даатгал”-тай өөр хохирогч байгаа. Бид хамтран Д.Ангар, түүний өмчлөлийн компаниуд, мөн даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад хандсан. Харамсалтай нь Сүхбаатар дүүргийн прокурорын газар хэргийг бодитой шалгаж, хохирогчдын эрхийг хамгаалалгүйгээр хэд хоногийн өмнө гомдлыг хаасан байна. Иргэдийг төөрөгдүүлж, хохироосон асуудалд хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх эрсдэл бодитоор бий болгож, залилан мэхлэгчдийг өөгшүүлдэг ийм байдал манайхаас өөр улсад байдаггүй байлгүй дээ.
-Прокурор хэргийг ямар үндэслэлээр хаасан бэ?
-Хяналтын прокурор энэ хэргийг иргэд хоорондын энгийн зээлийн маргаан, мөн Д.Ангарын өмчлөлд байдаг компанид санхүүгийн түр хугацааны хүндрэл үүссэн гэж дүгнэж, саяхан хэрэг хаах тухай тогтоол гаргасан байна лээ. Гэтэл уг тогтоол гаргахдаа прокурор Санхүүгийн зохицуулах хорооны “хохирлыг барагдуулах” тухай албан шаардлагад бодит дүгнэлт огт хийгээгүй. Зохицуулагч байгууллагаас даатгалын компани хууль зөрчиж, иргэдийг төөрөгдүүлсэн гэдгийг тогтоочихсон байхад үүнийг үл тоон, энгийн иргэн хоорондын маргаан гэж үзээд хэрэг хаасан нь бидний хувьд үндэслэлгүй, хариуцлагаас бултаж буй шийдвэр гэж харж байгаа. Бүр гайхмаар нь хариуцсан мөрдөгч уг хэрэгт залилангаас гадна мөнгө угаах гэмт хэргийн шинж байж болзошгүй тул харьяаллын дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлэх санал прокурорт албан ёсоор хүргүүлсэн гэж бидэнд мэдэгдсэний дараахан хэргийг хаасан явдал юм. Зээлийн гэрээ, даатгалын гэрээ байгуулахдаа санаатайгаар өөр хоорондоо зөрүүтэй зохицуулалт оруулж, үл маргах журмаар даатгалын компани төлнө гэсэн заалтаар зээлдүүлэгчид итгэл төрүүлж, үүнийг ашиглан иргэдээс их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлэх гэмт үйлдлийг Д.Ангарын компани болон даатгалын компани хамтран үйлдсэн, мөн Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын хууль, журам зөрчсөн гэсэн дүгнэлт гарчихсан байхад өөрөөр хэлбэл илэрхий санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай байхад прокурор хэргийг хаасанд би гомдолтой байна. Тиймээс бид энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, дээд шатны прокурорт гомдлоо албан ёсоор гаргасан. Хүн бүр өөрийн орон гэр, машин техникээ даатгалын бүтээгдэхүүнээр хамгаалагдсан гэж боддог ч даатгалын компани нь ард иргэдэд танилцуулснаасаа өөр гэрээ байсан гэж хуурч мэхэлж байгаа нь залилангийн гэмт хэрэг биш болсон юм уу гэж асуухаас аргагүй байдалд хүргэж байна.
-Та зээлийн гэрээ хийгээд хэчнээн төгрөгөөр хохирсон бэ. Нийт хэдэн хохирогч, хэдэн төгрөгөөр хохирсон хэрэг вэ?
-Нийт хорь гаруй хохирогчтой 3.2 тэрбум төгрөгийг зээлийн гэрээ хийж залилсан хэрэг л дээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!