Х.Нямбаатар: Намын дарга Н.Учралтай болон Ерөнхий сайд Г.Занданшатартай ойр ойрхон уулзаж, ажлаа танилцуулан мэдээллүүдээ солилцоод явж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
69 минут 8 секунд

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "NTV" телевизийн "Лхагвын тойм" ярилцлагын нэвтрүүлэгт оролцлоо.

-Манай хот даатгалын асуудалд ямар байдлаар анхаарал хандуулж байна вэ. Өнгөрсөн жилүүдэд үүссэн асуудлууд хэлж ирэхгүй, хийсэж ирсэн шүү дээ. Энэ үеийг давж гарах хамгийн чухал зүйл нь даатгал байх?

-2023 оны үерт хохирсон ААН байгууллагууд огт даатгалд хамрагдаагүй гэх мэдээллийг авсан. Үерийн улмаас хохирсон хохирлоо хотоос гаргуулна гэдэг асуудалтай явж байгаа. Хотоос хохирлыг гаргуулахад заавал шүүхийн шийдвэртэй байж гаргахгүй бол бид шийдвэр гаргасныхаа төлөө буруудна. Тиймээс шүүхэд хандаад асуудлаа шийдүүлж ирээрэй гэдэг байдлаар хандаж байгаа. Ер нь манайхны уламжлалт сэтгэлгээнд даатгалын тухай ойлголт бага хөгжсөн. Хамгийн сайн бөгөөд хүчээр даатгуулж байгаа нь автотээврийн жолоочийн хариуцлагын даатгал. Түүнийг хэвшүүлж байх шиг байна. Мөн тээврийн хэрэгслээ даатгуулдаг даатгалын асуудал явж байна. Ипотекийн зээлтэй холбоотой харилцаа үүсгэхэд банкнаас даатгалын шаардлага тавьж байгаа. Энэ маягаар даатгалын харилцаа өргөжөөд явж байх шиг байна.

-Ер нь хүчээр л яваад байх шиг байна шүү дээ?

-Энэ жил нийслэлд шинээр Улаанбаатар хотын тендерт оролцож байгаа ААН, байгууллагыг нэг бол банкны баталгаа, нэг бол даатгалын баталгаа авчирч байршуулаад, урьдчилгаа 30 хувь хүртэлх төлбөр авах зохицуулалтыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, ААН тендерт ялаад, барилгын ажил хийгээд гүйцэтгэлээ гаргах хүртэл арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр ажлаа эхлүүлснээс банкны болон даатгалын баталгаа нь харьцангуй шимтгэл багатай байдлаар эхлүүлээд явбал ашигтай. Бид банкны ч, даатгалын ч баталгааг баталгаанд тооцоод 30 хувийг нь урьдчилж шилжүүлнэ гэсэн нөхцөлтэй ажиллаж байгаа.

-Мөн даатгалтай холбоотойгоор дараагийн асуултаа тавих гээд байна л даа. 2 жилийн өмнө болсон Дүнжингаравын газны ослын хохирогчид бидний асуудлыг шийдэхгүй байна гэж мэдэгдэл хийсэн. Үүнд ямар шийдэл хэрэгтэй вэ. Сая таны хэлсэн шиг шүүх дээр оччихоод гацаад байна уу?

-Дашваанжил ХХК болон түүний ажилтантай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад шүүхэд шилжсэн гэж би сонссон. Манайхаас иргэний нэхэмжлэх гаргаж оролцож байгаа. Айл өрхүүдийг түрээсийн байранд байхтай холбоотой зардал төрөөс гарч байгаа. Дээр нь 207 дугаар байрыг буулгах зардал мөн нийслэлээс гарсан. Шинээр барих зардалд 12 тэрбум төгрөг төсөвлөж, тендер зарласан. Энэ бүх зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шийдвэр гарсан тохиолдолд нэхэмжлэлийнхээ дагуу хэн нь буруутай нь тогтоогдохоор түүнээс нь гаргуулна. Эхний ээлжинд иргэдийг хохиролгүй болгох асуудал яригдана. Ер нь үүнд даатгалын харилцаа аль аль талдаа л дутагдалтай байгаа. Хохирсон хэчнээн айлын хэд нь билээ даатгалд хамрагдсан, хэд нь хамрагдаагүй гэсэн дүн мэдээ гарч байна лээ. Манайхны нийтлэг зарчим байдаг шүү дээ. Бүхний буруутан төр гэдэг. Тэр зарчмаар л явж байна. Шүүхийн шийдвэр гарсан хойно шийдвэрийн дагуу асуудлыг шийдүүлнэ. Хот ямар ч байсан айл өрхүүдээ чадвал энэ ондоо багтаад орон сууцыг нь бариад оруулчихъя гэж зорьж байна. Яагаад гэвэл жил бүр хэдэн тэрбум төгрөгийн түрээсийн зардал нийслэлээс гарч байна.

"Үүр шөнөөр босож гал хөс түлэхгүй, үнсээ асгахгүй, гэрт ямар ч тоос бужигнахгүй орчинд амьдаръя гэвэл нөхрөө шах"

-Төсөл хөтөлбөрүүдээ асууя. Өмнө хоёулаа ярилцахад та газны шийдэл ярьж байсан. Хотын утаатай холбоотой асуудлыг ч шийднэ гэсэн. Энэ шийдэл юу болж байна вэ?

-Одоогоор бид 5000 гаруй айл өрхийг дулаалаад байгаа. Цагаан сараас өмнө 2000 айлыг газанд холбоно. Зарим айлуудын хэрэглээ үүсээд хоёр сар орчим болоод явж байна. Шинэ төхөөрөмж захиалсан. Хятадын Haier, Hisense гэж электрон барааны том үйлдвэрүүдтэй гэрээлээд, зохиогчийн эрхийг нь аваад, бүртгүүлээд, үйлдвэрлүүлээд авчирлаа. Хойд америкийн NFA гэдэг стандартыг Монголд нутагшуулж байна. Энэ нь галын аюулгүй байдлын хий алддаггүй стандарт. Бүх тоноглолуудаа суурилуулчихсан. Борлуулалтын цэгүүд, савлах цэгүүдээ байгуулчихсан. Одоо бидэнд эх үүсвэр л дутагдаж байна. Том агуулах барих шаардлагатай байна. Хотод заавал байх нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Халаалтын улирал тавдугаар сарын 15-нд дуусахаас өмнө дөрөвдүгээр сар гэхэд 5000 айлаа гүйцээчихнэ. Юун дээр удсан гэхээр айл өрхийг дулаалахад цаг орсон. Энэ жил бид дулаалахгүй юм байна. Дулаалгаа айлууд хариуцна. Дулаалгаа хангалттай хийсэн гэж үзсэн айлуудад газан төхөөрөмжийг нь суурилуулж өгье. Байшингийнх нь том жижгээс шалтгаалж киловаттын ялгаатай. 2-3 өрөөтэй байсан ч суурилуулдаг оруулгуудтай, хоолойнуудтай. Гэрт илүү тохирч байгаа. Өчигдөр /хоёрдугаар сарын 10-нд/ нэг айлд очлоо. 6х8 хэмжээтэй 48 мкв хоёр өрөө айл байна лээ. Долоо хоногт 2 баллон хэрэглэж байна гэсэн. 2 гэдэг нь 79 мянган төгрөг. За 80 мянга гэж бодъё. 4 долоо хоногт 320 мянган төгрөгийн хэрэглээ гарна. Хамгийн хүйтэн буюу нэгдүгээр сарын хэрэглээ шүү. Тэгэхээр сар бүр 300-гаад мянган төгрөгийн хэрэглээ гарах юм байна гэж дундажлаж тооцож байна. Үүний 200 мянган төгрөгийг нь нийслэлийн Агаар орчны бохирдлыг бууруулах сангаас олгож байгаа. Мөн халаалтын зардлын есөн сарын хэрэглээний 900 мянган төгрөгийг татаж өгье. Яагаад гэхээр үүнээс илүү зардлыг бид шахмал түлшинд зарцуулаад байгаа. Шахмал түлшийг дотооддоо хийхээ болиод хагас кокс болгоод хэрэгжүүлээд явж байна. Агаарын бохирдол 30 орчим хувиар буурч байна гэж гадны байгууллагуудын судалгаанд ч дурдагдаж байна. Дотоодын хийсэн судалгаа ч тэгж гарч байна. Тэгэхээр ирэх жил 50 мянга хүртэлх айлыг газ руу шилжүүлмээр байна. Би гэр хороололд амьдарч байгаа айлын эзэгтэй нар нөхрүүдээ жаахан шахаж дайчил гэж хэлмээр байна. Гэрээ дулаалчихсан, байшингаа дулаалчихсан бол та нарыг утасдахад бид очиж төхөөрөмжийг чинь суурилуулж өгье. Яг орон сууцанд амьдарч байгаа юм шиг үнс тоостой зууралдахгүй, нэг жигд хэмийн, үүр шөнөөр босож гал хөс түлэхгүй, үнсээ асгахгүй, гэрт ямар ч тоос бужигнахгүй орчинд амьдаръя гэвэл нөхрөө шах гэж байгаа юм. Нөхөр нь байшин саваа хамтдаа сайхан дулаалаад болчихлоо гээд хороондоо мэдэгдвэл газ аваачиж өгнө. Гэрт нь ойрхон яг нүүрс борлуулах цэг шиг баллон цэнэглэх цэгүүдийг байрлуулчхаж байгаа юм. Гэртэй айл бол хэчнээн хүйтэн байсан ч сард 100 мянган төгрөгөөс илүү хувиасаа зардал гаргахгүй. Үүнийг нүүрсэнд гаргаж байгаа шүү дээ. Долоон хоногт 7 шуудай нүүрсний норм 7х5 35 мянган төгрөг. Дахин үүнийгээ дөрвөөр үржүүлэхээр 140-өөд мянган төгрөгийг нүүрсэнд өгч байгаа. Тэгэхээр нүүрс түлж байснаас газ руу шилжээч ээ. Мөн тогоо хэмнэнэ. Дээрээ плитктэй гэдэг зүйлийг би олон нийтэд уриалж байна.

-Айл өрхийн дулаалгыг нийслэлээс хийж өгсөн гэж байна шүү дээ. Нэг айлд хэр хэмжээний зардал гарав. Нийтдээ хэдий хэмжээний төсөв зарцуулав?

-Их өндөр зардал гарч байна. Бид гэрийг НҮБ-ын Хүүхдийн сан буюу UNICEF-тэй яриад хэрэгжүүлсэн. Нэг гэрт 1.7 сая орчим төгрөгийн Чип гэдэг төслийг UNICEF хийчихсэн байсан. Түүнийг нь бид худалдан авалт хийж айлуудад суулгалаа. Тэр нь агааржуулалтын системтэй, цас борооноос тусгаарладаг, давхарлагаатай. Заавал түүнд хамрагдах ч хэрэггүй. Нарантуул гараад өөрсдийнхөөрөө дулаалж болно. 100 айл руу очоод, хавтангаар байшингийнхаа гадна талаар дулаалаад, цонхоо цавуугаар шахаж дулаалаад, үүднийхээ амбаарыг дулаалаад, таазандаа дулаалгын хөөс асгаад л боллоо. Ингээд бидний шаардлагыг биелүүлчихвэл бид газын төхөөрөмжөө тавиад өгнө. Яагаад ингэж байна гэхээр гэрээ дулаалсан, дулаалаагүй айлын хэрэглээнд маш том зөрүү гарна.

-Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний үйлдвэр байгуулаад, бид бүгдээрээ асуудлыг нь ойлгосон. Шийдэж чадаагүй асар хэмжээний зардал гарсан. Мэдээж тодорхой хэмжээний ахиц гарсан. Түүнийг үгүйсгэхгүй. Одоо энэ газтай холбоотой асуудлыг төр дахин нэг төрийн өмчит компани байгуулаад хариуцаад аваад явахаар байна уу. Бодлогын хувьд ААН-үүдээр яаж хийлгэхээр байна вэ?

-Би Монголын газны холбооныхонтой 2-3 удаа уулзсан. Амьдрал, ярих хоёрын хооронд маш том зөрүү байдаг. Би талийгаач Баатаржав гуайг ч гэсэн та аль нэг дүүргийг хариуцаад хийгээч гэж уулзсан. Горгаз, Юнигаз, Дашваанжил ХХК гээд бүгдтэй нь уулзсан. Импортлогч компаниудын хувьд нийслэлийн хэмжээнд 50-100 мянган айлыг хангах, сүлжээ, хүн хүчний хувьд хүрэлцэхгүй гэдгээ өөрсдөө хэлсэн. Эхний ээлжийн Pilot төслийн айлуудаа та нар өөрсдөө ханга гэсэн. Хоёрдугаарт, үнийн хувьд хэрэглэгчдэд дөхөм байх ёстой. Одоо гадуур 1 кг LPG-г 3000-4000 төгрөгөөр зарж байгаа. Пропан хольц багатай, бутан ихтэйг. Бид 1 кг-ыг нь 2900 төгрөгөөр өгч байгаа. Нэг жижиг нэгж байгуулсан. Яагаад гэвэл Pilot төслийн айлуудын хангалт тасалдалгүй явж байх ёстой. Эрхүүгээс худалдааны гэрээ хийчихсэн явж байна. 50 мянган айлд нийлүүлье гэвэл нийслэл дангаараа дийлэхгүй. Бүх ААН нийлээд ч дийлэх үү гэдэг асуудал руу орно. Сайн зүйл нь хэрвээ бид дахин нэмээд 50 мянган айлыг холбочих юм бол Улаанбаатар хот утаагүйтэй адил болно.

"Автомашинууд бензинээ А95 болгож байж агаарын бохирдол буурна"

Одоо ажлаа хийхгүй хэдэн байгууллага нь төрийн байгууллагууд байна. Яамд, тэдгээрийн харьяа уурын зуухнууд байна. Батлан хамгаалах яамны харьяа, Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа, Боловсролын яамны харьяа, Эрүүл мэндийн яамны харьяа уурын зуухнууд байна. Би засаг дээр тэмдэглэл, тогтоол гаргуулсан. Яг төсөв дээр бидний хийх ёстой агаарын бохирдол руу хийх ёстой зүйл биш тэр ч тойргийн юм, энэ ч тойргийн юм гэх байдлаар хаягдчихсан. Өнөөдөрхөн би гадны газан плитка хийдэг компанийн төлөөллүүдтэй уулзлаа. Тэд дараа төлбөрт нөхцлөөр нийслэлийн 174 уурын зуухыг газаар сольж өгөхөд бэлэн байна гэсэн. Нөгөө ААН-үүд нь урсгал зардлыг хэн хариуцах вэ гээд байгаа. Нүүрснээс зөрчхөж байгаа шүү дээ. Агаарын бохирдолтой тэмцье гэвэл бүх шатандаа л цуг явах хэрэгтэй. Энэ ганцхан Нямбаатарын юм биш байхгүй юу. Автомашинууд бензинээ А95 болгож байж агаарын бохирдол буурна.

-Шийдвэр гарчихсан байсан уу?

-Гарсан. Манайх шиг төв суурин газраа АИ-92 хэрэглэж байгаа улс бараг байхгүй.

-Бид цаашид газ руу шилжээд явах нь зүйн хэрэг. Энэ газтай холбоотой үнэ өртгийн асуудлыг төрийн байгууллага байгуулж хөнгөлөлттэй үнээр өгөхгүйгээр ААН-үүд өөрсдөө хариуцаад аваад яв гэхээр чадахааргүй байна уу?

-Бид бодитой яримаар байна. Монгол Улс хүний нөөцийн гүнзгий дутагдалд орчихсон. Үнээний фирмд ч ажиллах хүн байхгүй. Газын компанид ч түгээлт хийгээд ажиллах хүн байхгүй. 2000 хүнтэй ажиллаж байсан Тавантолгойн түлш компанийг одоо 600 хүнтэй болгочихсон. Би очоод 1400 хүнийг нь чөлөөлчихсөн. Тэр цомхотголд орсон хүмүүсээсээ түгээлтийн жижигхэн 30 хүнтэй компани байгуулаад, өвлийн хүйтэнд айлуудын түгээлтийг зогсоохгүй ажиллаад явж байна. Цаашдаа том болохын хэрээр ААН-үүдийг татан оролцуулахаас өөр аргагүй. ААН-үүдэд таалагдах үнэ цэнээрээ өрсөлдөх боломжийг олгоно гэж үзэж байгаа.

Нэг зүйл нэмээд хэлье. Намайг хотын дарга болоход манай Хот нийтийн аж ахуйн тариф 2008 оны тарифаараа явж байсан. Тэгээд хүмүүс шүүмжилдэг шүү дээ. Портер дээрээс давс, элс гараараа цацдаг. Давс, хужрын хэрүүл хийдэг байлаа. Энэ өвөл яасан. Энэ өвөл хүйтэрсэн үү, хүйтэрсэн. Энэ өвөл их цас орсон уу, орсон. Энэ өвөл халтиргаа үүссэн үү, үүсээгүй. Яасан би тарифыг нэмсэн. Өөрөөр хэлбэл, тэр тохижилт үйлчилгээний компани өөрийнхөө ашиг орлогыг олох хэмжээний тарифтай байх ёстой. Хот нийтийн аж ахуйг дэмжих сангаас бүх тоног төхөөрөмжийг шинэчилж өгсөн. Одоо ТҮК-ий нэг нь ч надтай нэг ч хүрзний маргаан хийх эрхгүй болсон. Би бүх тоног төхөөрөмжийг нь шинэчилж өгсөн. Дээр нь олон улсын иргэний нисэхэд тавьдаг шаардлагаар нисэхийн бууж, суух зурваст цацдаг байгаль орчинд ээлтэй бодисыг импортолж оруулж ирээд бүх компаниудад тарааж өгсөн. Түүнийг цацахаар -40 хэм байсан ч хайлдаг. Би нэг зүйл дээр санал нэгддэг. Аливаа юм өөрөө зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Нэг сайн зүйл гарсан. ТҮК-д ажиллах хүн олдоггүй байсан. Одоо ТҮК-ийн аль ч байгууллагад ажилд оръё гэсэн өргөдлөөр дүүрсэн. Өөрөөр хэлбэл, сайн цалин амлаж чадаж байгаа газар ажиллах хүч ирж байна.

-Тавантолгойн түлш ХХК одоо байхгүй болж байгаа юм байна. Тийм үү?

-Ер нь алсдаа байхгүй болно.

-Түүн дээр асар их хулгай зэлгий яригдаад, та бид хоёрыг ярилцлага хийхийн өмнө Ерөнхийлөгч дуудаад, бөөн асуудал үүсээд байсан. Тэр асуудал цэгцэрсэн үү. Маш их дүнтэй мөнгөний асуудлууд юу болов. Нүдээ аниад л өнгөрөх юм уу?

-Бид хууль хяналтын байгууллагад шилжүүлж өгөөд л байгаа шүү дээ. Хамгийн сүүлд борлуулалттай холбоотой өчнөөн зуун сая төгрөгийн асуудал дотоод аудитаар илэрсэн.

-Яаж зувчуулсан байх вэ?

-Бичилт хийхдээ л буруу бичээд яваад байсан юм байна лээ. Бичилтээр бол бэлэн барааны агуулахад үлдэгдэл байх ёстой биз дээ. Сая бид бүх нүүрсийг нь шавхаад ирэнгүүт санхүүгийн зөрчил илэрсэн. Энэ долоо хоногт бас Эрүүгийн цагдаа руу шилжүүлж байгаа. Тэр байгууллагын санхүүгийн зөрчил гэж нэлээд юм бий. Түүнийг би ч биш Улсын ерөнхий аудитор Д.Загджав УИХ-ын чуулганы эндэр дээрээс хэлсэн. Ерөнхий аудитор тэр асуудлаа бас хууль хяналтын байгууллагад хүлээлгэж өгсөн байх. Ер нь цаашдаа бид нүүрс хиймээргүй байгаа юм. Нүүрснийхээ стандартыг тавьж өгөөд хувийн секторууд л хийнэ биз. Айл өрхүүд өөрсдөө л өвөлжилтийнхөө бэлтгэлийг хангах ёстой шүү дээ. Биднийг хүүхэд байхад айл өрхүүд өөрсдөө нүүрсээ татаж аваад, хагалаад бэлддэг л байсан. Одоо үүдэнд нь аваачаад, 20 мянган төгрөгийн үнэтэй нүүрсийг 5000 төгрөгөөр өгөөд, загнуулаад л сууж байна шүү дээ. Бид ирэх жил тендер зарлаж үзье гэж бодож байгаа. Дотоодын ААН-үүд дунд стандарт тавиад, энэ ондоо багтааж эхнээсээ бүтээгдэхүүн гаргах компанитай хамтран ажиллая. Зоригтой тэр төсөл рүү хөрөнгө оруулаад хагас кокс нүүрс хийх аж ахуйн нэгжүүдийн дунд тендер зарлахаар бэлтгээд бараг дуусаж байна. Чадвал цагаан сарын өмнө тендерээ зарлана. Тэгээд ирээдүйд барих үйлдвэр дээр нь хэлцэл хийж явъя гэсэн байдалтай л үзэж байна.

-Та шийдвэр гаргаад манайд хийх боломжтой кокс нүүрсийг асар өндөр үнэтэй замын зардал шингээгээд, хятадын нэлээд өмнөд талын мужаас татаж оруулж ирээд тараачихлаа гэдэг зүйл явсан. Яагаад тийм шийдэл гарсан юм бэ. Шалтгаан нь юу вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хагас кокс руу шилжвэл агаарын бохирдол буурна гэсэн эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр хотод даалгасан. Энэ хорооны шийдвэрийг Хотын дарга миний бие биелүүлсэн. Хоёрдугаарт, олон юм ярьдаг хүмүүст хандаж би нэг зүйл хэлмээр байгаа юм. Ам нь ажилладаг, хуруугаа хөдөлгөдөггүй. Нүүрс пиролизийн үйлдвэрийнхээ учрыг ч мэдэхгүй. Тийм л сайн байсан юм бол энэ олон жилд ганц үйлдвэр барьчихгүй яасан юм бэ. Чадаагүй шүү дээ. Одоо харин бид барих гэж байна. Шулуухан хэлэхэд үүнийг олон нийтэд туршсан. Тэгээд ямар ч байсан үр дүн нь гарч байна. Ядаж гадаа хүүхэд тоглоход цас цагаанаараа байдаг болчхоод байна. Тас хар цастай газар байхаа больсон. Хүнд элементүүдийг нь бүгдийг нь чанаад, жигнээд авчихсан. Давирхайг нь салгачихсан. Энэ нүүрс ямар ч байсан энэ жил агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулсан. Үүнтэй хэн ч маргахгүй. Яах вэ, зориуд гүтгэдэг, дайрдаг тэр нөхөд байх. Монголын сайхан нүүрс дээрээ үйлдвэр барих ёстой байсан. Монголын гоё нүүрсээ хэрэглэх байсан юм гэнэ. Тийм сайн байсан юм бол энэ олон ААН-үүд, энэ олон үйлдвэрүүд тэгээд хийхгүй яасан юм бэ. Одоо хийх гээд төр хувийн хэвшлийн түншлэл зарлаж байна шүү дээ. Түүнийхээ дагуу тендер зарлаж байна. Энэ жилийн 12 дугаар сард багтаж эхний бүтээгдэхүүн гарах нөхцөлтэй зарлая гэж бодоод байгаа. Чаддаггүй юм аа гэхэд ирэх жилийн хавар ашиглалтад орохоор байх ёстой. Маш олон үйлдвэртэй танилцаад л яваад байгаа. 2 сая тонн сайн чанарын шигшсэн Багануурын нүүрсийг хэрэглэж байж 1 сая тонн хагас кокс нүүрс гарна шүү дээ. Хагас кокс гаргахад манай улсын дизель түлш хэрэглээний 25-30 хувийг дагалдахаар гаргах юм байна лээ. Нэмээд LMG буюу байгалийн хий гарах юм байна лээ. Цаана нь жаахан хаягдал гарахаар ТЭЗҮ гарсан.

-Ирэх жил тэгэхээр дахин худалдан авалт хийгдэх юм уу?

-Ямар ч байсан тендерээ зарлана. Давхар цөөн тоогоор худалдаж авах гэсэн хоёр сувагтайгаар явахгүй бол ирэх өвөл хөлдөөж болохгүй.

-2027 оны намар гэхэд бид шинэ үйлдвэртэй болох нь ээ?

-Хэрвээ төр хувийн хэвшил энэ хавартаа гэрээлчих юм бол ямар ч асуудалгүй 2028 онд шилжих өвөлд орчихно. Гаднынхан бидний эрсдэл хуваах урьдчилгаа төлбөр хэдэн хувь байх вэ гэсэн зүйл ярьж байна. Олон улсад ихэвчлэн 30 хувь орчим байдаг. Сая ТЭЦ-5 дээр 20 хувиар эрсдэл хуваах урьдчилгаа төлбөр хийсэн. Үүн дээр бол эрсдэлээ харж байгаа.

-Сонирхож байгаа улсууд нь ямар улсууд байна вэ?

-Хятадын хими пиролизийн хэдэн үйлдвэрийн энд байдаг төлөөлөгчид уулзаад л байна. Үндэсний хэмжээний хамгийн том компаниуд ч гэсэн сонирхож уулзаж байгаа. Гол нь мөнгөтэй хүн л хийнэ шүү дээ. Жишээ нь, "Эрдэнэс монгол"-ын хийлгэсэн 500 мянган тн кокс гаргах үйлдвэрийн ТЭЗҮ 200 сая ам.доллар болсон. 1 сая тн гэхээр ТЭЗҮ нь 400 сая ам.доллар болох байх. Нэмэгдээд л явна.

-ТЭЦ-5-ын гэрээгээ хийчихсэн үү?

-Хийчихсэн.

-Тэр компани нь хэзээ ашиглалтад оруулахаар тохирсон бэ. Мөн хувь эзэмшлийг яаж хийхээр гэрээлэв?

-"Mitime international"-тэй төр хувийн хэвшлийн гэрээ хийсэн. Түншлэлийг эзэмшиж байгаа. 2028 оны хоёрдугаар сарын 15-нд эхний 150 мвт-ын блокийг ашиглалтад оруулна. 2028 оны тавдугаар сард хоёрдугаар блок 150 мвт хүчин чадалтай станц байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Геодез, өрөмдлөгийн ажил хоёрдугаар сарын 17-нд буюу ирэх нэг дэх өдөр дуусаж байгаа. Геологийн тайлангууд урагшаа явж байгаа. Газар чөлөөлөлтөд ганцхан ААН үлдсэн. Түүнтэй дөрөв дэх өдөр /өнөөдөр уулзалт хийхээр тохирсон. Нэг л аж ахуйн нэгж үлдсэн. Шүүхийн маргаантай. Олон оролцогчтой. Тэрний учир олдчих байх. Хоёрдугаар сарын сүүлээр үнсээ зөөж эхэлнэ. Байршлын хувьд үнсэн сан дээр байгуулах гэж байгаа шүү дээ. ТЭЦ-2-ын үнсэн сан. Сүүлийн 65 жил үнс хаясан. Сая намар өөр тийш нь үнсээ хаядаг болгочихсон. ТЭЦ-4-тэй нэгтгэсэн. Морингийн даваанд үнсийг булшлах газар бэлтгэчихсэн. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Трансформатор, зуух, генератор, турбиныг захиалчихсан.

"Манай эрхэм хүндэт улстөрчид сүүлийн 36 жил популимз хийсэн"

-ТЭЦ-5 гэх мэт цахилгаан дулааны асуудал уг нь хариуцсан сайдтай шүү дээ. Яагаад нийслэл ороод ирэв. Ямар асуудал байна вэ?

-Би оролцохгүй байж болно. Тэгээд юу өөрчлөгдөх вэ. Бөөрөлжүүтэд бид 300-гаад тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан олгож, хөрөнгө оруулалт хийж байж 300 мвт цахилгаан станцыг ашиглалтад орууллаа. Багануурт 50 мвт станцыг хот барилаа. Нийлээд 350 мвт цахилгаан төвийн эрчим хүчний системд нийлүүлж өглөө. Жил болгон хүн ам, эдийн засаг өсөж байна. Жил бүр 11-14 хувиар эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа. Манай эрхэм хүндэт улстөрчид сүүлийн 36 жил популимз хийсэн. Үр дүн нь нэг ч дулааны цахилгаан станц бариагүй. Камер харахаараа гоё зүйл ярьдаг. Станц ерөөсөө бариагүй. Би 2023 оны арванхоёрдугаар сард хотын дарга болсныхоо дараа гэр хорооллыг орон сууцжуулах, автозамын түгжрэлийг бууруулах анхдагч хуулийн төслийг өргөн барихтай цуг хот эрчим хүчний асуудал, дулаан хангамжийн асуудалд оролцох салбарын хуулиудад зохицуулалт хийсэн. Нэмээд төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд эрчим хүч, дэд бүтцэд төр хувийн хэвшлийн түншлэл хийх өөрчлөлт оруулсан. Тэр эрхийнхээ хүрээнд бид ТЭЦ-5 төслийг маш богино хугацаанд сая гараанаас нь гаргалаа. ТЭЦ-5-ын яриа бүр 1986-1987 оноос эхэлсэн юм байна лээ. Энэ чинь мөнгө нь шийдэгдчихсэн шүү дээ. Японоос эх үүсвэр нь шийдэгдсэн байж байгаад манай нөгөө талцал хуваагдал, 2000-аад оны үеийн, 2010-аад оны үеийн Мояа, Хуяа үзлийн өрсөлдөөнүүдээс болоод хойшилсон. Тэгээд тарифыг нь борцолж өгөөд, бүх оролцогчдыг нь хөөж гаргаад, эцсийн дүндээ лаа барих түвшинд очсон. Харин Бөөрөлжүүт, Багануурын цахилгаан станцууд ашиглалтад ороогүй бол энэ өвөл бүр илүү тасрах байсан. Сая Бөөрөлжүүтэд жаахан алдаа гарсан. ТЭЦ-4-ийн зуухнууд гэмтсэн. Яг үнэндээ ТЭЦ-3, ТЭЦ-4 мина дээр суучихсан явж байгаа шүү дээ. Бүх зуухнууд нь 40 жил, 60 жил болчихсон. Хэзээ дэлбэрэх нь тодорхойгүй мина дээр 2 сая хүнтэй хот явж байгаа шүү. Яаралтай тарифтаа өөрчлөлт оруулж, эх үүсвэрүүдээ нэмэгдүүлж, шинэчилмээр байна. Миний санаагаар болдог бол ТЭЦ-3-аа хааж унтрааж, хотын төвд станц байлгахгүй иргэний суурьшлын бүс болгох ёстой гэж боддог юм. Ер нь бид эрчим хүчнийхээ үндсэн философид өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ Хрущёвко гэдэг загвар. Хрущёвын үеийн нийтээр нь хуарагнуулж, орон сууцжуулаад хажууд нь нэг том станц бариад бүгдийг нь халаадаг тогтолцоо. Гадны улс орнууд бие даасан эх үүсвэрүүдээр хотхон, хотхонд нь шийдэж явдаг. Манайх шиг хотын төвдөө нүүрсний станцтай, тэр нь тойроод 16 давхар орон сууц баригдсан хот байхгүй. Дулааны маш олон шийдэл бий болчихсон. Бид азаар Багануурт станц барих ордтой. Тэндээсээ 500-гийн хос шугамаар эрчим хүчээ дамжуулаад, дулааныхаа асуудлыг байгаль орчинд ээлтэй хитпамп байх уу, LMG байх уу, газрын гүний дулаанаар шийдэх үү. Дэлхий нийтэд маш олон технологиуд нь хэрэгжиж байна. Би өөрөө ч их сониуч хүн юм. Энэ болгоны ихэнхтэй нь танилцаад явж байна. Яармагт хитпамп, LMG хосолсон шинэ хотхоны шийдэл гаргачихсан энэ өвлийг давж байна. Гадаа дулаан байх тусам хэрэглээ бага. Хитпампаараа голцуу ажилладаг. -25-аас дээш гараад ирэнгүүт LMG залгагдаж байгаа юм. Тэгэхээр ТЭЦ-5-ыг нүүрсний станцынхаа хувьд сүүлчийнх байх болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага өөр болсон. Финляндад нэг жижигхэн хотыг тэр чигт нь элсэн станцаар халааж байна. Би очиж үзэх юм сан гэж бодох юм. Даанч бөгс өндийх завгүй л байна.

-Манайх нэг том станцаар бүхнийг шийднэ гээд л бүтэхгүй байх шинжтэй. Бага оврын станцаар тархмал байдлаар шийдээд явж болохгүй юм уу?

-Бид түүнийг хийж байна шүү дээ. Өнөөдөр би гаднынхантай уулзлаа. 93 мвт-ын газ, hybrid холимог станцын тендер зарлах гээд ТЭЗҮ-ийг нь боловсруулаад явж байна. Дамбадаржаад тархмал наймдугаар сард ашиглалтад орно. Сэлбэд нэг жижиг станц байдаг шүү дээ. Хан Хийлсийн хажууд 63 мвт-ын тархмал дулааны станц барина. Угаасаа тэгж хийхгүй бол манайд ТЭЦ-6, 7, 8 бариад ч дамжуулах шугамын транс байхгүй болчихсон.

-Нөгөө талдаа шинэ барилгууд бариад ашиглалтад оруулаад байх юм. Дулаан, цахилгаанаа ямар бодлогоор өгдөг юм бэ. Би танай нам дээр мушгиж байгаа юм биш шүү. Танай намд хамгийн их барилгатай Чойжилсүрэн гээд хүн байна. Барилга бариад л байна. Дулаан өгөөд л байна. Гэтэл хотод нь дулаан нь хүрэлцэхгүй байгаа шүү дээ?

-Яагаад ийм цөөхөн эх үүсвэртэй мөртлөө ингээд явж байна гэхээр 2000-гаад оны дундуур Улаанбаатар дулааны шугам сүлжээнд байсан хэдэн нэр бүхий инженерүүдийн санаачилгаар ялтсан солилцуурын технологи нэвтэрснээр дулааны чадлын хүртээмжийг нэмэгдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт контороос гарч байгаа халуун усан дээр шүргэлцэж гарч байгаа ялтсан солилцуураар цаашаа дулааныг дахин нэмэгдүүлж өгч байгаа ийм л технологи. Дээр нь Амгалангийн дулааны станц гээд том чадлын станцыг Э.Бат-Үүл даргын үед барьсан. Түүний дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед том өргөтгөл хийсэн. Зүүн талдаа Амгалангийн дулааны станцыг дахин нэг өргөтгөчихвөл Улаанбаатар хотын Зүүн дөрвөн замаас зүүн тийш очих чадал маш томоор нэмэгдээд ТЭЦ-3, 4-ийн бусад руу өгч байгаа чадлыг хуваарилах боломжтой. Хойд бүсэд тархмал хэдэн станц шийдэгдээд, ТЭЦ-5 баригдаад, Яармаг орчимд нэг тархмал барьчихвал ойрын үедээ барилгажих боломжууд нэмэгдэж эхэлнэ.

-Хот дээр болон доор гэсэн хоёр байгаа. Тэр дор нэг шугам сүлжээ задрахад л бид яах вэ гэдэг нөхцөл байдал руу очно. Тийшээ ямар анхаарал хандуулж байна вэ?

-Энд 1985 оны үеийн шугам сүлжээнүүд байгаа. Газарт булчихсан. Үе үе ер нь аваар гараад л байгаа шүү дээ. Гадны зээл тусламжаар том шугамуудаа шинэчлээд явж байна. Драмын театрын орчимд ноднин баахан ухаад л намайг хүмүүс баахан л харааж, ерөөсөн дөө. Том шугам сольсон. 2А гэдэг шугам солигдоод, энэ жил цааш үргэлжлээд Багшийн дээдийн тийш явах юм. Одоо 11А, 11Г гээд шугам Сонгинохайрханаас Талх чихрийн тийш очихоор шугам шинэчлэлийн ажил хийгдэнэ. Жил бүр шат дараатай шугамуудаа шинэчлээд явж байгаа. Бид чинь хотоороо хотын байгууламж бариагүй ард түмэн. Зүгээр газар ухаад лотги тавиад, турба тавиад дээрээс нь дэвсээд явчихсан. Хотынхоо доогуур туннелийн байгууламжууд барьсан улсууд шал ондоо. Газар дээрхээ хөндөх ямар ч шаардлагагүй доороосоо сольдог. Манайд чинь саяхнаас буюу 1954 оноос хотын ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Ингээд 70 жил л болж байна. Тэгсэн анх төлөвлөсөн хот нь 6, 7 удаа төлөвлөгөөгөө өөрчилсөн. 500 мянган хүнээр төлөвлөсөн хот нь одоо 2 сая хүнтэй. Өөрөөр хэлбэл, 4 дахин их ачаалал аваад явж байгаа. Бидний сонгуулийн мөрийн хөтөлбөрт шинэ Улаанбаатарыг хамтдаа бүтээе гэсэн автозамын байгууламжаа ч шинэ төлөвлөлтөөр хийе. Инженер хангамжийнхаа байгууламжийг ч тархмал эх үүсвэр рүү шилжүүлье гэдэг ийм чиглэл рүү орохоор эхнээсээ зориод явж л байна.

"Хотыг бүс болгож хуваагаад төлбөртэй болгох саналыг УИХ руу оруулсан ч сонгуулийн өмнө галтай шийдвэр гаргаж болохгүй гээд больчихсон"

-Хотыг бүс болгож хуваагаад төлбөртэй болгоё гэдэг зүйл яригдсан. Тэр яагаад орхигдов?

-Их хурал дээр дийлээгүй шүү дээ. Бүсчилсэн татвар уу. Түүнийг чинь бид бүсийг нь зураад, бүс рүү орох зогсоолыг нь бэлтгэчхээд УИХ руу оруулсан. Сонгуулийн өмнө ийм галтай шийдвэр гаргаж болохгүй гээд л больчихсон шүү дээ. Би өөрөө одоо хууль тогтоогч биш болчихсон. Галтай шийдвэр хамгийн их гаргасан гэвэл би гаргасан. Монгол Улсын автомашины импортыг зогсоох олон шийдвэрийг би гаргасан.

-Тоон мэдээллээ та тодорхой хэлээд өгөөч?

-Нэгдүгээрт, дугаар олголтыг хязгаарлаж зогсоосон. Хоёрдугаарт, 10-аас дээш жилийн насжилттай машиныг хүнээс дугаар авсан ч бүртгэхгүй гэдэг журам үйлчлээд 6 сар болж байна. Жилд дунджаар 100-140 мянган автомашин Монгол Улс сүүлийн жилүүдэд импортолжээ. Өнгөрсөн жил энэ тоондоо хүрээгүй. 60 мянга гэсэн байх. Энэ жил энэ тоо бүр багасна. Яагаад гэвэл Улаанбаатар хотод хуучин приус зарахаа больж байна. Тэдгээр машинууд хөдөө очсон. Аймгийн төвүүд бүгд техникийн захтай болж байгаа. Эдийн засаг нь тааруу байсан учраас төр нь нийтийн тээврийнхээ хөгжлийг 2009 ондоо орхичихсон. Үүнд төрийг буруутгах аргагүй. С.Баяр даргын үед 400 автобус авчраад хүмүүст зээлээр өгсөн. Нөгөө ААН-үүд нь одоо болтол зээлээ эргэж төлөөгүй. Түүнээс хойш нэг ч парк шинэчлэл хийгээгүй. С.Амарсайхан, Д.Сумъяабазар гэдэг хүмүүсийн үед парк шинэчлэл эхэлсэн. Сая бид дуусгалаа. Ойрын 7, 8 жилдээ хот нэг ч шинэ автобус авахгүй. Харин трамвайн нэгдүгээр чиглэл ашиглалтад орохоор шугамд явж байсан автобусуудыг хөдөө аймгуудад лизингээр өгнө. Түрээсэлнэ.

-Трамвай хэзээ ашиглалтад орох вэ?

-3, 4 сард гэрээгээ хийж чадвал 2 жилийн дотор ашиглалтад орчихно.

-Ямар үр дүн гарах вэ. Ямар тооцооллоор хийсэн юм бэ?

-Трамвай цагаар явна. LRT трамвай хоёр яг ижилхэн. Хөнгөн галт тэрэг. Нэгдүгээрт, 5 минут тутамд цагаараа явна. Хоёрдугаарт, масс авна. Ачаалал ихтэй үед 3-4 вагон нийлүүлээд, залгаад явчихна. Хүн багатай үед вагоноо багасгачихна. Ийм уян хатан. Тэгээд зогсоол олон байна. Энхтайвны гүүрний зүүн талаар том даацын вагон гарах гүүр барих ажил энэ жилийн хамгийн чухал ажил. Үүн дээр хурдан металл хийцтэй байвал яасан юм бэ гэсэн ТЭЗҮ дээр гурван төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэнгүүт ухна ишигний зовлонг ойлгохгүй гэдэг шиг трамвайн гүүрийг байгуулчхаад эхний ээлжид рейс тавихгүй. Үүн дээгүүр түр хучилт хийж байгаад Энхтайвны гүүрийг хаана.

-Машин явуулахгүй гэсэн үг үү?

-Тийм. Яагаад гэвэл Энхтайвны гүүрийг Мэргэжлийн хяналт насжилт хэтэрсэн гээд дүгнэлт гаргачихсан. Машин явуулах гүүр барихгүйгээр хаачихвал ард түмэн босоод аюул болно шүү дээ. Тэр хооронд ачааллаа аваад, Энхтайвны гүүрний капитал засварыг хийчхээд, Энхтайвны гүүр бэлэн болонгуут рейсээ шилжүүлнэ. Тэр хооронд трамвайн гүүрний холбоо дохиолол нь хийгдчихнэ. Сүхбаатарын талбайд трамвайн зогсоолоо газар доор хийе гэсэн шийдэлтэй явж байгаа. 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах нь зөв байх гээд Цагаан сарын дараа манай төслийн багийнхан гадны улс орны үнэ ханшийн харьцуулах судалгаа хийх ажилтай. Тендерээ гуравдугаар сарын эхний долоо хоногт зарлачихна.

-Метроны төсөл ямар шатандаа яваа вэ. Хэзээ бид метротой болохоор байна вэ?

-Метроны төслийг хоёр багц болгоод 1.9 тэрбум ам.долларын өртөгтэй нэг шугамаа "EPCF гэдэг нөхцлөөр санхүүжилтийн 85 хувиа гадны санхүүжүүлэгч банк орж ирээч. Бид Засгийн газрын баталгаа өгье" гэдэг нөхцлөөр зарласан. Дөрөвдүгээр сарын 1-нд нээгдэнэ. Үлдсэн 500 сая гаруй ам.долларын багц буюу 25 дугаар эмийн сангаас цааших багцыг олон улсын санхүүгийн байгууллагууд, тэр дундаа EBRT-ийн нөхцлийг хүлээн авч, EBRT-ийн хөгжлийн зээлээр санхүүжүүлье гээд одоо шалгалт, дүн төлөвлөлтийн ажлууд хийгдээд явж байна.

-Туулын хурдны зам гээд төсөл эхлүүлж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч нь хятадын компани байсан уу?

-Хонгконгийн компани.

"Энэ жил би хуцаж байгаа болгон руу чулуу шидэхгүй явъя гэж бодож байгаа"

-1 км замыг нь өндөр дүнтэй барьж байна гэдэг дүгнэлтийг АНУ-д байдаг судлаач харьцуулаад хөндсөн. Яагаад ийм өндөр дүнтэй байгаа юм. Яагаад энэ зам хэрэгтэй байгаа юм бэ?

-Өмнөх дарга нар нь тэгвэл хийчихгүй яасан юм бэ. Би нэг зүйлийг шулуухан хэлье. Би нэг ч Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Олон улсын зөвлөх инженерийн холбооны фидик гэрээний силвербүүкээр манай Барилга хөгжлийн төв, Автозамын хөгжлийн төвийн экспертүүд хянасан дүнтэйгээр явж байгаа. Энэ зургаан эгнээ зам. 33 км-ийг зургаагаар үржүүлээд дандаа өндөр гүүрэн дээгүүр явж байгаа зам. Үүнийг өндөр дүнтэй гэж байгаа бол тэр экспертүүд, бид бүгд буруутъя. Нэг юм хийе гэхээр хажуугаас дандаа чулуу шиддэг. Энэ жил би хуцаж байгаа болгон руу чулуу шидэхгүй явъя гэж бодож байгаа. Хуцаж байгаа болгон руу чулуу шидээд байвал миний ажил урагшлахгүй. 33 км зургаан эгнээ замын 14 км нь дандаа гүүрэн дээгүүр явна. Гол дотор 20-30 м өндөр баганууд тавиад явна. Тэр судлаач гээд байгаа нөхөр чинь ирээд орох багана, тоо хэмжээ юмыг нь судалсан юм уу. Мэдэхгүй. Геологи хийж өрөмдсөн юм уу. Мэдэхгүй. Хэдүүлээ сургаар таамгаар хуучин нүүдэлчин зангаараа асуудалд хандахгүй баримт бариад гаргаж ир. Би бүх ТЭЗҮ-г нээлттэй өгье. Геологийн дүгнэлтүүдийг өгье. Туул голын сүүлийн 100 жилийн урсцын датаг өгье. Энэ болгоныг тооцож байж инженерүүд дүн гаргаж байгаа шүү дээ. Туулын хурдны замыг 2027 оны наадмаас өмнө зорчих хэсгийг нь хэсэгчилж нээхээр төлөвлөж байна.

-Жил гаруйн дараа гэсэн үг үү?

-Тийм. Энэ нээгдэхгүй нэг л нөхцөл бий. Манай нийслэлийн төсвийн орлого бүрдэхгүй тасалдаад, төвлөрсөн ч Сангийн яам манай төсвийг зарцуулахгүй хязгаарлаад байхгүй бол энэ хэсгийг нээнэ. Би Улаанбаатарчууддаа маш том амлалт өгч байна шүү дээ. Ирэх оны буюу 2027 оны долоодугаар сарын 1-нээс өмнө Туулын хурдны замын зорчих хэсгийг хэсэгчлэн нээж зорчуулна.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлд оноо олгох гэдэг зүйл байгаа. Үүний журмыг хэзээ батлах вэ. Журам яаж гарах вэ?

-Гуравдугаар сард батална. Дэлхий нийт, хотууд эко байх тренд болоод байгаа. Гэхдээ бид нэг онцлогтой. Асар хүйтэн хотод амьдардаг. Эрс тэс уур амьсгалтай. Гадны зөөлөн уур амьсгалтай хотын онооны системтэй ерөнхийдөө ойролцоо. Гэхдээ бид ингэж байгаа. Чи алхвал, дугуйгаар явбал, автобусаар явбал, магадгүй скүүтерээр явбал чамд оноо өгье. Оноо нь ялгамжтай шүү дээ. Мэдээж алхсан хүнд илүү оноо өгнө. Хотын төвд мэдрэгчтэй хогийн сав байрлуулна. Тэдгээр хогийн саванд хогоо хаявал гэх мэтээр эерэг хандлагуудыг бид онооны системээр урамшуулаад, тэр хүнийг хогных нь төлбөрөөс чөлөөлдөг юм уу, цахилгааных нь төлбөрөөс хөнгөлөлт үзүүлдэг юм уу. Ийм мотаваци л өгье гэж байгаа юм.

-Тэр өгөх оноогоо юугаар, яаж хэмжих юм бэ?

-Хотулаг татчих л гэж байгаа. Хотула апплейкэйшнийг татахаар өөрөө google map шиг тракаа үүсгээд явна. Түүгээрээ урамшуулаад л явна. Бид хэзээ ч хүний боловсруулаагүй мэдээллийг ашиглахгүй. Мэдээлэл нь цаашаа боловсруулагдаад л энэ хүн тэдэн км алхсан байна гээд л гараад ирнэ. Хотула өөрөө тийм л онцлогтой. Хотулаг ер нь паблик болгоё гэж бодож байна. Нээлттэй компани. Тэгээд засаглалыг нь нээлттэй болгоё. Үндэсний платформ болгож хөгжүүлье. Хэдүүлээ 600 сая ам.доллар бие биеэ муулуулахын тулд фэйсбүүкэд төлж байна шүү дээ. Энэ аймар мөнгө шүү. 600 сая ам.доллар гэдэг чинь ТЭЦ-5-ыг барих мөнгө.

-Оны өмнө 77 тэрбум төгрөгөөр такси оруулж ирээд таксины үйлчилгээ эрхлэх 4 компанид өгнө гэсэн зүйл яригдсан. Төр заавал үүнд оролцож мөнгө гаргах хэрэг байна уу?

-Стандарт нь аль эрт батлагдчихсан. Хэрэгжихгүй байгаа юм. Женко ч бил үү, шар такси оруулж ирээд Голомт банканд өрөнд ороод тэр төсөл дампуурсан. Үүнээс хойш такси үйлчилгээ зогссон. Жуулчдад баталгаат такси үйлчилгээ байна уу, байхгүй. Үнэр танар, асуудал их шүү дээ. Компаниудыг зөндөө гуйж байгаа. Шинэчлэл хийгээч, стандартаа бариач гээд. Тэдэнд ямар ч хөрөнгийн эх үүсвэр байхгүй. Яагаад тэгсэн гэхээр НИТХ-ын хурлаар тарифыг хэлэлцсэн. 1 км нь 1500 төгрөг байна гэсэн ч бас хэрэгжээгүй. Тэгээд ийм орчин үүссэн. Бид хийхгүй байж болно. Юу ч өөрчлөгдөхгүй. Өөрсдөө хүсэлтээ тавиад, холбоогоороо уламжлаад, санхүүгийн дэмжлэг үзүүлээч гээд ирсэн. Сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хүнсний хувьсгал хөтөлбөр хэрэгжсэн. Яасан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Үр дүн нь яасан 30 гаруй шинэ үйлдвэр бий болж байна шүү дээ. Хүнсний хувьсгал хэрэгжээгүй бол энэ үйлдвэрүүд ашиглалтад орох байсан юм уу.

-Та 2028 онд нэр дэвшинэ гээд хэлэх шиг болно лээ. Хотын даргаа үргэлжлүүлж хийхгүй гэдэг агуулга байна уу. Төслүүд нь бүрэн дууссан байх юм уу?

-Тэр үед Баянгол дүүргийн ХҮН-аас дэвшсэн нөхөр байдаг шүү дээ. Хэн билээ?

-Золжаргал.

-Сая тэр чинь намаа бас сольчихсон уу?

-Тэгсэн.

-Тэр нөхөр кокс нүүрсийг шүүмжлээд, Тавантолгойгоор дүүрэн ТЭЗҮ хийж шахсан нөхөр л юм билээ л дээ. Мөнгө хийдэг нөхөд байдаг даа.

-Тэгсэн юм уу?

-Тийм.

"Ж.Золжаргал Халхын аль ч хавтгайд нэр дэвшсэн бай, би тэнд нь очоод нэр дэвшихэд бэлэн"

-Түүнийг нь хууль хяналтын байгууллагад нь өгсөн үү?

-Үгүй ээ. Тэгээд шалгахгүй шүү дээ. Их хурлын гишүүн гээд шалгадаггүй. Хэдэн тэрбум төгрөгийн кокс нүүрс гэж үйлдвэрүүдэд хийж өгдөг хэдэн хүмүүс байдаг. Өөрийгөө инженер гэж ярьдаг. Сая хагас кокс оруулж иртэл шүүмжлээд, сүйд болоод, утаа ерөөсөө өөрчлөгдөхгүй гээд яриад байсан. Харин сүүлийн үед жаахан дуугүй болчхоод байна. Энэ нөхөр олон юм яриад байвал би өөрөө өөртөө эзэн байж чаддаг хүн. Аль тойрогт нэр дэвшинэ тэр тойрогт нь очно. Халхын аль ч хавтгайд би очоод Золжаргалыг дэвшсэн газар дэвшихэд бэлэн байгаа л гэж хэлсэн. Ийм хөгжлийн саадууд байна. Чи сайдуудаас ярилцлага авбал асуугаарай. Яамд болгон дээр өчнөөн мянган ТЭЗҮ байна. Баахан мөнгөөр хийлгэчихсэн. Ийм шахаа хийж явдаг нөхөд монголоор дүүрэн. Энд тэндхийн олон улсын хурал дээр очоод хамгийн нүүрний эгнээнд суучихна. Гарч ирж гоё юм ярьдаг. Ингэж гоё ярьдгаараа манай улс аль хэдийн хөгжчихсөн байгаа. Одоо хэдүүлээ ярихаа болиод зүгээр хийе.

-Шинэ намын дарга, шинэ Ерөнхий сайдтайгаа хэр ойлголцол сайтай байгаа вэ. Он гарснаас хойш таныг бие нь өвдөөд ажлаа өгөх гэж байна л гэх юм. Нямбаатарыг холдуулах гэж байна, Хотын даргаас нь чөлөөлөх гэж байна л гэх юм?

-Ордны ойрхон тауэруудад өрөө түрээсэлсэн хэдэн тролл багууд ажиллаж байгаа юм байна лээ. Ордны зүүн хойд талд, ордны эргэн тойрны оффисуудад зөвхөн Нямбаатарыг муулах, харлуулах багууд ажиллаж байгаа. Шалтгаан нь миний ажил төрлийг авъя гэдэг юм уу, намын даргыг авъя гэдэг бодол байгаа юм уу, мэдэхгүй. Монгол жижигхэн шүү. Би муу ч сайн ч ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан. Сүүлийн 10 жилд улс төрд хамгийн идэвхтэй байгаа хүний хувьд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай сайн ч муу ч хамгийн нээлттэй харилцдаг хүний хувьд мэдээллүүд орж ирдэг юм. Намайг зүрхэндээ хоёр стенд тавиулсан, харвах дөхсөн гээд зөндөө мэдээ гаргадаг. Би сүүлд миний даралт хэвийн байгаа гэж зарласан шүү дээ. Энд тэнд очиж бөөлүүлдэг юм уу, яадаг юм бүү мэд.

-Нямбаатарыг харвуулаад өгөөч гэж үү?

-Тэгдэг юм байлгүй. Бүү мэд. Сүүлийн үед бөөлүүлж их явдаг гэсэн. Манай зарим нэг улстөрчид. Би мэдэхгүй. Ямар ч байсан би цоо эрүүл байна. Яг одоогийн нөхцөл байдалд би хамрын ханиад шуухнаа хүрээд эдгэж байгаа. Сүүлд өдөр шөнөгүй явчихсан. Жаахан дархлаа унаад байх шиг байна. Түүнээс би энэ өвлийг хамрын ханиад ч хүрэлгүй давлаа.

Намын дарга Н.Учралтай ойр ойрхон уулзалт хийгээд ажлаа танилцуулаад явж байгаа. Г.Занданшатар дарга бид хоёр бараг өдөр болгон хамтран ажиллаж, мэдээллүүдээ солилцоод явж байна. Намын ерөнхий нарийн бичгийн даргатайгаа өчигдөр уулзаж, гуравдугаар сарын 1-нд болох намын ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар уулзаж, нийслэлд энэ өдрийг хэрхэн өнгөрүүлэх вэ гэдгээ ярьсан. Ерөнхийлөгчтэй хэд хоногийн өмнө уулзаж COP-17-ын ажлыг танилцуулсан.

-Улс төрийн нөхцөл байдал ажил хийхэд ямар байна вэ?

-Их хурал дээр нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар өгөөд яг 2 жил болж байна. Үүнээс болоод нийслэлийн маш олон ажил гацаад байж байна. 20:40 батлагдсаны дараа олон улсын зөвлөх үйлчилгээний тендер зарлах гэж байсан. Тэр нь Улаанбаатар хотыг 20:40-ийн дагуу хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөөг нь зуруулж, барилгажилтын төлөвлөгөөг нь зуруулаад, макет дизайныг нь батлуулах юм. Өөрөөр хэлбэл, NTV телевизийн урд талд энэ эдэлбэр дээр ийм хэмжээтэй, ийм байшин л барина, ийм өндөртэй байна гэдгийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөрөө бүгдийг нь батлуулж, түүнийгээ хууль мэт мөрдөнө. Түүнээс ерөнхий архитехторийн үзэмжээр зарим нь 20 давхар бариад, зарим 9 давхар, зарим нь 5 давхар барих биш. Хотоороо нэг ансамбльтай болох энэ ажил хүлээгдэж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын ландшафтын зураг хүлээгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний нэг хэсэг нь ландшафт.

-Нийслэлийн төсөв айхавтар нэмэгдлээ гээд байсан би татаж хартал энэ жил багассан байна лээ. Өнгөрсөн жилийнх 6 их наяд байсан. Энэ жил 3.2 их наяд байна лээ. Энэ мөнгөөр юу хийх вэ?

-Нийслэлийн төсвөөр энэ бүх ажлыг хийж чадахгүй шүү дээ. Үүний чинь бараг 2 их наяд нь 12 мянган хүний цалин хөлс, сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийн урсгал зардал, төрийн бүх байгууллагын халаалт дулаанд явчихна. Яагаад том төсөвтэй гээд байгаа гэхээр Сэлбийн бондын мөнгийг төсөвт аваачиж нааж нэмж яриад байгаа юм. Багануурт баригдсан 50 мвт станцын мөнгийг төсөв дээр нэмж яриад байгаа. Бөөрөлжүүлтэд оруулсан мөнгийг нэмдэг. Би ганцаараа мянга тайлбарлаж яриад яах юм бэ. Сүүлдээ ядарч байна. Ажил хийхээр л бүх юмыг буруутгана. Ямар сайндаа л үнэтэй оффисуудад хүмүүс суулгачхаад байна шүү дээ. Сошиалаар л ажил, амьдрал нь явах гээд л байдаг боллоо. Би яагаад сошиалд ингэж идэвхтэй байдаг гэхээр хийж байгаа ажлынхаа хагас хугасыг нь ч гэсэн олон нийтэд ойлгуулах юм сан гэж бодож байгаа.

-Монголын улс төр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр рүү далд хэлбэрээр шилжчихлээ. Удахгүй хавраас илэрнэ. 2027 оны улс төрийг та хэрхэн харж байна вэ?

-Нэгдүгээрт, би энэ жил 48 нас хүрнэ. Тиймээс 50 настнуудын хардлага сэрдлэгт өртөгдөхгүй гэж бодож байна. Хоёрдугаарт, ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн зүйлээр онцлогтой. 1993 оны ерөнхийлөгчийн сонгууль шинэ үндсэн хуулийн дараа парламентын сонгуулийн араас явсан. Үүнээс хойших бүх сонгууль парламент нь эхэлж бүрдээд, ерөнхийлөгч нь араас нь сонгогддог зарчмаар явж ирсэн. Энэ удаагийн сонгууль терм нь өөрчлөгдөөд, 2027 онд 2028 оны их хурлын сонгуулийн өмнөх ерөнхийлөгчийн сонгууль гэдгээрээ хамгийн том ач холбогдол өгнө. Хоёрдугаарт, 2028, 2032 оны парламентын сонгуульд аль улс төрийн хүчин ялах вэ гэдэгт улс төрийн нүүдэл хийх хамгийн том сонгууль болно.

-Хоёр парламентын сонгуулиар шинэ ерөнхийлөгч байна гэсэн үг.

-Тийм. Байна аа гэсэн үг. Тэр утгаараа улс төрийн намууд илүү ач холбогдол өгч байгаа байх. Одоогоор манай намд ямар нэг байдлаар нэр дэвшигчээ тодруулсан зүйл байхгүй. Тодорхой хэдэн хүмүүс байгаа. Тэр хүрээнд удирдах түвшинд болон бусад түвшинд ярилцаж, марафоноо эхлүүлээд, кандетатаа тодруулаад, тэр хүнээ бүх шатанд дэмжих ийм л зүйл байгаа. Бүх намд нэг л зарчим байгаа. Аль ч сонгуульд ялъя гэвэл намын доторх эв нэгдлээ хангах ёстой.

-Засаглалыг парламентынх болгоё. Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв, буруу гээд хүмүүс яриад л байна. Бид энэ асуудлаа шийдэхгүй бол дээрээс доор хүртлээ бүх шатандаа дампуурлаа. Та үүнийг сайн мэдэж байгаа. Бид үүнийг засах арга хэмжээ аваад, нэг тал руугаа гарвал яасан юм бэ?

-Би Монгол Улсын Үндсэн хуульд гурван удаа өөрчлөлт ороход оролцсон. Сүүлийн хоёр нэмэлт өөрчлөлтөд ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхэд яг наад асуудал чинь дандаа яригддаг. Өөрөөр хэлбэл, сонгодог парламентын засаглал руу шилжих юм уу, сонгодог ерөнхийлөгчийн засаглал руу шилжих үү гэдэг асуудал дандаа яригддаг. Нэмэлт асуудлын хүрээнд суурь асуудлыг өөрчилж болохгүй гэдгийг ялангуяа манай хуучны парламентын гишүүд ярьдаг. Фортуна Батбаярын нэг төсөл байдаг юм. Өргөтгөсөн парламентаас ерөнхийлөгчийг сонгодог болж байж нийт ард түмний төлөөлөл хангагдана. Ойролцоогоор 7000 орчим хүн юм уу даа. Сум дүүргийн ИХТ-чид, аймаг нийслэлийн ИХТ-чид их хурлын гишүүд сууж байгаад сонгодог. Энэ германы загвар л даа. Тэр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж магадгүй. Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яах юм бүү мэд. Би парламентаас холдоод 2 жил 4 сар болчихсон байна. Одоо чуулганы хэрүүлийг харахаар дэмий юман дээр би ч гэсэн хүмүүстэй муудаж, сайддаг байж дээ гэж харагдах зүйлүүд байна. Өөрөөр хэлбэл, үр дүн байхгүй, танхим дотор л олон юм яриад хэн нь илүү харагдах вэ л гэдэг. Эцсийн шийдэл биш, шийдлээ ерөөсөө ярьдаггүй. Гарч ирж зүгээр л мэдэмхийрээд байдаг.

-Иргэдийн төлөөлөгчид чинь бараг бүгдээрээ нэг нэг өмчтэй, нэг нэг газрын дарга л юм байна лээ. Нийтээрээ төр бүх эдийн засагт оролцдог байдлаас салъя гэдэг зүйлийг ярьж байна. Та үүн дээр ямар бодлого барьж байна вэ?

-Намайг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад өргөн барьсан төсөл нэлээд тоосонд дарагдчихлаа. Тэр нь төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл байсан. Түүнд төрийн өмчит компанийн ТҮЗ-ийг хэрхэн сонгож байгуулах вэ, жил дараалан алдагдалтай ажилласан бол автоматаар чөлөөлөөд, дахин сонгон шалгаруулалт зарладаг, ноцтой алдаа гаргасан бол хар жагсаалтад тухайн хүний нэрийг оруулдаг байдлаар шилжилт хийж, төрийн өмчит байгууллага руугаа оръё, засаглал руугаа оръё гэдэг хууль юм. Энэ нэлээд бүдгэрчихлээ. Явах байх гэж би найдаж байна. Б.Энхбаяр явуулахаар сүүлд яригдаж байсан. Хоёрдугаарт, зарим чиг үүргүүдээ лебиралчилъя, хувьчилъя гэж ярьж байгаа. Яг одоохондоо нийгмийн баримжаатай чиг үүргүүд нь татаастай, чирэгдэж явдаг салбарууд байна. Одоо хог тээврийн 80 хувь нь хувийн компаниуд явж байгаа. Тохижилтын 60-70 хувийг хувийн компаниуд хийж болж байна. Одоо бойжиж байна. Сая тарифыг нь нэмсэн. Жаахан бойжоод ирэхээр нь хувьчилна.

Төлөөлөгчдийн хувьд бол хэцүү шүү дээ. Ямар ч цалингүй ажил хийнэ гэж юу байх вэ дээ. Өдөр болгон шахам цуглаад, ажлын хэсгийн хуралдаан, ажлын хороодын хуралдаан, намын бүлгийн хуралдаан болно. Үүнийг шударга шийдье гэвэл орон тооны л болгочих хэрэгтэй. Их хурлын гишүүд шиг цалинтай. Тэгээд байгууллагуудыг нь мэргэжлийн хүмүүс нь удирдаад явж байдаг, аль болох хувьчлах бодлого барьж байдаг энэ чиг үүрэг рүүгээ л явна. Зарим үнэхээр дийлэхгүй салбар байна. Геодез, усны барилга байгууламж, Ус суваг гэх мэт хэрэглэгчтэй загвар бол байгууллагыг нь дэмжээд бойжуулаад явахаас өөр арга байхгүй.

"Н.Учрал, Г.Занданшатар нар тугаа бариад 2027, 2028 оныхоо сонгуулийн ард гарах ёстой"

-Эв нэгдэл дээр танай нам өнгөрсөн намар нэлээд бужигнасан. Та түүнд өртөнгөө л алдсан. Таныг Ерөнхий сайдад өрсөлдөнө гэж яригдсан. Намар юу болж өнгөрөв?

-Зургаадугаар сард Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураагдаад, үнэмлэхүй олонхынхоо дэмжлэгийг аваагүй учраас Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд огцорсон. Үүнээс хойш шинэ ерөнхий сайдыг сонгох, шинэ намын дарга, намын их хурлыг сонгох асуудал бараг зургаан сар үргэлжилсэн. Үүнийг намын дотоод ардчилал гэж нэг талаасаа хэлж болно. Энэ асуудал хэзээ дууссан гэхээр 32 дугаар их хурлаар намын дарга Н.Учралыг сонгосон шийдвэрээс хойш дараагийн сонгууль хүртэл, ялангуяа 2028 оны сонгууль хүртэл намын зөрчилдөөн, тэмцэлдээн байх ёсгүй. Эв нэгдлээ хангах ёстой гэдэг дээр би хатуу байр суурь илэрхийлж байгаа. Одоогоор манай нам дотор зөрчилтэй, хагаралтай зүйл алга. Засгийн газар одоо тогтвортой байж, гадна талдаа худалдан авагчдад бодлого нь ойлгомжтой, харилцах хүн нь ойлгомжтой байж итгэл төрж явна.

-Сүүлийн 5-6 жил Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан гэх гурван залуу Ардын намаас гарч ирлээ шүү дээ. Танай багийнхан таныг нийслэлд ирээд ажлууд хийгээд, эрх зүйн хувьд, санхүүгийн хувьд олон зүйлийг хийхэд Ерөнхий сайдын тус маш их байсан байх тийм үү?

-Байсан байсан.

-Тэгээд үзэхээр Л.Оюун-Эрдэнийг нааш, цааш болгоод аваад хаячихдаг улс төр нь юу болов. Үнэхээр ингэх шаардлага байсан юм уу. Эсвэл Ерөнхийлөгч бүх асуудлаа бариад явъя гэсэн өнцөгтэй болсон юм уу?

-Тухайн үед би намын бага хурал дээр хэлсэн. Эдийн засгийн хямралтай энэ үед Ерөнхий сайдаа өөрчлөөд сайн үр дүнтэй зүйлд хүрэхгүй. Эдийн засгийн хямрал, улс төрийн хямрал гэдэг хоёр зүйл давхцаж явбал гүнзгий хямрал руу явна. Тэгэхээр үүн дээр Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж би бага хурал дээр хоёр ч удаа хэлсэн. Мэдээж хэрэг улс төрийн үйл явдал, өрнөлийг харж байгаа юм. Одоо нэгэнт шийдчихсэн. Намын дарга Н.Учрал байна. Ерөнхий сайд Г.Занданшатар байна. Энэ хүмүүс нэгэнт тугаа бариад 2027, 2028 оныхоо сонгуулийн ард гарах ёстой. Түүний дараа амжилттай оролцвол энэ хүмүүс өөрсдийнхөө мандатыг сунгаад явах боломжтой. 2028 оны сонгуульд амжилт дүүрэн биш оролцвол намын их хурал Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийн дагуу хуралдаж, дараагийнхаа асуудлыг шийдэх ёстой. Бид өөр хоорондоо ойлголцох, ойлголцохгүй зөндөө үе байсан. Ялангуяа их хурлын дарга Д.Амарбаясгалан бид хоёр улс төрийн шийдвэрт санал нэгдэхгүй зөрөлдөх зөндөө үе байсан. Хувь хүний хувьд бидэнд ямар ч асуудал байхгүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд Хотын эрх зүйн байдлыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах тал дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг би хэлэх ёстой.

-Та тухайн үед ажлын хэсгийг ахалж байсан санагдаж байна. Оюу толгойн гэрээтэй холбоотой ажлын хэсэгт.

-Оюу толгойг ч ахалсан. Ураныг ч ахалсан. Гашуунсухайтыг ч ахалсан.

-Ажлын хэсгийн Нямбаатар гэж нэр аваад бүх ажлын хэсгийг ахалж байсан. Үүн дээр та хоёр хүнтэй зураг авхуулсан байдаг. Тэр хоёр хүн нь 365 сая фунтын гэрээ байгуулаад явчихсан. Одоо тэгтэл тэр хоёр хүн нь ажлын хэсгийнх байсан уу, мөнгө угаагаад гараад явчихсан уу гэдэг зүйл яригдаад байгаа юм байна лээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Маурис Даффи, Ричард Боули гэж хоёр нөхөр хоёулаа Рио Тинтод ажиллаж байсан. Нэг нь Оюу толгой төсөл дээр ажиллаж байсан. Нэг нь гүний уурхайн чиглэлийн, нөгөөх нь менежментийн чиглэлийн мэргэжилтэн. Энэ хоёр хүн Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар шүгэл үлээгээд ажлаасаа халагдсан. Өөрөөр хэлбэл, гүний уурхайн зардал хэтэрсэн нь менежментийн алдаа байсан гэдгийг илчилсэн. Тэгэхээр би ажлын хэсгийн ахлагч Риогийн эсрэг байгаа хоёр хүнийг дуудаж ирүүлээд ажиллуулах нь миний зөв биз дээ. Эцсийн үр дүн нь 1 сая ам.доллар өгөөд 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Тэр буултыг нөгөө тал хийсэн. Сүүлийн тэр хаалтын ч бил үү, нууцлалын гэрээг би мэдэхгүй байна. Эхний хийсэн гэрээг би тагнуулын байгууллагаас зөвшөөрлийг нь аваад тус бүрд нь сая, сая ам.долларын гэрээ хийгээд, нөхөд шафт тэд дээр ийм алдаа гарсан. Материалын сонголт дээр ийм алдаа гарсан. Менежмент, худалдан авалт дээр ийм алдаа гарсан гээд бид айлын талд түүнийг хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тэгээд нөхөд гүний уурхайн нарийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд, бүр буулт хийгээд дахин гүний уурхайн зардал дээр аудит хийе гэхэд гарын үсгээ зурсан. Энэ хүмүүс тодорхой хэмжээнд ажлаа хийгээд, мэдээллээ өгсөн. Тэр дор ямар материалаар юу хийсэн гэдгийг бид хоёр байтугай монголд мэдэх хүн байхгүй шүү дээ. Яг түүнд ажиллаж байсан хүмүүс шүгэл үлээсэн.

Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
 
Г.ДАШНЯМ: Би машингүй, жолоочгүй, туслахгүй. Надад аль нь ч хэрэггүй
Г.ДАШНЯМ: Би машингүй, жолоочгүй, туслахгүй. Надад аль нь ч хэрэггүй
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!