
МУГЖ Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
------------------------------
-Уран бүтээлч хүнтэй уулзсных сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Юуны түрүүнд танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог ихтэй, сайхан жил болж өнгөрч байна. Өмнө нь тайзны уран бүтээл дээр төвлөрч, Монгол хаан жүжигт ажиллаж байсан бол энэ жил дэлгэцийн уран бүтээл дээр түлхүү ажиллалаа. Зохиолч Тодко Самсон, найруулагч Б.Тамир нарын хамтын бүтээл “Тусгаар Тогтнол” бошиг сахигч түүхэн киноны Чин Ван Ханддоржийн дүрд тоглосон. Өвөл, зуны зураг авалттай кино маань тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Түүнээс гадна Э.Батхүү, Мөөжиг буюу Э.Мөнхбат хоёрын хийсэн "Аз жаргалын гормон" гэдэг бүтээлд оролцлоо. Олон улсын хэмжээний нэг кинонд оролцож, тоглочихоод ирсэн. Дэлгэцээр гарах арай болоогүй байна. Өнгөрсөн зуны тухайд гэвэл OI entertaiment-ийн залуустайгаа нийлээд No rules кинонд тоглосон. Уран бүтээлийн сонин сайхан гэвэл ийм л байна даа.
-Киноны санал анх яаж ирсэн байдаг юм бэ. Та яаж хүлээж авав?
-Зохиолч Тодко Самсон залгаж санал тавьсан. Найруулагчаар нь манай Б.Тамир ажиллаж байгаа гэж хэлсэн. Мэдээж киноны бүрэлдэхүүн ямар хүмүүс байгаа вэ гэдэг нь сонирхолтой санагдсан. Төрийн соёрхолт Н.Сувд гуай, Ардын жүжигчин С.Сарантуяа эгч, Э.Тодгэрэл, А.Ганчимэг, И.Одончимэг гээд драмын театрт мөр зэрэгцэн ажиллаж байсан зан зангаа мэддэг хүмүүс байсан нь их гоё түлхэц болж, зориг оруулсан. Яагаад зориг оруулсан гэж хэлж байна вэ гэхээр би айсан юм. Тусгаар тогтнол буюу бошиг сахигч нэртэй түүхэн кино, оролцож байгаа дүрүүд болон хөндөж байгаа сэдэв том. Тэр дундаа намайг Чин ван Ханддоржийн дүрд хувиарлачихсан байсан учраас тэр хүний дүрд ажиллана гэж бодохоор айсан л даа. Гэхдээ мэдээж саналыг сайхан хүлээж авсан. Энэ боломжийг ямар ч уран бүтээлч их сайхнаар хүлээж авах байх. Тэгээд мэдээж үүрэг хариуцлага гэдэг юм нуруун дээр ирэх нь тодорхой. Чадлаараа л бид бүхэн хичээсэн. Мөн залуу найруулагчийн маань зоримог шийдлүүд, харж байгаа, хэлж байгаа зүйлүүд нь надад бас таалагдсан. Тийм учраас бүгдээрээ санаа, оноогоо нэгтгээд нэгэн зүгт харъя гээд дайрч орсон.

-Таныг хэр их сорьсон дүр байв. Дүрээрээ дамжуулж ямар мессежийг үзэгчдэд өгөхийг зорив?
-Монгол чинь өөрөө маш том түүхтэй гүрэнт улс шүү дээ. Бид нар л өөрсдийгөө жижиг мэт бодоод байдаг. Тэгтэл өвөг дээдсийнхээ гайхалтай түүхүүдийг эргээд харах юм бол бардамнаж, омогшмоор түүхүүд олон байдаг. Үүнийг бид мартаж болохгүй. Тэгэхдээ бас харамсалтай түүхүүд ч бий. Хэлмэгдүүлэлтийн үе, монголчууд, монголчуудыгаа хядсан харамсалтай түүхүүд гэх мэтчилэн. Энэ түүхүүд дундаас "Тусгаар тогтнол" кинон дээр гарах үйл явдал буюу 1911 оны тэр нэг гайхалтай хүмүүсийн суу ухаанаар тусгаар тогтнолоо тунхаглаж, зарлаж чадсан тухай л үзүүлэх гээд байгаа кино шүү дээ. Энэ бол монголчууд бидний заавал үзэх ёстой кино. Ялангуяа хүүхэд залуучуудад үзүүлж, эх орноо хайрлах сэдлийг өгөх ёстой кино. Энэ киног үзсэнээр "Бидний тусгаар тогтнол ийм үнээр олдсон юм байна шүү дээ. Үүнийг бид эрхэмлэж, нандигнаж хайрлах ёстой юм байна" гэдэг ойлголтыг авч чадна гэж би хувьдаа бодож байна.
Сүүлийн үед гадны улс орнуудтай харьцуулаад Монгол кино онцгүй байна гэж ярих хандлага их болж. Үүнийгээ дагаад олон залуус эх орноосоо явж байна. Яг энэ зүйл дээр би хувьдаа маш их эмзэглэдэг. Үүнийг буруутгаж болохгүй ч бидний өвөг дээдэс, бидний гайхалтай удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд ямар гайхалтай түүхээр, ямар их золиосоор энэ сайхан газар нутгийг хайрлаж, хамгаалж бидэнд үлдээсэн юм бэ гэдгийг мартаж болохгүй. Үүнийг зүгээр түүхийн ном уншаад аль эсвэл 10 жилийн сургуульд хэн нэгэн багш нь заагаад хэлээд ойлгочихдог зүйл биш юм байна лээ. Дүрстэй, хөгжимтэй, жүжигчдийн ажиллагаатай. Хоолоор бол амт шимтийг нь гоё тааруулаад, залууст сонирхолтой байдлаар хүргэх ёстой. Яагаад гэвэл энэ нь илүү хүрнэ. Эс бөгөөс энэ сайхан түүхүүд маань он цагийн эрхээр улам бүр биднээс алсарч, тоосонд дарагдсан ном шиг хадгалагдсаар л байх болно. Тиймээс энэ гайхалтай түүхүүдийг уран бүтээлээрээ дамжуулан түгээн дэлгэрүүлээд, үргэлж мөнх сануулж явах ёстой зүйл юм байна гэдгийг уран бүтээлчид бид ойлгоод байгаа юм. Энэ түүхийг дандаа сөхөж, дандаа сануулж байх ёстой. Сайн болсон, муу болсон гээд шүүмжлэх нь үзэгчдийн эрх. Гэхдээ яг үнэндээ сайн, муу болох нь хамаа байхгүй. Байнга сануулж байх нь л зөв гэж боддог.
-Та ер нь хэр олон түүхэн дүр дээр ажилласан байдаг юм бэ?
-Маш цөөхөн. Хүмүүс намайг маш олон түүхэн дүр бүтээчихсэн мэтээр ойлгоод байдаг. Харамсалтай нь түүхэн уран сайхны киноны түүхэн дүр дээр ажилласан анхны тохиолдол нь энэ. Гэхдээ зөвхөн дэлгэцийн уран бүтээлийн тухайд. Театрын буюу тайзны бүтээлийн хувьд гэх юм бол Модун Шаньюй хааны дүр дээр ажиллаж байсан. Атга нөж жүжигт Чингис хааны ууган хүү Зүчийн дүр, Ану хатан гээд жүжгийн Данжела баатарын дүр дээр тоглож байсан гэдэг ч юм уу тайзны бүтээлүүд бол ганц нэг байгаад байгаа юм.
-Та ер нь өөрөө хэр эх оронч хүн юм бэ?
-Эх оронч байх гэж хичээдэг хүн. Өөрийнхөө сонгосон мэргэжлээрээ дуугарах юман дээрээ дуугараад, уран бүтээлдээ шингээгээд ажиллахыг хичээгээд явж байгаа. Энэ бол нэг илрэл нь байх. Нөгөө илрэл нь мэргэжлээсээ гадна амьдрал дээр бас тэр маань тусгал болж байх ёстой гэж боддог. Энэ тусгал юу юм бэ гэхээр зөв явах, хүнд хэрэгтэй зүйл хийх, ирээдүйн Монгол улсдаа эрүүл чийрэг иргэн бэлдэж өгөх гэдэг ч юм уу. Хамгийн энгийн жишээ бол үр хүүхдүүддээ багаас нь зөв чиглүүлээд, ойлгуулаад, ухааруулчих юмсан гэсэн бодол эрмэлзэл байдаг. Гэхдээ би яг чадаж байна уу, чадахгүй байна уу гэдэг дээр өөртөө анализ хийж чадахгүй. Үүнийг нэлээн нас явсан хойно л өөрөөсөө асуух байх.
Одоо бол эх оронч байхын төлөө хичээж ажиллаж байгаа залуу гэж ойлгож болно. Харин эх оронч хүн гэж ямар хүн байх ёстой вэ гэсэн миний шалгуур бол өмнө нь бид 2-ын ярьсан өнгөрсөн гайхалтай түүхүүдийг бүтээж чадсан тэр эрхмүүд. Заримдаа би боддог юм. Эх оронч хүмүүс цаанаасаа төрдөг юм болов уу гэж би ойлгосон. Аав, ээж нь хэн байхаас үл хамаараад тэр хүний байгалийн өгөгдөл, бурхнаас өгсөн бэлэг ч гэдэг юм уу. Аль эсвэл цаанаас томилсон томилгоо, Монголыг аврах аврагч ч гэж хэлмээр ч юм шиг гайхалтай мундаг хүмүүс байна. Энэ бол хувийн амьдрал, хувийн эрх ашгаа золиослогч нар байгаа байхгүй юу.

-Өнөө цагт хэр элбэг байдаг бол?
-Өнөө цагт харин би олж харахгүй байгаа юм. Гэхдээ би төрөх байх гэж боддог. Өөрийнхөө амьдралыг золиослох ёстой. Хаан хүн харц ардынхаа зарц нь юм шиг л зүтгэх ёстой гэдэг үг байдаг. Тэгж чадсан хүн л аз жаргалыг ард түмэндээ авч ирж чадна. Тусгаар тогтнол, эх орон, газар шороо бүх зүйл нь үнэ цэнтэйгээр орших баталгаа нь болж өгнө гэж боддог. Одоогоор бол тийм хүн алга. Гэхдээ би энэ олон том том асуудлуудыг цэгцлэх ухаантай, зоригтой мундаг золиослогч тийм хүн гарч ирэх байх гэж итгэдэг. Энгийнээр тайлбарлавал өөрийнхөө эрх ашиг, идэж уух бүх юмыг хойш нь тавиад эх орныхоо төлөө өөрийгөө золиослож чадах тийм хүн гарч ирнэ.
-Тусгаар тогтнол кинонд тоглосон жүжигчний хувьд биш энгийн уран бүтээлчийн хувьд "Тусгаал тогтнол" киног яаж дүгнэж байгаа вэ. Өнөө цагт бүтсэн бусад түүхэн киноноос юугаараа ялгаатай гэж бодож байна вэ?
-Энэ кино бол заавал үзэх ёстой кино. Их гоё намтарчилсан кино болно. Газар шороо, эх орноо хайрлаж, хамгаалж явах учиртай хүүхдүүд илүү их үзээсэй, 10 жилийн хүүхдүүд, оюутан залуус маань их үзээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Эндээс их гоё намтар сонсоно. Ядаж л бидний байнга яриад, бүх нийтийн амралтын өдөр болгож тэмдэглээд байдаг энэ өдөр яг ямар утга учиртай өдөр юм бэ гэдгийг ойлгож авна. Утга учир, үнэ цэнийг нь мэдэж авна. Б.Тамир найруулагч энэ түүхийг намтарчилсан болгож хийж байгаа нь надад маш сонирхолтой санагдсан. Маш өндөр хүлээлттэй байгаа.
-Таныг жүжигчнээс гадна чадварлаг найруулагч гэдгийг Аав, Хийморь, Үргээлэг гэх мэт киногоор үзэгчид харсан. Сүүлийн үед найруулагчаар ажиллав уу. Ер нь ойрын төлөвлөгөөнд байна уу?
-Ер нь бол ойрын төлөвлөгөөнд байгаа. Би жүжигчин, найруулагчаар төгссөн хүн шүү дээ. Мэдээж бодчихсон 2, 3 кэйсүүд бол байна. Энэ ондоо багтаад зургийг нь эхлүүлэх гээд нэг зохиол дээр ажиллаж байна. Бас л монгол ахуйтайгаа, Монгол гэдэг зүйлээ дуугарахыг хичээсэн тийм уран бүтээл байгаа. Найруулагчаар ажиллана гэдэг маш их цаг хугацаа шаарддаг учраас худалч хүнд сүүлийн 4 жил ямар ч киноны найруулгын ажилд орж чадсангүй. Бүх ажлуудаа хойш нь тавиад Монгол хаан жүжигтэйгээ зууралдсан. Энэ жил бол бүрэн хэмжээний уран сайхны кино бариад авчихсан явж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!