Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаагийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна. Эрүүгийн хууль болон хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар болоод гүтгэх, худал мэдээлэл тараах явдлыг хэрхэн зохицуулбал зүйтэй эсэх асуудлаар ярилцжээ.
- Худал мэдээлэл гүтгэлгийн гомдлын 90 хувийг улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүд гаргадаг. Тэгэхээр хууль хэнд зориулагдах нь ойлгомжтой.
- Олон нийтийн сүлжээгээр түгээж, тараасан мэдээллийг эрүүгийн хуульд хамруулж үзэж байгаа нь аюултай.
- Эрх мэдэлтнүүд худал мэдээлэл тараах нэрээр шүгэл үлээгчдийг хууль бус зүйл илчлэхийг хааж, боох гэж байна. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх нөхцлийг хаах нь нийгэмд хортой үр дагаварыг бий болгоно.
- Хууль санаачлах, өөрчлөх бол шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Хууль зүйн сайд өөрт тохиолдсон зүйл дээр тулгуурлаж ярьж байгаа нь бидэнд эргэлзээ төрүүлээд итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.
- Х.Нямбаатарыг хууль санаачлах, батлах эрх мэдэлтэй субьект байсных нь хувьд тэр хүнд хамаатуулан шүүмжилсэн нийгмийн шүүмжийг түгээсэн эмэгтэйчүүдийг айлгаж заримд нь ял шийтгэл өгсөн.
- Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг эрүүгийн хуулиар хааж боож болохгүй. Гүтгэх, худал мэдээлэл тараахыг иргэний хуулинд хэвээр үлдээж зохицуулалтыг сайх хийх шаардлагатай. Эрүүгийн хуулинд хатуу ял оноохоор тусгаж болохгүй.
- Өмнөх хуулийн ажлын хэсэгт бид орж эсрэг санал өгсөн ч саналыг маань аваагүй хуулиа баталсан. Тэгээд МСНЭ ажлын хэсэгт орсон гээд биднийг хамжигч мэтээр ярьдаг. Одоо янз бүрийн ажлын хэсэгт орохгүй гаднаас нь тэмцэнэ.
- Төрийн байгууллагууд байгууллагын нууц нэрээр хамаг юмаа нуучихдаг. Сэтгүүлчид баримт олоход маш хэцүү. Хэвлэлийн цензур эргээд сэргэх гэж байна.
- Хэвлэлийн тухай хуулийг сөхөж байгаа нь сайн боловч эрх чөлөөний баталгаа олгох биш, хэвлэлийн салбарыг төрийн санхүүжилттэй бүтэц болгож хянах гэж байгаа нь айдас төрүүлж байна.
- Хараат бус байх асуудал хамгийн түрүүнд санхүүгийн хувьд хараат бус байхаас эхэлнэ. Манай зах зээлд хэвлэл мэдээллийн байгууллагууд санхүүгийн хараат бус байдлаар байж чадахгүй асуудал бий. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага төрөөс санхүүжилт авч болохгүй.