Бразил улс олон жилийн турш цахилгаан тамхины асуудалд хамгийн энгийн боловч хамгийн үр дүнгүй арга барилыг баримталж ирсэн нь шууд хориглох бодлого байлаа. Бүтээгдэхүүн хоорондын ялгаа, эрсдэлийн харьцуулалт, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн бодит нөхцөл байдлыг авч үзэлгүйгээр “хориглочихвол асуудал шийдэгдэнэ” гэсэн хандлага давамгайлсан ч бодит байдал дээр хэрэглээ зогссонгүй, харин ч хяналтгүй, татваргүй, стандартгүй далд зах зээл бий болж өргөжив. Өнөөдөр Бразилийн Холбооны Улсын Прокурорын газраас гаргасан нэхэмжлэл энэ бодлогын алдааг ил тод хүлээн зөвшөөрч, нийт хоригийг нотолгоонд суурилсан зохицуулалтын тогтолцоогоор солих шаардлагатай-г хэлэлцүүлгийн төвд авчирч байгаа нь нийгмийн эрүүл мэндийн бодлогын хувьд ховорхон тохиох бодитой эргэлт юм.
Хориглолт бол хэрэглээг арилгадаггүй, зөвхөн харагдах байдлыг нь өөрчилдөг гэдгийг Бразилын туршлага тодорхой харуулж байна. Хүмүүс хэрэглэсээр байдаг, харин төр хяналтаа алддаг. Чанарын стандарт байхгүй, насны шалгалт байхгүй, бүтээгдэхүүний найрлага тодорхойгүй, татварын орлого алдагддаг, хууль бус худалдаа ашиг олдог ийм нөхцөл байдал нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой бодлогын эсрэг үр дүн болдог. Сан-Паулогийн их сургуулийн судалгаагаар жил бүр хэдэн арван тэрбум реалын татварын орлого хууль бус зах зээлд алдагдаж байгаа нь зөвхөн эдийн засгийн асуудал биш, бодлогын бодит үр нөлөө ямар сул байгааг харуулж байна.
Хамгийн анхаарал татах зүйл нь хориг хэрэглээг бууруулаагүй төдийгүй хэрэглэгчдийн тоо огцом өссөн явдал юм. Хэдхэн жилийн дотор хэрэглэгчдийн тоо хэд дахин нэмэгдсэн нь хориглох бодлого бодит байдалтай нийцээгүйг харуулж байна. Энэ нь нэг талаас эрэлт байсаар байгааг, нөгөө талаас төр бодит зохицуулалтаас татгалзсанаар зах зээлийг бүхэлд нь хууль бус сүлжээнд шилжүүлснийг илтгэнэ. Ийм нөхцөлд нийгмийн эрүүл мэндийг хамгаална гэж ярих нь бодлогын хувьд хийсвэр уриа төдий болж хувирдаг.
Өнөөдрийн гол асуудал бол цахилгаан тамхийг зөвшөөрөх эсэх биш, харин бодит байдлыг хүлээн зөвшөөрөх эсэх юм. Орчин үеийн нийгмийн эрүүл мэндийн бодлого нь хориглох эсвэл зөвшөөрөх гэсэн хоёр туйлын хооронд биш, харин эрсдэлийг бууруулах, хэрэглэгчийг хамгаалах, зах зээлийг хяналттай байлгах ухаалаг зохицуулалтын зарчим дээр тулгуурлах ёстой. Үүнийг үл тоомсорлосоор байвал хориглох, эсвэл хориглолтоос ялгаагүй хатуу бодлого улам бүр далд зах зээлийг тэжээж, хэрэглэгчийг хамгаалах боломжийг бүрэн алдагдуулсаар байх болно.
Бразилд эхэлж буй энэ хэлэлцүүлэг зөвхөн нэг улсын бодлогын асуудал биш, харин дэлхий даяар өрнөж буй никотин бүтээгдэхүүний зохицуулалтын бодлогын томоохон сорилтыг илэрхийлж байна. Нийгмийн эрүүл мэнд бодит нотолгоо, хэрэглэгчийн зан төлөв, эдийн засгийн үр дагаврыг харгалзан шийдвэр гаргахгүй бол сайн санаатай мэт харагдах хориглолт ч бодит амьдрал дээр эсрэг үр дүн авчирдагийг энэ жишээ дахин сануулж байна. Одоо зоригтой бодлого гаргаж, бодит байдлыг хүлээн зөвшөөрч, ил тод, хариуцлагатай зохицуулалтын тогтолцоонд шилжих эсэх нь шийдвэр гаргагчдын улс төрийн хүсэл зоригоос хамаарах боловч нэг зүйл тодорхой болсон нь хориг ганцаараа шийдэл биш гэдэг үнэн улам бүр тод болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!