
2015 онд манай улс авлигын төсөөллийн индексээр 72 дугаар байрт жагсах үед Монгол Улс бүхэлдээ авлигын "хямрал"-д ороод байна гэж шуугиж байв. Гэвч үүнээс хойш арван жил өнгөрөхөд бид урагшилсангүй. Харин ч 114 дүгээр байр буюу 42 байраар ухраад байна.
Тэгвэл үүнд нөлөөлж буй авлигын эсрэг хууль эрх зүйн орчинд дутагдаж буй асуудлуудыг шингээсэн хуулийн төслүүдийг хаврын чуулганаар өргөн барих гэж байгаагаа ЗГ, ХЗДХЯ-наас мэдэгдээд байна. Үүний нэг нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл юм.
Хотын дарга Х.Нямбаатар 2021 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үедээ эл хуулийн төслийг өргөн барьж байв. Үүнээс хойш нэг жил гаруйн дараа УИХ-ын "босго" давж, анхны хэлэлцүүлэгт шилжсэн боловч түүнээс хойш эл хууль замхран алга болсон байдаг. Энэ утгаараа тухайн хуулийн төслийг батлахгүй байх сонирхол улстөрчдөд байна гэх хардлага одоо ч байдаг.
Тэгвэл ХЗДХЯ-наас шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг дахин боловсруулаад байна. Одоогоор тус хуулийн төсөл олон нийтийн хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж, санал авч байна. Ийнхүү хэлэлцүүлгээр ирсэн санал хүсэлтэд үндэслэн хуулийн төслийг агуулгыг дахин найруулах юм.
Тэгвэл эл хуулийн төслийн агуулгыг ОДООГООР ямар байдлаар "зураад" буй талаар сонирхуулъя.
ЖИЧ: Дахин сануулахад энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй буюу одоогоор олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудаар хэлэлцүүлэх шатанд яваа болно
-НЭР: "Шүгэл үлээгчийг хамгаалах тухай" хууль болгож өөрчлөх агуулга яригдаж байна-
"Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай" хууль. Өнгөрөгч долоо хоногт болсон тус хуулийн хэлэлцүүлгийн үеэр тухайн хуулийн нэрийг "Шүгэл үлээгчийг хамгаалах тухай" гэж өөрчлөх нь зүйтэй гэдэг саналаа ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ илэрхийлж байсан юм. Өөрөөр хэлбэл, хуулийн нэршлээс харахад манай улсын авлигатай тэмцэх бодлогод дутагдаад буй эрх зүйн орчин нь шүгэл үлээгчийг хамгаалах орчин мөн.
Шүгэл үлээгчийн хууль ямар ач холбогдолтой вэ. Энгийнээр хэлэхэд, шүгэл үлээгч гэдэг нь албан тушаалтны авлига, хээл хахууль буюу өөрт давуу байдал бий болгосон үйлдэхүйг тодорхой баримттайгаар хууль хяналтын холбогдох байгууллагад мэдээлж, үүнийхээ төлөө төрөөс хамгаалалт авах эрх бүхий субъект юм. Олон улсын судалгаанаас үзэхэд хувийн хэвшлийн салбарт үйлдэгдсэн залилангийн хэргийн 45 орчим хувийг салбар дотроос мэдээлсэн мэдээлэлд тулгуурлан илрүүлсэн байдаг аж. Зохисгүй үйлдэл, гэмт үйлдлийг дотооддоо мэдээлэх буюу шүгэл үлээх боломжийг бүрдүүлж хөхиүлэн дэмжихийн ач холбогдлыг үүнээс харж болно.
-Амаар, эсхүл бичгээр "шүгэл үлээнэ"-
Яаж шүгэл үлээх вэ. Хуулийн төсөлд шүгэл үлээгч нь нийтийн эрх ашгийг хохироосон эсхүл хохироож болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулах талаарх мэдээллээ монгол хэл, өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл дээр амаар эсхүл бичгээр өгнө. Бичгээр өгөх мэдээлэл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна гэж тусгажээ.
Харин тухайн мэдээлэлдээ, тухайн хууль зөрчсөн албан тушаалтны нэр, албан тушаал, түүнд холбогдох нотлох баримт зэргийг дурдана. Мөн тухайн шүгэл үлээгч нь өөрийн овог, нэр, нас тэргүүтэй хувийн мэдээллийг ил болгохгүйгээр өөрийг нь төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан мэдээлэл өгч болох аж.
-Илт худал мэдээллээр шүгэл үлээсэн бол ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХГҮЙ-
Шүгэл үлээгчийн мэдээллийг эрх бүхий байгууллага хүлээн авсны дараагаар 30 хоногийн дотор холбогдох хяналт шалгалтыг явуулж, үр дүнг шүгэл үлээгчид буцаан мэдэгдэх юм.
Гэхдээ эрх бүхий байгууллага гэдэгт хамаатаж буй хууль хяналтын байгууллага нь дараах дөрвөн тохиолдолд хяналт шалгалт явуулахгүй. Үүнд:
-Илт худал мэдээллээр шүгэл үлээсэн
-Өмнө нь шалгуулж, үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар дахин шүгэл үлээсэн,
-Цахим орчинд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болгосон үйл баримтаас өөр шинэ баримтгүйгээр шүгэл үлээсэн
-Шүгэл үлээсэн мэдээллийг хүлээж авахаас өмнө нийтийн эрх ашгийг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл үүсгэсэн үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу хянан шалгах ажиллагаа явуулж эхэлсэн, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон зэрэг багтана.
-Шүгэл үлээгчийн гаргасан хүсэлтэд үндэслэн ХАМГААЛАЛТАД АВЧ БОЛНО-
Энэ хуулийн төсөл дээр яригдах гол зүйл бол шүгэл үлээгчид өгөх БАТАЛГАА. Тэгвэл шүгэл үлээгч нь хувийн мэдээллээ бусдад ил болгох зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд мэдээллийг тодорхойлох боломжгүй болгож, нууцлахаар тусгасан бөгөөд мэдээлэл задруулсан гэж үзвэл гомдол гаргах боломжтой гэж тусгажээ.
Мөн шүгэл үлээсэнтэй холбоотойгоор өөрийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж байгаа гэж үзвэл хамгаалалт хүсэж болно. Тухайн хүсэлтэд үндэслэн эрх бүхий байгууллага хамгаалалтын арга хэмжээг авна.
-Шүгэл үлээсэн ажилтандаа ажлаас халах, цалинг нь үндэслэлгүйгээр бууруулах зэрэг арга хэмжээ авахыг хориглоно-
Мөн түүнчлэн шүгэл үлээсэн иргэдийг албан тушаалыг нь бууруулах, албан тушаал дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас халах, ажлаас чөлөөлөгдөхийг шаардах зэргээр хохирол учруулж болохгүй гэдгийг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулах, ажлын үр дүнг үнэлэх болон шагнал, урамшуулал олгоход ялгаварлан гадуурхахыг хориглосон байна.
-Төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллээр шүгэл үлээсэн бол ХАРИУЦЛАГАД ТАТАХГҮЙ-
2021 онд өргөн барьж байсан хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед шүгэл үлээгч эргээд хариуцлагад татагдах асуудлыг хөндөж байсан. Тэгвэл ямар тохиолдолд шүгэл үлээгчийг хариуцлагад татахгүй байх вэ гэдгийг ийнхүү тусгажээ.
Үүнд, төрийн албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа нийтийн эрх ашгийн талаар олж авсан төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллээр шүгэл үлээсэн бол хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалт хамаарахгүй. Үүнээс бусад этгээдийн талаар өгсөн мэдээлэл нь байгууллагын болон хувь хүний нууцын мэдээллийг агуулсан бол нууц хадгалах үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.
-Шүгэл үлээгчид 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэлх МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО-
Шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал олгоно. Гэхдээ ямар байдлаар, яаж?
Мөнгөн урамшууллыг шүгэл үлээгчийн гаргасан өргөдөлд үндэслэн шийдвэрлэх ба түүнийг нь эрх бүхий байгууллага долоо хоногийн дотор Мөнгөн урамшууллын зөвлөлөөр өргөдлийг хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
Мөнгөн урамшууллын хэмжээ 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг байх ба урамшууллын дүнг шүгэл үлээсэн гэмт хэргийн хор хохирлын хэмжээтэй уялдуулж, хувьчилж тогтоохоор тусгажээ. Үүнд:
-Тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;
-Тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;
-Хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;
-Нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;
-Хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг,
-Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллээр шүгэл үлээсэн тохиолдолд энэ хуулийн 16.4-т заасан мөнгөн урамшууллын хэмжээний 50 хувийг тооцож олгоно.
-Гэмт хэргээс хураагдсан хөрөнгө, орлогын 10-аас доошгүй хувийг тусгай санд төвлөрүүлж, урамшууллыг санхүүжүүлнэ-
Мөнгөн урамшууллын эх үүсвэрийг хаанаас гаргах вэ.
Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр үйлдсэн гэмт хэрэг, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн болон Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг /Авлигын гэмт хэрэг/, Хорин дөрөвдүгээр бүлэг /Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэрэгтэй холбоотойгоор хураагдсан хөрөнгө, орлогыг төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнг Засгийн газрын тусгай сангийн хобогдох орлогын санд төвлөрүүлж, санхүүжүүлнэ.
Тухайн жилийн төсвөөс мөнгөн урамшуулалыг олгох боломжгүй тохиолдолд дараагийн жилийн төсөвт тусгайлан тусгаж, санхүүжүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!