Э.Хүрэлбаатар: “Сүүлчийн нүүдэлчид” номоо Европын зургаан оронд нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 15 секунд

Европын зургаан оронд нээлтээ хийсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном эх орондоо нээлтээ хийлээ. Энэ бол Эргэлт.мн мэдээллийн сайтын бүтээл юм. Энэ талаар Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Э.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан онцолсон байна. Тэрбээр,

МӨРӨӨДСӨН, БОДСОН, СЭТГЭСЭН, ЗҮТГЭСЭН, ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН

“Сүүлчийн нүүдэлчид” номоо хийх тийм амар байсангүй. Үнэндээ Европын зургаан оронд ном нээнэ гэдэг шандас сорьсон ажил байлаа. Хоёр жил гаруй хугацаанд “ноцолдсон” юм шүү. Эхлээд төлөвлөгөө гаргасан. Ямар сэдэв байвал хүний анхаарлыг татах бол, дэлхийд ямар ном шилдэг борлуулалттай байдаг вэ, юу хийвэл бид амжилт гаргаж чадах вэ гээд удаан бодсон. Олон удаа хуралдсан. Бас Монголын төдийгүй дэлхийн эрдэмтэдтэй уулзсан. Тэдний санаа бодлыг сонссон. Гадаадад амьдарч байгаа хүмүүстэй холбогдсон. Судалгаа авсан. Дэлхийд нэр алдар нь түгээд байгаа ном, хэвлэлийн ажилтнуудтай холбоо тогтоосон. Харилцаа үүсгэсэн. Ерөөсөө Монголд хүн бүр мэдэх сэдэв, санаа дэлхийд үнэд хүрэх юм байна гэдгийг олон уулзалтын дараа ойлгосон. Үүний дараа номынхоо бүтцийг гаргасан. “Ямар цаасан дээр хэвлэх вэ, хэмжээ нь ямар байвал зүгээр байдаг вэ, бүтээлээ хэнээр орчуулуулбал сайн бэ, ямар хүнээр редактор хийлгэвэл болох вэ, яаж бичвэл гадаад хүмүүст ойлгомжтой байх вэ, хэт монгол үг ашиглабал гаднын уншигчид ойлгохгүй, гэхдээ хэлэх гэж байгаа санаа, амин сүнс нь сайн байх ёстой, нэг хөрөгт хэдэн зураг оруулах вэ гээд бүгдийг эхлээд төлөвлөсөн. Ингээд эхнээс нь хийж эхэлсэн. Гол нь бүх зүйлээ маш сайн төлөвлөх нь чухал байлаа. Өмнө нь бичиж байсан шилдэг нийтлэлүүдээсээ ч оруулах нь зөв юм байна гэж шийдсэн. Жил гаруй хугацаанд манайхан номынхоо бүтээлүүдийг бичсэн. Орчуулганд өгөөд хэдэн сар хүлээгээд, эцэст нь эхээ өрж, хэвлэлтэд шилжүүлэв. Бидэнд алдах эрх байхгүй байлаа. Баяр хөөртэй хүлээж байсан хэчнээн хайрцаг ном маань хэвлэх үйлдвэрээс ирлээ. Гэтэл бидний сонгосон цааснаас болж зураг нь хар саарал гарчихаж. Дэлхийн уншигчдад Монголыг таниулах, хүргэх ном ийм байж болохгүй гээд арай үнэтэй цаас дахин сонгож, хэвлүүллээ. Ийм олон саад бэрхшээлийг даван туулж, өнгөрсөн аравдугаар сард бид номоо гар дээрээ авлаа.

Номоо гар дээрээ авсан цаг хугацаанаас хойш бид “Номоо аль улсад нээх вэ. Визээ хэрхэн мэдүүлэх вэ гэдгээс ажлаа эхлүүлсэн юм. 20 орчим хүний шингений виз гарна гэдэг хэцүү байлаа. Эгэл жирийн сэтгүүлчдийн дансны үлдэгдэл, аяллын зардалд шаардагдах мөнгөн дүнтэй харагдах хуулга гэх визний шаардлага бидний хувьд хамгийн хүнд сорилт, хэцүү даалгавар байлаа. Ажиллаад л байгаа хэрнээ визний шаардлагад нийцэх хуулгатай хүн бүтэн редакцад бараг байсангүй. Эрхлэгчийн хувьд ичих, нэгийг бодох өдрүүд байлаа. Ингээд л олон олон уулзалт хийж, номныхоо талаар ам хуурайгүй тайлбарлаж, хэд хэдэн Элчин сайдын хаалга мөргөж байж арай гэж виз гарсан. Гэсэн ч асуудал дууссангүй ээ. Онгоцны тийз, буух буудал, идэх хоолныхоо мөнгийг босгох гэж тал тал тийшээ явцгаалаа. Манайхан тэр аяараа цалингийн болоод өөр бусад зээл чадах ядахаараа авч байж Германы нисэх буудалд газардсан юм.

ГАДААДЫН УНШИГЧДЫГ НОМЫНХОО НЭЭЛТЭД ХЭРХЭН УРИХ ВЭ

Бид Унгар, Австри, Чех, Швейцар, Франц, Итали улсад номоо нээсэн. Номын нээлтдээ монголч эрдэмтэн, судлаач, баримтат киноны найруулагч, Сэтгүүлчдийн холбооны удирдлагууд, хэвлэлийн газруудын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг яаж оролцуулах вэ гэдэг өнгөрсөн намрын бидний толгойны өвчин байлаа. Тийм ч учраас уйгагүй мэйл бичиж, холбоо тогтоож, Монголоос тухайн оронд суугаа Элчин сайд, мэргэжилтэн, тухайн оронд амьдарч байгаа монголчуудтай холбогдож, мэдээлэл солилцож явлаа. Гадаадад тэгээд бүр дөнгөж очсон өдрөө эсвэл маргааш нь танхим дүүрэн хүн цуглуулна гэдэг амаргүй даваа байлаа. Мөн номынхоо сурталчилгааны хуудас, гэрэлт самбаруудыг гудамж, талбайд байрлуулна гэдэг ч амаргүй байв. Гэхдээ бид энэ ажлынхаа ард гарч чадсан. Намаржин мэйл бичиж, албаны хүмүүстэй уулзаж, хүсэлт тавьсныхаа үр дүнг үзэж, нэр нөлөө бүхий олон хүнийг номынхоо нээлтэд оролцуулж чадсан. Зорьсон, очсон улс бүхэндээ номоо сэтгэл дүүрэн сайхан нээж чадлаа. Баримтат киноны найруулагч бидэнтэй хамтарч ажиллахаар болж, серби, чех, герман зэрэг хэл дээр номоо хэвлүүлэх гэрээ, хэлэлцээрийн асуудал давхар шийдэгдэж, аяны богцоо дүүргэж авлаа. Мөн бид дэлхийн хэвлэл мэдээллийнхэнтэй хөл нийлүүлэн алхахад гадаад харилцаа маш чухал юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож явлаа. Дээр нь өндөр хөгжилтэй орны сэтгүүлчид ажлаа хэрхэн хийдэг, ямар түвшинд ажиллаж байгаа вэ гэдгийг ч нүдээр үзэж, ойлгож, мэдэрч авсан юм. Номын нээлтүүд маань маш олон хүний хичээл зүтгэл, сайхан сэтгэл, хөдөлмөрөөр Европын зургаан оронд хараа дээгүүр сайхан болсон.

ГАДААДЫН УЛС ОРНУУДАД НОМОО НЭЭХ ГЭЖ ИНГЭТЛЭЭ ЗҮТГЭХИЙН ЦААД УЧИГ...

Миний харж, ажигласнаар Монголын сэтгүүл зүйн салбарт хоёр тулгамдсан асуудал үүсээд байна. Тодруулбал, олонх редакц мэргэжлийн түвшинд сурвалжилга, ярилцлага, нийтлэл тэргүүтэй сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлүүдийг шингээсэн бүтээл тогтмол бэлтгэх биш, Төрийн ордноос улс төрийн мэдээ дамжуулахыг чухалчилдаг болсон. Үүнийг дагаад өөрийнхөө гоё ганган зурагтай бусдын тухай ихэвчлэн “хов хүргэсэн”, муулсан пост оруулж, үүнийгээ сэтгүүл зүй хийж байна гэж андуурагсад хэдэн зуугаараа бий болоод цөөнгүй жил боллоо. “Постны сэтгүүлч” нэртнүүдийн арга улам бүр нарийсч, тэнэглэл нь хэрээс хэтэрч, салбараа шороотой хутгаж байгаа үйл явдал бараг өдөр бүр болж байна. Хандалт авч, мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй болчихсон зарим сэтгүүлч нэртэй ч сэтгүүл зүйн нэг ч бүтээлгүй, уншууртай сайхан ярилцлага, сурвалжилга хийж үзээгүйчүүдийн хоморгонд чимээгүйхэн хөдөлмөрлөдөг мэргэжлийн, сайн сэтгүүлчид, шинэ залуу бичигчид өртөж, сэтгүүлчид нийтээрээ муу нэр зүүх болсон. Бүр “Би сэтгүүлч” гэж хүнд нүүр бардам хэлж чадахгүй, айж ичих хэмжээнд очсоноо хэд хэдэн залуу сэтгүүлч илэрхийлж, ажлаасаа гарч байгаагаа фэйсбүүктээ бичсэн харагдсан. Юун дэлхийн сэтгүүлчидтэй хөл нийлүүлэн алхах.

Дараагийнх нь хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үргэлж тулгамддаг сэтгүүлчдийн цалин, санхүүгийн асуудал. Улстөрчдөөс цалин авч байгаа хэвлэл мэдээллийнхэн сэтгүүлчид хараат бус сэтгүүл зүйг хөгжлүүлж чадахгүй. Үргэлж их бага хэмжээгээр тэдний гар хөл болсоор байна.

Ийм л учраас өөрсдийн уран бүтээлийг дэлхийн зах зээлд хүргэж, үүгээрээ ашиг орлого олбол, дэлхийн сэтгүүл зүйтэй хөл нийлүүлэн алхвал хараат бус сэтгүүл зүй хөгжих юм байна гэж бид итгэж, энэ номоо бүтээсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийд Монголын сэтгүүл зүйг үнэд оруулах, хамтрах, суралцах, тэндээс санхүүжилт босгож, хараат бус сэтгүүл зүйг бий болгоё гэж эргэлтийнхэн мөрөөдөж, зорьж эхний жимээ татсан нь энэ юм аа.

Мэргэжлийн сэтгүүл зүй сэргэн мандах болтугай" гэжээ.

“Номин Холдинг” ХХК оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, МҮХАҮТ-ын гадна компанийн лого бэлгэдэл бүхий тугаа мандууллаа
“Номин Холдинг” ХХК оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, МҮХАҮТ-ын гадна компанийн лого бэлгэдэл бүхий тугаа мандууллаа
 
“Судалгаа авъя“ гэж хэлээд гар утсыг нь булаагаад зугтжээ
“Судалгаа авъя“ гэж хэлээд гар утсыг нь булаагаад зугтжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!