Нийслэлийн иргэдийг төлөөлж НИТХ-д 45 төлөөлөгч сууж буйн тав нь АН-аас сонгогдсон. Тодруулбал Д.Бадарсан, Б.Золтуяа, Т.Батцогт, Б.Эрдэнэсүх, О.Зундуйдорж нар бий. Угтаа бол тэд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, нийслэлийн төсвийн зарцуулалт болон иргэдийн эрх, аюулгүй байдал зэрэгт хяналт тавьж, хотын удирдлагуудын бурууд хатуу байх ёстой хүмүүс.
Гэтэл тэд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь битгий хэл сонгогдсон өдрөөсөө сураг алдраад удлаа. Сүүлд харахад зарим нь хэрэгтэн болох шахаж, үлдсэн нь ерөнхийдөө хотын даргад "ажилд" оржээ. Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөж явсан Д.Бадарсан нь Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар томилогдсон бол Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ онц хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгуулж яваа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол НИТХ-ын төлөөлөгчөөс татагдана. Ингээд нийслэлд сонгогдсон сөрөг хүчний 40 хувь нь жагсаалтаас гарчихжээ. Үлдсэн нь төсөв, санхүүгээр уячихвал хаашаа ч холдохгүй биз.
Өөрөөр хэлбэл, нийслэлд хаан, заан шиг аашилж яваа хотын дарга Х.Нямбаатарт хяналт тавьж, хазаарыг нь татах хүч нийслэлд дутагдаж байна гэсэн үг. Хяналтгүй эсвэл нууцтай газар л хөл толгойгүй хулгай өрнөж байдаг. Нийслэл дээр яг одоо хэрэгжиж буй бүх том төслүүд огтоос хяналтгүй явж байгаа нь харамсалтай. Гэхдээ Х.Нямбаатарын гэхээс илүүтэй нийслэлийн Ардчилсан намын арчаагүй, анхиагүй байгаагийн гор.
Одоо энэ хэсэгт иргэд шүүмжилсэн ч нийслэлийн АН-ынхан ганц ч үг дуугараагүй ТАГ байсан кэйсүүдийг дурдая.
-Өнгөрсөн зун “Зүгээр байгаа явган замуудыг хуулж, чанаргүй чулуун замаар солилоо” гэж иргэд сошиалаар нэг юм болгосон ч АН-ын “Дүлий тав”-аас нэг нь ч дуугараагүй. "7 тэрбумаар бродюр солилоо" гэхэд ч асуудлыг нягталсангүй.
-Улаанбаатарын метро болон дүүжин тээвэр зэрэгт зарцуулагдах төсөв санхүүжилтэд жинхэнэ хяналт тавьж, бөөсийг нь гаргаж ирэх хүмүүс уг нь АН-ынхан. Гэвч тэд тэгсэнгүй.
-2017 онд 1.1 их наяд байсан нийслэлийн төсөв одоо 11 их наяд болтол өссөн. Тэр дундаа Х.Нямбаатарын үед буюу 2024 онд 3.7 их наяд, 2025 онд 6.4 их наяд, 2026 онд 11 их наяд болж огцом нэмэгдсэн. Цаашид ч энэ дүн нэмэгдэх нь тодорхой. Гэвч энэ өндөр төсвөөс төв талбайд том цагаан асар байгуулж хоолны фестиваль болон нийслэлийн наадам, даншиг наадам зэргийг зохион байгуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Мөн л АН-ын таван төлөөлөгч ТАГ байв.
-13 тэрбум төгрөгөөр RFID буюу татвар, торгуулиа төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй автомашинуудыг илрүүлж хариуцлага тооцох цахим гэрчилгээг нэвтрүүлсэн ч хэрэгжиж эхлэлгүй “замхарсан”. Энэ ажил урагшгүй байгааг Х.Нямбаатар ч ярьж байв. Мөн л АН-ын “Дүлий тав” ТАГ байв.
Мөн түүнчлэн Х.Нямбаатар иргэдийн санал шүүмжийг сонсохгүйгээр иргэдийн эрхийг зөрчиж гаргасан цөөнгүй шийдвэрүүд бий. Үүнээс ердөө хоёрыг нь л дурдахад:
-Автомашины татварыг 2-5 дахин нэмэгдүүлэх асуудлыг НИТХ-аар оруулж батлуулсан. Иргэдийн хамгийн өргөнөөр хэрэглэдэг “Приус” автомашины татвар л гэхэд 55 мянга байсан бол 200 мянгыг давсан. Нийслэл хот 1.7 сая иргэнтэй ч дээрх татварыг нэмэгдүүлэх санал асуулгад 2 хүн оролцсон гэдэг. Үүн дээр манай нийслэлийн сөрөг хүчин бас л иргэдээ мэдээллээр хангаж, асуудлыг ярьсангүй.
-Сүүлийн жишээ бол тэгш, сондгой дугаарын хязгаарлалт. Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан тэгш, сондгой хязгаарлалт хийхээр санал асуулга явуулсан. Гэтэл 1.7 сая хүнтэй нийслэлээс 6500 хүн оролцож, 3420 хүн дэмжсэн гэдэг үндэслэлээр дугаарын хязгаарлалт хийх шийдвэрийг нийслэлээс гаргаж, иргэдэд ням гарагийн оройн сюрприз барьсан удаатай. Харин ХЗДХ-ийн сайд үүнийг “Албажаагүй шийдвэр” гэж үзэн, цуцалсан байдаг. Үүнд сөрөг хүчнийхэн мөн л нүд нь балай, чих нь дүлий байж, ТАГ дуугүй өнгөрөөсөн.
Сэтгэгдэл (19)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!