Өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, зээл олголттой холбоотой олон асуудал нийгэмд хурцаар хөндөгдөж байв. Хэсэгтээ "нам гүм" болоод байсан тус сангийн 2017-2024 оны үйл ажиллагаанд Үндэсний аудитын байгууллагаас хяналт шалгалт хийхэд 31.2 сая ам.доллар буюу 71.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн байна. Эдгээр дунд Ерөнхийлөгчийн илгээлт болон Ерөнхий сайдын тэтгэлэгтэй холбоотой зөрчлүүд ч байлаа.
-БЗС-гаар гадаадад суралцаж төгссөн 312 иргэний 13 нь л зээлийн эргэн төлөлтөө хийжээ-
Боловсролын зээлийн сан нь 2017-2024 онд дэлхийн шилдэг их сургуульд суралцах 452 суралцагчид нийт 22.1 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон. Үүнээс 312 иргэн суралцаж төгссөн бөгөөд тэдгээрийн 13 нь буюу 309.7 мянган ам.долларын зээлийн эргэн төлөлтөө хийсэн. Энэ нь суралцаж төгссөн иргэний 1.5 хувийг эзэлж байгаа аж. Мөн түүнчлэн энэ хугацаанд салбарын сайд нараас 487 иргэнийг эргэн төлөлтөөс чөлөөлсөн шийдвэр гаргажээ.
-Зээлээ эргэн төлөөгүй гурван суралцагчид дахин зээл олгосон ба тэдний зээлийн үлдэгдэл 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГ-
Хуульд зааснаар нэг суралцагчид нэг л удаа зээл олгох ёстой. Гэтэл 2000-2018 оны хооронд гаргасан салбарын сайдын шийдвэрээр сангаас авсан зээлээ эргэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, ЗМС-д давхар бүртгэлтэй 3 иргэнд дахин зээл олгох тушаал гаргасан зөрчил ил болжээ. Тодруулбал, тухайн гурван иргэнд 2016-2018 оны хооронд 96 мянган ам.доллар буюу 344 сая 906 мянган төгрөгийг давхар олгосон байна.
Тухайн гурван суралцагчийн нийт зээлийн үлдэгдэл нь Монгол банкны 2025 оны 8 дугаар сарын ханшаар тооцоолбол 1,8 тэрбум төгрөг байна.
Зээлийн гэрээг зөрчсөн ч дахин зээл олгосон нь журмын хэрэгжилтийг алдагдуулж, бусад суралцагчдад олгох боломжийг хааж, тэгш байдлыг алдагдуулсан байна гэж аудит үзжээ.
-Салбарын сайд нарын эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан зээл чөлөөлөлтөөс болж 11 мянган ам.доллар төгрөгийг улс алдсан-
Боловсролын асуудал эрхэлсэн Сайдын 2017-2023 оны хооронд эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан шийдвэрээс шалтгаалж сургалтын төлбөрийн зээлийн чөлөөлөлтөд хамрагдсан 381 иргэн буюу сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлөөгүй 11,233.2 мянган.ам доллар буюу 38,422.7 сая төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэх боломжийг алдсан байна.
-Нэр давхцсан 8 иргэнд 129 сая төгрөгийг ДАВХАРДУУЛЖ ОЛГОЖЭЭ-
БНПУ-д суралцаж буй 8 суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Засгийн газар хоорондын тэтгэлгийг давхардуулан олгосон байна. Тодруулбал, аудитаар Ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцсэн 8 иргэний нэр БНПУ-ыд Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагчдад амжиргааны тэтгэлэг 8 иргэний нэртэй давхцжээ. Тухайн 8 иргэнд 2022-2024 оны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардалд 182.2 сая төгрөг, Засгийн газар хоорондын тэтгэлгээр амьжиргааны зардалд 129.3 сая төгрөгийг тус тус давхардуулж олгосон байна
-Ерөнхий сайдын тэтгэлгээр гадаадад сурч буй 22 суралцагч ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ байна-
Монгол Улсын Засгийн газар буюу Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлгээр суралцаж буй 22 суралцагч нь журмын шалгуур хангаагүй байна гэж аудит үзжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу 2021-2024 онд нийт 77 суралцагчийг гадаадад суралцуулах шийдвэр гаргажээ.
Гэтэл эдгээр дунд дэлхийн шилдэг сургууль, гадаад хэлний шаардлага хангаагүй, 2 дах удаагаа суралцаж буй, тэргүүлэх болон эрэлттэй чиглэлийн жагсаалтад ороогүй мэргэжлийг сонгосон зэрэг нийт 22 суралцагчид 675,461.11 ам.долларын зөрчил илэрсэн аж.
-Сонгон шалгаруулалтад ТЭНЦЭЭГҮЙ суралцагчийг ЗГ-ын тэтгэлгээр суралцуулжээ-
Засгийн газрын тэтгэлгээр нийт 77 суралцагчид 3,267.2 мянган ам.долларын сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон байна. Гэтэл салбарын сайд сонгон шалгаруулалтад тэнцээгүй нэг иргэнийг тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцуулах шийдвэрийг гаргасан зөрчил илэрчээ.
Тодруулбал, БШУС-ын 2022.07.05-ны өдрийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй 1 иргэнийг Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс дэлхийн шилдэг их, дээд сургуулийн магистрантурт суралцуулах шийдвэрийг гаргасан байна. Б.Э нь баримт бичгийн бүрдүүлэлтийн үнэлгээгээр 10 онооноос 2 оноо авч тэнцээгүй, дараагийн ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцсон 32 иргэний нэгтгэл жагсаалтад нэр нь тусгагдаагүй аж.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!