Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.11.19) хуралдаж, Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Иргэдээс ирүүлсэн санал, өргөдлийн дийлэнх нь, Эрүүл мэнд, Боловсрол, Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг тусгахад чиглэж байна. Тиймээс ирэх таван жилийн Үндсэн чиглэлд эдгээр салбаруудад түлхүү анхаарах асуудлыг байнгын хороодын гишүүд хөндлөө. Ажлын хэсгийн зүгээс Төсвийн ерөнхийлөн захирагч нартай 14 удаа уулзаж, тэргүүлэх чиглэлүүдэд санал авч боловсруулсан гэх тайлбар өглөө. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Б.Пунсалмаа, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал нар асуулт асууж ажлын хэсгээс хариулт авлаа.
Иргэдийн нийгмийн асуудлыг түлхүү тусгах, боловсролын тэгш хүртээмжийг сайжруулах, шүүхийн ил тод байдлыг дэмжих, хөрөнгө оруулалтуудыг зөв эрэмблэх, иргэдийн өргөдөл гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэдэг байх, төрийн бодлогод тусгуулах санал, асуултуудад ажлын хэсэг хариу тайлбар өглөө. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас зарчмын зөрүүтэй санал гарсангүй, байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!