Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын хувьсгалын 100 жилд зориулсан Өршөөлийн хууль гаргах нь тодорхой болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 49 секунд

Ардын хувьсгалын 100 жилийн ой, МАН байгуулагдсаны 100 жилийн ой ирэх онд тохионо. Тэгш ойн жил Өршөөлийн тухай хууль батлагдаж, өршөөгдөх гэж хүлээсэн хүмүүс чих тавьж буй. Гэвч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо “Энэ талаар ярих боломжгүй” хэмээн хэлсэн нь өршөөх эсэхийг эргэлзээтэй болгосон. Энэ нь нэг талаараа төрийн хэргийн нууцад хамаарах ч нөгөө талаараа өршөөлийн хууль батална гэдгийг эрт зарлачихвал нийгэмд хүлээлт үүсчихдэг тул сайд ингэж хэлсэн биз ээ.

Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатар Өршөөлийн хууль батлах эсэх тухай судалгаа хийгдэж байгааг хэлж байсан. Тэрбээр “Дэлхий олон оронд цар тахлын үед хамгийн эрсдэлтэй нөхцөлд шоронгийн нөхцөлийг тооцож байгаа. Тийм ч учраас ялаас чөлөөлөх, өршөөл үзүүлэх асуудал яригдаж байна. Хөнгөн ялтай хоригдлуудаар ажил хийлгэж, чөлөөнд гаргах ч асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн төвшинд судалж үзэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд цар тахлын үед хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, өршөөл уучлал үзүүлэх нэг удаагийн хуулийн боломжийг судалж байна” гэсэн.

Монгол Улсын Их хурал 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд зургаан удаа Өршөөлийн хууль баталсан байгаа юм. Үндсэндээ 4-6 жилийн давтамжтайгаар Өршөөлийн хууль гаргасан. Хамгийн сүүлд 2015 оны наймдугаар сарын 11-нд Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан байдаг. Мөн 2008 онд анх Татварын өршөөлийн, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль баталсан түүхтэй. Ингэхдээ Улс хувьсгалын 70 жил, Тусгаар төр байгуулагдсаны 790 жил, Тулгар төр байгуулагдсаны 800, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой гэх зэргээр тэгш ойтой жилүүдэд Өршөөлийн хууль батлагдан гарсан тул ирэх жил давхацсан ойгоор Өршөөлийн хууль батлагдан гарах нь тодорхой болжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан Өршөөлийн хууль санаачлан ажиллаж байгаа аж. Ийнхүү ойр ойрхон Өршөөлийн хууль батлан гаргаж байгааг нэг талаас “Улс төрчид өөрсдөдөө зориулж байна” гэдэг ч нөгөө талаас хэрэг үйлдсэн хүн бүрд ял ногдуулдаг "шоронжсон" хуулиас үүдэлтэй гэдгийг зарим хуульчид тайлбарладаг. Хэдэн жил болоод шорон дүүрчихдэг тул суллах, орон тоо гаргах шаардлагатай болдог гэх.

Мөн ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос дэлхийн улс орнуудын эрх баригчдад хандан цар тахлын үед хорих ангиудын ачааллыг бууруулж, хорихоос өөр арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан нь ч Өршөөлийн хууль санаачлах шалтгааныг нэмж өглөө.

ДЭМБ-аас зөвлөхдөө, “COVID-19”-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй буюу ахмад настай, архаг хууч өвчтэй, нийгэмд ноцтой хор хохирол учруулаагүй буюу хүчирхийллээс бусад хөнгөн хэргээр шийтгэгдсэн, мөн эмэгтэй болон насанд хүрээгүй хоригдлуудыг суллах механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн аж. Манай улсад архаг хууч өвчтэй болон 60-аас дээш настай, мөн эмэгтэйчүүд гээд 790 иргэн хоригдож байгаа судалгааг холбогдох албанаас гаргажээ.

Гэвч ДЭМБ зөвлөсөн гээд эдгээр иргэдийг суллах боломжгүй. Өршөөлийн хууль батлах эсвэл Шүүхийн шийдвэр гаргаж байж суллах боломжтойг салбарын сайд хэлж байсан. ДЭМБ-ын зөвлөмж өнгөрсөн тавдугаар сард гарсан бөгөөд үүнээс хойш дэлхийн 80 гаруй орны 580 мянган хүн суллагдаад байгаа гэсэн тооцоо дэлхий нийтийн судалгаагаар гарчээ. ДЭМБ-ын гишүүн орны хувьд манай улс энэхүү зөвлөмжөөс зөрөөд буруу хараад суухгүйг удахгүй батлагдах нь тодорхой болж буй Өршөөлийн хууль харуулж байна.

Энэ удаагийн Өршөөлийн хуульд хэд хэдэн зүйлийг тусгахаар анхаарч ажиллаж байгаа бөгөөд авилга албан тушаалын хэрэгтнүүд, онц хүнд гэмт хэрэгтэн, хүүхэд хүчирхийлэгчдийг өршөөлд хамруулахгүй байх чиглэлтэй байгаа аж. Харин ДЭМБ-ын зөвлөмжид үндэслэн 60-аас дээш настай хоригдлууд, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хоригдлуудыг голчлон өршөөхөөр хуулийн төслийг боловсруулж байгааг эх сурвалж хэллээ.

Манай улсад нэг удаагийн Өршөөлийн хуульд 2000 орчим хүн хамрагдаж байсан дундаж тоо байна. Гэвч тэднийг хугацаанаас нь өмнө суллаад ажил хийж, нийгэмшүүлэх тогтолцоогүйгээс амьдрахын тулд эргээд гэмт хэрэг үйлдэж, өмнөх ялаа хүндрүүлж эдлэх тохиолдол цөөнгүй гарч байсан. Тиймээс эхлээд өршөөлд хамрагдаж шоронгоос суллагдах хүмүүсийг нийгэмшүүлэх, жирийн амьдралд ороход туслах бүтэц бий болгох нь Өршөөлийн хууль батлахаасаа илүү чухал байгааг төр засгийн удирдлагууд ойлгож байгаа биз ээ.

Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар Х.Баттулгын эсрэг нэгдэл байгуулжээ
Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар Х.Баттулгын эсрэг нэгдэл байгуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.