Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар Х.Баттулгын эсрэг нэгдэл байгуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 6 секунд

Өнгөрөгч долоо хоногт олон улсын парламентын холбоо ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг хууль зөрчин баривчилсан, шүүх ажиллагаа өмгөөлөгчгүй явагдсан зэрэг асуудлаар хавтаст хэрэг нээж шалгах болсноо мэдэгдсэн захидлыг Монгол Улсад ирүүлэв. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын үед Монгол “улс төрийн хоригдол”-той гэж албан ёсоор олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө. Өмнө нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “улс төрийн 15 дахь хоригдол” болоход бэлэн байна гэдгээ илэрхийлж Х.Баттулгад зориулсан уртаа нийтлэл нийтлүүлсэн бол угсраагаад ерөнхий прокурорт хандаж үг дайсан нь олон улсын парламентын холбооны захидалтай зэрэгцэж улс төрийн хүрээнд нэлээд анхаарал татав. Улс төрийн 14 гэж нэр томьёог дотооддоо Ц.Элбэгдорж гаргаж ирсэн бол олон улс ч Монгол Улсыг улс төрийн хоригдолтой улс гэж ийнхүү анхаарал хандуулж эхэлж байна. Ц.Элбэгдоржийг нэгэн хувийн сургуулийн 10 хувийг эзэмшсэн, эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдэж шүүхрүү шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Түүний шүүх хурал удахгүй ч удахгүй товлогдоно гэв. Энэ шүүх хурал үзэх ярих юмтай дуулиан шуугиантай болох нь гарцаагүй. Ц.Элбэгдорж бол шүүх хуулийн байгууллага дуудаж байгаа С.Баяраас хойшох “хамгийн том тул” юм.

Үүнтэй холбогдох нэгэн үйл явдал өнгөрөгч долоо хоногт мөн болж өнгөрлөө.  АН-ын их хурлын үеэр экс дарга С.Эрдэнэ “амь орж” олны анхаарлыг татсан. Тэрээр “АН-ын даргын албан тушаалаа өгөхгүй, дарга хэвээрээ байгаа” гэсэн толгой эргүүлэм мэдэгдэл хийв. АН-ын гишүүд, олон инйт яагаад ийм мэдэгдэл хийснийг хэдэн талаас нь бодоод ч ойлгоогүй. Тэгвэл намын даргын ажлаа Ц.Туваанд өгөөд нам гүмхэн явах болсон С.Эрдэнэ ингэж идэвхжиж амь орсон нь учиртай юмсанж. Түүнийг мөн улс төрийн 16 дахь болгохоор хуулийн байгууллага хөдөлж эхэлсэн учраас ийнхүү хамгаалалт авах болсон гэж эх сурвалжууд тайлбарлаж байна. Тодруулбал түүнийг нийгмийн даатгалын сангийн 250 гаруй тэрбум төгрөгийн хэрэгт буруутгаад байгаа гэв. Нийгмийн даатгалд даатгуулагчдын алга болсон 250 тэрбум төгрөг хаашаа орсон нь удахгүй тодорхой яригдах бололтой.  Энэ үйл явдлаас өрсөж С.Эрдэнэ яаран сандран гарч ирээд АН-ын дарга хэвээр байгаагаа тунхаглав. Тэгээд хуулийн байгууллага дуудахын өмнө АН-ын даргаа өгөхгүй гэхээр АТГ дуудлаа гэж угсраа мэдэгдэл хийх бололтой.

Мөн тэрбээр твитерт пост оруулж харагддаг болсон. Үүнийг баригдахынхаа өмнө гэнэт жиргээч болж учиргүй идэвхжсэн С.Баяртай адилтгаж тайлбарлах жиргээчид олон байна. С.Баярын жиргээ хүмүүсийг хуйлруулдаг, логик, үндэслэл сайтай товчхондоо алдартай байсан бол С.Эрдэнийн жиргээг тоож байгаа хүн даанч алга байна.

Ийнхүү дор бүрнээ идэвхжиж өөр өөрсдийнхөөрөө хамгаалалт, саармагжуулах ажиллагаа хийж эхэлсэн Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар хоорондоо сэм уулзах болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Хэзээ ч анд нөхөд байгаагүй тэднийг зовлон нэгтгэх болжээ. Тэдний хооронд “Х.Баттулгыг хэрэггүй ерөнхийлөгч болголоо”, “Ерөнхийлөгч болчихно гэж бодоогүй” гэсэн битүү гомдлын үгс өрнөдөг байснаа эцэстээ “Х.Баттулгын эсрэг өргөн фронт үүсгэе” гэж санал нэгдэж тойрон хүрээлэгчдээ зузаатгах болсон байна. Үүнээс үүдэж АН-д Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёр өрсөх үү? Х.Баттулга өрсөх үү? гэсэн тулаан өрнөж эхэлжээ. 

Чононууд зодолдоход хурганууд хол бай гэгчээр АН-д тэдний аль нэг талд оролгүй ажиглах янзтай хүмүүс нь дийлэнх олонх болсон ажээ. Тэд "Ц.Элбэгдорж ч уг нь зүүний нүхээр  багтдаг сэргэлэн самбаатай улс төрч. Тэр жил Н.Энхбаяр гэнэт дуудахад ордон орох гээд пиджакгүй гараад ирчихсэн гудманд таарсан хүний пиджакыг гуйж өмсөж ороод Ерөнхий сайд болоод гараад ирсэн хүн, өөр хүчтэй хорших хүн байвал Х.Баттулгыг ч буулгах аргаа олж мэднэ. Даанч явж явж С:Эрдэнэтэй нийлчихлээ, юу болохыг харья даа" гэж хоорондоо шивэр авир хийлдэж байна. 

Маргааш Бархасбадь, Санчир гарагууд давхцаж харагдана
Маргааш Бархасбадь, Санчир гарагууд давхцаж харагдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.