
Төсвийн гурав дахь хэлэлцүүлэг өрнөж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа. Түүний хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан төсвийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
-Дөнгөж өчигдөрхөн төр ажил хаялт зарласан багш нартайгаа зөвшилцөж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх шийдэл дээрээ тохиролцлоо. Үүнтэй зэрэгцэн эмч нарын цалин болоод ахмадын тэтгэврийн асуудал ч хөндөгдлөө. Танай намын бүлэг энэ өдрүүдэд цалин, тэтгэмжийн асуудал дээр ямар байр сууринаас хандав гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Манай Ардчилсан намын бүлэг эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин болоод тус салбарт зарцуулж байгаа зардлын талаар нэлээн ярилцсан. Ж.Чинбүрэн сайд өчигдөр бүлгийн хуралдаанд мэдээлэл өгсөн. Ер нь эмч, багш нарыг цалинг нэмж байгаа нь зөв. Гэхдээ эрүүл мэнд, боловсрол болон бусад салбар ч бүтээмжээ алдчихсан. Тухайлбал, ЭМД л гэхэд даатгуулагчтай холбоотой зардлыг эрүүл мэндийн тогтолцооны хэсэг болгоод хаячихсан. Гэтэл тэр нь олон хүнд үйлчилж, их зардал гарч байвал үр дүн өндөр гарч байна гэж боддог болчихсон байна. Тэгэхээр KPI үзүүлэлтүүдийг сайжруулах ёстой гэдэг байр суурийг бүлгийн зүгээс илэрхийлж байгаа.
-Ингэхдээ танай намын бүлгээс УИХ-ын гишүүд, сайд нар иргэдтэйгээ адилхан дундаж цалин авдаг болох талаар саналыг дэвшүүлсэн нь анхаарал татлаа. Яагаад ийм санал гаргах болсон юм бэ?
-Ер нь УИХ-ын гишүүн, сайд даргын цалин ч бусадтайгаа адил байх ёстой. Ингэж байж бусадтайгаа зохицож амьдарна гэсэн үг. Цалин урамшууллын системийг монгол даяар эргэж харах ёстой.
Өнөөдөр бид багш, эмч нарын цалингийн асуудлыг шийдэж байгаа мэт харагдаж байгаа боловч энэ нь түр зуур аргацааж байгаа л шийдэл. Маргааш энэ асуудал цагдаа, төрийн захиргаа үйлчилгээнийхэн гээд л үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, системээрээ эргэн хөндөгдөнө гэсэн үг. Тиймээс цалин, урамшуулал, нэмэгдлийн асуудлыг эргэн харж, цэгцлэх хэрэгтэй.
Өнөөдрийн түвшинд өргөн барьсан төсвийн хүрээнд яаралтайгаар урсгал зардлаас хасаад тодорхой хэсгийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд, үүнийг урсгал зардал дотор нь л шийдэх ёстой гэж бодож байгаа. Тухайлбал, 2017 онд манай улсын төсвийн нийт урсгал зардал 7 их наяд байсан. Харин одоо буураад, буураад 24 их наядын тухай ярьж байна. Гэтэл энэ дотор нийгмийн суурь тогтолцоо болох эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалинг шийдэж чадаагүй асуудал ужгирч явсаар өнөөдрийн хямрал руу орсон юм. Ахмадын настны тэтгэвэр ч ялгаагүй. Тэтгэврийн сангийн хөрөнгөө нэмэлгүйгээр төсвийн нэг хэсэг болгож ирсэн. Энэ байдлаас улбаалж цаашид татвар төлөгчдөд үр ашиггүй байдал руу явчих магадлалтай учраас тогтолцооны өөрчлөлтүүдийг бид хийх ёстой. Энэ удаагийн төсөв дээр гал унтраах байдлаар тохиролцсон хэмжээнд нь цалинг нэмж байгаа боловч цаашид эрүүл мэнд, боловсрол зэргийг тогтолцоог сууриар нь өөрчлөх ёстой. Тухайлбал, боловсролын салбарт гэхэд хичээлүүдийн оновчлолыг хэр хийж байна вэ гэдэг асуудал байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд эмч нарын бүтээмж зөв байна уу, хүмүүстээ хүрч үйлчилж чадаж байна уу, ЭМД-ын мөнгө нь даатгуулагч руу зарцуулагдаж чадаж байна уу эсвэл үр ашиггүй зардлууд гараад байна уу гэх мэт асуудлуудыг сууриар нь хөндөх шаардлагатай. Харамсалтай нь төсвийн хэлэлцүүлэг ингээд дуусч байгаа учраас аль нэг зардлаас хасах ёстой болж байгаа юм.
-Гишүүд төсвийн урсгал зардлыг багасгахтай холбоотойгоор олон талын зарчмын зөрүүтэй саналаа гаргаад явж байгаа. Таны хувьд энэ чиглэлд санал гаргах уу?
-Миний хувьд Дав.Цогтбаатар гишүүний хамтаар урсгал зардлаас хасах тодорхой саналыг бэлдсэн. Уг саналыг бэлдэхдээ олон улсад урсгал зардлыг хасдаг аргачлалыг хэрэглэсэн. Нэгэнт төсөв өргөн барьчихсан энэ нөхцөлд бид бүтцийн өөрчлөлт хийж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өргөн барьсан төсөв дотор урсгал зардлыг нэмж болохгүй. Өмнөх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар урсгал зардлын өсөлтийг хязгаарладаг заалтаа авч хаяж байгаад огцом өсгөчихсөн. Түүнийхээ балагийг одоо амсаж байгаа юм.
Хэрэв энэ байдлаараа шахалтад орж, урсгал зардлаа дахин өсгөвөл Монгол Улс жилд олсон орлогынхоо 70-80 хувийг урсгал зардалд зарцуулдаг болно гэсэн үг.
Тиймээс нэмэхээр тохирсон санхүүжилтийн эх үүсвэрийг урсгал зардал дотроос нь бий болгоё. Дунд хугацаандаа бүтцийн өөрчлөх замаар оновчтой болгох хэрэгтэй. Ингэхдээ хуулиар тогтоосон зардал, цалин нийгмийн даатгалын зардал болон орон нутгийн татаасыг хөндөөгүй. Харин бусад урсгал зардал дээр нарийвчилсан тооцоолол хийсэн.
-Тухайлбал?
-2025 оны урсгал зардлыг 2026 оныхтой харьцуулж түүнээс нэрлэсэн өсөлт, харьцангуй өсөлт, бодит өсөлтийг тооцоолж, түүнээсээ бууруулах дүнг гаргаад ирж буй юм. Үүгээр 416 тэрбум төгрөгийг хасаж болохоор байна. Төвсийн байнгын хорооны хурлаар эл саналаа оруулна. 416 тэрбум төгрөгөөс Завхан, Баянхонгорт хийх эдийн засгийн үр өгөөжтэй хоёр замд 30-40 тэрбум төгрөг, 6 жилийн өмнө эхлээд гацчихсан барилгад нэг тэрбум гаруй төгрөг, багш эмч нарыг цалинг нэмэхэд 361 тэрбум төгрөгийг нь зарцуулах горимын саналыг оруулах гэж байгаа юм. Нэг ёсондоо, урсгал зардлыг байж болох хэмжээнд нь олон улсын аргачлалаар хийж байгаа хэрэг. Гэхдээ энэ бол богино хугацааны асуудал. Дахиад хэлэхэд, өргөн барьчихсан байгаа төсөв дотор яриад байна гэсэн үг шүү дээ. Үүний дараагаар Төсвийн зарлагын хяналтын дэд хороо байнгын ажиллагаа хийж, процессуудыг зөв болгох ёстой. Үр ашиггүй зардлуудыг бууруулах ёстой. Үр ашигтай зохион байгуулалт, бүтэц руу орох ёстой. Хамгийн сайн онтой харьцуулах замаар төсвийн бүтцийг шинэчлэх ёстой.
2017 оны төсвийн үед төрийн бүтэц, зохион байгуулалт хэт данхайгаагүй байсан үе гэж боддог. Тухайлбал, 2017 онд манай Монгол Улсын төсвийн орлого нь 9 их наяд байсан. Гэтэл бид өнөөдөр бууруулаад, бууруулаад 33 их наяд төгрөгийн тухай ярьж байна.
Өөрөөр хэлбэл, төсвийн орлого нь 4-5 дахин өсчихсөн байхад бид суурь эрүүл мэнд, боловсролын салбарын асуудлаа ч шийдэж чадаагүй л явна. Энэ асуудлыг бүтцийн шинэчлэлээр хийх ёстой.
-Эмч, багш нарын цалинг нэмэхтэй холбоотойгоор гишүүд олон талын санал шийдлийг дэвшүүлж байна л даа. Эмнэлэг, цагдаа, онцгойгоос бусад албаны автомашинуудаас хасах, ТӨХК-иудын цөөрүүлэх гэх мэт?
-Миний гаргаж буй санал нь мэргэжлийн түвшинд, төсөвт тусгагдсан аль нэг тухайлсан зардлыг ор мөргүй хасъя гээгүй. Нийт зардлын хэлбэлзэл дотроос хэвийн өсөлт, бууралтаас ихэдсэн болон багадсан хэсгүүдийг нь хасъя гэсэн мэргэжлийн байр суурь байгаа юм. Зарим гишүүдийн гаргаж буй саналуудыг дэмжиж байгаа. Тухайлбал, автомашиныг хасах нь маш зөв санал. Энэ нь реформын шинж чанартай, нэлээн огцом санал л даа. Гэхдээ боломжтой. ТӨХК-иудын хувьд ч гишүүдтэй адил байр сууринаас хандаж байгаа. Ер нь бид төсвийн мөнгө гээд л яриад байдаг. Бодит байдал дээр улсад эргэлдэж байгаа мөнгөний 1/3-ийг л бид хэлэлцээд сууж байна шүү дээ. Үлдсэн хувь нь орон нутгийн төсөв болон ТӨХК-иуд дээр явж байна. Буруу аргаар хэрэглэгдэж байгаа мөнгөний эх үүсвэр ТӨХК-иуд дээр байна гэж би үзэж байгаа. Богино хугацаанд бид бүтцийн өөрчлөлт хийж чадахгүй учраас УИХ-ын тогтоол дээр горимын санал оруулах бодолтой байна. Ингэхдээ, ТӨХК-иудын хувьцаа эзэмшигчийг УИХ гэж үзье. Жилдээ нэг удаа ТӨХК-иудын санхүүгийн тайланг танилцуулдаг болно гэсэн үг. Засгийн газар бол үйл ажиллагааг нь зохион байгуулах гүйцэтгэх удирдлага гэсэн үг. Тэгэхээр Засгийн газар ТӨХК-иудын үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэсэн орлого, зарлагыг л удирдах эрхтэй болохоос түүнээс бусад зардлыг гаргах эрхгүй. Тэр нь өөрөө Монгол Улсын төсвийн нэг хэсэг байх ёстой. Эсхүл УИХ-аар батлагддаг байх ёстой. Улсын төсвөөс их хөрөнгийг ТӨХК-ийн захирлууд хувийн компанид ажиллаж байгаа мэтээр шийддэг байж болохгүй шүү дээ. Ийм агуулга бүхий тогтоолын төслийг бэлдэж байгаа. Цаашид ТӨХК-иудыг цөөрүүлж, үр ашигтай, олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол төсвөөс ч их мөнгө тэнд үр ашиггүй зарцуулагдаж байгаа нь олон баримтаар нотлогдож байх шиг байна шүү дээ.
-Гал унтраах байдлаар цалинг тохиролцсон хэмжээнд нь нэмж байгаа боловч цаашид реформын шинж чанартай өөрчлөлтийг хийхгүй л бол энэ асуудал дахиад ч үргэлжилнэ-

-Энд нэг зүйлийг асуулгүй өнгөрөөж болохгүй байх. Бид анхнаасаа төсвийн орон зайгаа бүрэн дайчилсан уу гэдэг асуудал. Анх багш, эмч нарын цалинг нэмэх асуудал хөндөгдөж эхэлж байх үед төсөвт энэ хэмжээний боломж байхгүй гэдэг зүйлийг хэлж байсан. Гэтэл ажил хаялт зарлаад, асуудал нүүр тулаад ирэхэд нэмэх боломж байна аа, тохиролцъё гэдэг л процесс явлаа шүү дээ?
-Өнгөрсөн жилийн төсвийг эргэн саная. Тухайн үед төсвийн орлогыг 35-36 их наядаар тооцож оруулж ирэхэд нь хэт өөдрөгөөр төсөөлсөн байна гэсээр байгаад Ерөнхийлөгч хориг тавьж байв. Үүний дүнд 1.8 их наяд төгрөгийг хасуулсан. Дараагаар нь төсвийн тодотголоор дахин 1.8 орчим их наяд төгрөгийг хассан. Үе үеийн Засгийн газрууд орлогоо их төлөвлөж, зардлаа өндөр тавих сонирхол явж ирсэн. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд зардал их гаргах бодлого барьж, төсвөө данхайлгаад байсан болохоос бүтээмж тэр дундаа нийгмийн суурь салбаруудынхаа асуудлыг шийдэх цогц шийдлийг оруулж ирж байгаагүй. Өнгөрсөн жил зардлаас хасах боломжгүй гэж байгаад л хасаж байсан. Өнөөдрийн нөхцөлд ч хасах боломжтой байсан гэдэг нь харагдаж байна. Маш энгийн тооцооллуудыг гаргаж ирж байгаа байхгүй юу. Сүүлийн 7,8-хан жилд төсөв дөрөв дахин өссөн байхад багш, эмч нарын цалин өсөөгүй. Төрийн хийх ёстой үндсэн ажлын нэгдүгээрт, иргэдээ эрүүл байлгах ёстой. Дараагаар нь боловсрол. Тэгээд ахмадуудаа хангалттай тэтгэвэртэй болгох ёстой. Удаагаар нь төрийн захиргааны байгууллагын ажил тасралтгүй явах ёстой шүү дээ. Гэтэл бусад зүйлээ үр ашиггүй байдлаар хийчихсэн. Одоогийн нөхцөлд гал унтраах байдлаар асуудлыг шийдэж байгаа боловч цаашид зүй зохистой хэмжээнд нь оруулахгүй бол энэ асуудал дахиад ч үргэлжилнэ. Монгол Улсад цалингийн тогтолцоо үр ашигтай, зөв байна уу гэдэг асуудал яригдана. Үндсэн цалингаасаа илүү нэмэгдэл авдаг хэсэг ч бий. Тэгэхээр реформын шинж чанартай өөрчлөлтийг хийхгүй л бол энэ удаагийн төсвөөр цалин нэмж байгаа нь богино хугацааны шийдэл.
-Ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаа дуусахад ердөө 10 гаруй хоног л үлдсэн байна. Гэтэл бид өнөөдөр төсвийн гурав дахь хэлэлцүүлэг дээрээ л явж байна. Ер нь төсвөө цаг хугацаанд ч баталж чадахаар байна уу?
-Энэ долоо хоногоос УИХ-ын гишүүдийн горимын саналуудыг хэлэлцээд, санал хурааж эхэлнэ. Миний харж буйгаар, энэ долоо хоног болон ирэх долоо хоногт төсвийн хэлэлцүүлэг амжина гэж бодож байна. Гэхдээ яг үнэндээ төсөв цаг хугацаандаа амжих эсэх нь жижиг зүйл.
Юу чухал вэ гэвэл боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо тэр дундаа хөдөлмөрийн хөлсний бүтээмж зөв болж байна уу, инфляц өсгөчихгүйгээр хамгийн бүтээмжтэй, шударга цалин хөлсийг яаж тогтоох вэ, урт хугацааны шийдэл олж чадаж байна уу, үгүй юу гэдэг л чухал. Тиймээс яалт ч үгүй бүтцийн өөрчлөлтийг төр засгийн хэмжээнд хийх ёстой. Хоёрдугаарт, боловсрол, эрүүл мэндийн салбарт бүтээмжийн асуудлыг анхаарах ёстой. Тэтгэврийг санг зөв горимонд нь оруулж, нэг удаагийн сангийн бүрдүүлэлтийг хийж бие даалгах шаардлага тулгарч байна.
-Энэ чуулганаар олон нийтийн хүлээлтэд байгаа хэд хэдэн хуулийн төсөл бий. Тэдгээрийн нэг нь татварын шинэчлэл, нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт. Таны санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ямар шатандаа яваа вэ?
-Нэг талдаа цалин нэмэх ёстой гэж яриад байдаг. Гэтэл нөгөө талдаа бизнес эрхлэгчдийн хувьд татвар, нийгмийн даатгалын ачаалал хэтэрхий ихэссэн. Ялангуяа монгол хүн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжгүй болчихсон. Хувиараа хөдөлмөр эрхлэхээр орлогын албан татвар 10 хувийг авна. Дээрээс нь нийгмийн даатгалыг албан журмаар хоёр талаас нь авчихна. Хувь хүнтэй гэрээ байгуулсан этгээдээс 10 хувь, өөрөөс нь бас 10 гаруй хувийг суутгаж байна. НӨАТ-аа нэмэх юм бол бараг 40 гаруй хувийг борлуулалтынхаа орлогоос төлөх болчихож байгаа юм. Тиймээс бизнес эрхлэгчдийн хэлдэг хувиараа хөдөлмөр эрхлэх, хөлсөөр ажиллах гэрээ буюу иргэний хуулиар зохицуулж байгаа эл харилцаанаас нийгмийн даатгалыг албан журмаар хоёр талаас нь авдгийг болиулах хуулийн төслийг санаачлаад явж байгаа. Нөгөөтээгүүр хоол унааны мөнгөнөөс хүртэл нийгмийн даатгал авч байна шүү дээ. Гэтэл төрийн албан хаагчид ч хоол, унааны мөнгө гэж авдаг. Түүнээс шууд нийгмийн даатгал авч байгаа нь зардлыг өсгөж буй нэг хэлбэр.
МАН-ын даргын тэмцлээс шалтгаалж төрийн ажил удааширч, нэлээн цаг алдлаа. Удахгүй нийгмийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтөө хэлэлцүүлнэ гэж зорьж байгаа.
-Үндсэн хууль зөрчинө гэдэг бол эрт үеийнхээр бол бараг л цаазаар авхуулах хэмжээний зүйл шүү дээ-

-Яг одоогийн нөхцөлд төсвөөс гадна УИХ-ын дэд даргын Үндсэн хууль зөрчсөн асуудал болоод түүнийг эгүүлэх татах эсэхтэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж байна. ҮХЦ нэгэнт Үндсэн хууль зөрчсөнийг тогтоочихсон энэ нөхцөлд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах тухай асуудлыг ярих уу?
-Монгол Улсад эрүү, иргэн, захиргаа гээд хуулийн олон ангиллууд бий шүү дээ. Харин УИХ болон засгийн эрх барьж байгаа байгууллагуудын хувьд эрхэмлэн дээдэлж явах учиртай хууль бол Үндсэн хууль. Нэгэнт Үндсэн хууль зөрчсөн бол ийм асуудал дахин гаргуулахгүй байх чиглэлд анхаарч, гаргасан хүмүүст тодорхой хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Энэ чинь эрт үеийнхээр бол бараг л цаазаар авхуулах хэмжээний зүйл шүү дээ. Тэгэхээр цаашид Үндсэн хуулиа сахин хамгаалж, монгол төрөө бат бэх байлгах үндсэн том зорилго дээрээ нэгдэх хэрэгтэй. Процесс болоод хуулийн санкц нь хэрхэн явахыг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Үндсэн хууль зөрчихөөс сэргийлэхгүй бол төр тогтворгүй байдал руу орох эрсдэлтэй байна.
-Өнөөдөр улс төр ийм нөхцөл байдалтай байгаагийн буруутанг сөрөг хүчин гэж цоллох зүйл гарч байна. Үнэхээр сөрөг хүчин буруутан нь уу?
-Эд чинь дотроо ялзраад, Үндсэн хуулиараа тоглох хэмжээнд хүрчхэж. Төрийн асуудал яригдаж байхад намын асуудлынхаа ПР-ыг ерөөсөө хаяхгүй байна. Төрөө өөрсдөө хувааж хаясан хэр нь ПР нь сөрөг хүчин рүү чиглэж байгаад харамсаж байна. Уг нь УИХ-ын гишүүд намаасаа илүү төрийн тогтвортой байдлыг л бодох ёстой. Төрөө хувааж хаячхаад өрсөлдөөнт байдлаараа аль нэг нам руу буруугаа чихэж байгаагаас харахад төрийг тогтвортой байлгах, монгол төрийг бэхжүүлэх, Үндсэн хуульдаа үнэнч байх гэдгээ ойлгож байгаа эсэхэд нь эргэлзэж байна. Төр нь дээрээ байх ёстой. Хэн, аль нам буруутай вэ гэдэг нь жижиг асуудал.
-Ярилцлагын төгсгөлд, таны өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн 300 мянган ам.долларын заналхийлэлд өртсөн гэх асуудлыг тодруулъя гэж бодлоо. Та энэ асуудлаараа хуулийн байгууллагад хандах уу?
-Нэгдүгээрт, 300 мянган ам.доллар шаардсан процесс болсон нь үнэн. Худлаа яриагүй. Хоёрдугаарт, үүнийг олон нийтэд зарлаж байгаа нь бусад залуу гишүүддээ буруу явдалтай эвлэрэхгүй шүү гэдэг агуулгыг хүргэх буюу урьдчилан сэргийлэх үүднээс мэдээлсэн. Түүнээс биш аврал эрж, хуулийн шүүхийн байгууллагад хандах зорилго тээгээгүй. Би өөрөө тэр хүнтэй уулзаад тийм зүйл байхгүй гэдгийг нь хэлчихсэн учраас хуулийн байгууллагад хандах бодолгүй байгаа. Гэхдээ цаашид яаж өрнөхийг нь би мэдэхгүй байна.
-Ихэнхдээ илэрхийлж буй байр суурь, хөндөж буй асуудалтай нь холбогдуулж заналхийлэл ирлээ гэдэг зүйлийг гишүүд их хэлдэг л дээ. Ер нь яагаад таныг заналхийлэх болсон бэ гэдэг дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Миний хөрөнгө оруулсан компани 1XBET-тэй холбоотой гэсэн цуурхал өнгөрсөн жил ч гарч байсан. Үүнийг л хүмүүс өлгөж аваад, энэ чинь гэмт хэрэг хийсэн юм байна гэх мэтээр харсан нь ийм үйлдэл хийх сэдэл болсон болов уу гэж харсан. Тэр асуудал нь шалгагдаад явж байгаа. Хуулийн хүрээнд үнэн зөв нь гараад ирнэ. Тэрнээс бол дарамт, шахалтад орсон зүйл байхгүй. Гэхдээ ийм асуудлыг УИХ-ын гишүүний хувьд ч, бизнес эрхлэгчдийн хувьд ч нээлттэй зарлаж байх ёстой. Ер нь нийгэмд байгаа буруу зүйлийг буруу гэдгийг нь хэлчих шинэ соёлыг тогтоох ёстой.
Ярилцсанд баярлалаа