МАН-ын зодоон намдаж, төсөв "моодонд" орох цагаар үнэгүйдсэн цалинтайгаа "орхигдсон" багш, эмч нар ажил хаялт зарлаж, төртэй ширүүхэн гэгч нь үзэлцэж байна. Тэд энэ удаа жил бүр инфляцтай уялдуулж үе шаттай цалингаа нэмнэ гэсэн амлалтаа биелүүлээгүй гэдгийг сануулж, цалинг 3.5 саяд хүргэх шаардлагыг тавьсан юм. Тэгвэл өнөөдөр иргэд яагаад, ямар нөхцөл байдлаас шалтгаалж хүртээж буй цалин чинь амьдралд хүрэхгүй байна гэж анхааруулаад байна вэ гэдгийг энэ удаагийн Visual Toim булангаараа хүргэхийг зорилоо.
-2018 оноос хойш үнэ бараг 2.36 дахин нэмэгдсэн-

Дээрх үзүүлэлт нь төгрөгийн ханш унах нөгөө талдаа инфляцын өсөлтийн шуурганд бидний худалдан авч буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн нэмэгдсэнийг бодитоор дүгнэж болохоор үзүүлэлт юм. 2018 онд 28 мянган төгрөгөөр худалдаж авч байсан хүнсээ өнөөдрийн ханшаар 66 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өөрөөр хэлбэл, үнэ бараг 2.36 дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэ нөхцөл байдал олон хүүхэдтэй өрх болоод цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч буй иргэн бүрд санхүүгийн хамгийн том хүндрэлүүдийн нэгд зүй ёсоор орно.
Түүнийг дэлгэрүүлж авч үзвэл:
-Төгрөгийн худалдан авах чадвар 8 жилийн хугацаанд 135.5 хувиар суларчээ-

Яг адил нэр төрлийн 12 төрлийн өргөн хэрэглээний барааг худалдан авахад бид 2018 онд 28148 мянган төгрөг зарцуулдаг байжээ. Энэ дүн 2021 онд 42799 төгрөг, 2025 оны аравдугаар сарын байдлаар 66592 төгрөг болтлоо нэмэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадвар 8 жилийн хугацаанд буюу 2018 оноос 2025 оны 10 сар гэхэд 135.5 хувиар алдагдсан гэсэн үг юм.
-Хэзээ инцфляциа бууруулж, мөнгөө цаас бус мөнгө хэвээр нь хадгалах вэ-

Жил бүр инфляцыг тогтвортой бууруулах уриа лоозон болтлоо хэлэгддэг ч бодит байдал дээр биеллээ олох нь бага. Хэрэв бид инфляцаа бууруулж, олж буй хэдэн төгрөгөө "үнэ цэнтэй" байлгаж чадсан бол өнөөдөр ажиллах хүчээ алдчихаад, цалин нэмэх шаардлагатай улаан нүүрээрээ тулахгүй ч байсан байж болох. ҮСХ-ноос гаргасан мэдээллээс харахад, 2021,2022 онд инфляц огцом нэмэгдэж, хоёр оронтой тоо руу орж байв. Харин энэ оны аравдугаар сарын байдлаар инфляц 9 хувьтай гараад байна. Үүний 2.8 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг 1.9 нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан,түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
-10 жилийн хугацаанд төгрөгийн үнэ цэн ам.долларын эсрэг 70-80 хувиар буураад байна-

Тэгвэл төгрөгийг ханш суларч буйг түүний ам.доллартой харьцах ханшийн хөдөлгөөнөөс харж болно. Тодруулбал, 2015 онд 1 ам.доллар авахад 1970 төгрөг хэрэгтэй байсан бол 2025 онд 3455 төгрөг болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн үнэ цэн ам.долларын эсрэг 70-80 хувиар буурсан буюу төгрөгийн худалдан авах чадвар 1 долларын эсрэг ойролцоогоор 3/4-аар суларсан гэсэн үг юм. 2023 онд л гэхэд монгол төгрөг нь хамгийн сул ханштай валютуудын 14-рт эрэмбэлэгдэж байгааг XE.com мэдээлсэн байдаг.
-Валютаа дотооддоо үлдээхийн тулд жилээс жилд өсөн нэмэгдэж буй импортын хэрэглээгээ ТӨР Ч тэвчье-

Тэгвэл монголын эдийн засаг хүнд нөхцөлд байгаагийн суурь шалтгааныг хэрэглэгч орон гэдэгтэйгээ холбон бодох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, бид төгрөгөө валют болгон гадагш урсгасаар байна. Монгол Улсын импортын хэмжээ жил бүр нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг дээрх графикаас харж болно. 2016 оноос хойш бид 61 сая ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгийг гадагш урсгаж, импортоор бараа худалдан авчээ. Түүнчлэн улсын төсвийн зарлага нэмэгдэхийн хэрээр импортын хэмжээ ч нэмэгдэж буй зүй тогтлыг анхаарах нь зүй.
-Экспорт нэмэгдсэн ч салбар төрөлжсөнгүй-

Нөгөө талдаа Монгол Улсын экспорт ч нэмэгдэж байна. Гэхдээ экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уул уурхайн салбараас гаргаж буй. Нэг ёсондоо, уул уурхайн салбараас хараат эдийн засагтай болох нь үүгээр нотлогддог. Иймээс бид ирэх жилүүдэд эдийн засгаа солонгоруулж, экспортын салбараа нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага үүсэж буй юм.
-Гадаадын хөрөнгө оруулалтгүй бол эдийн засгаа солонгоруулах уриа лоозон хэвээр үлдэнэ-

Нөгөөтээгүүр, бид эдийн засгаа солонгоруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой. Гэвч хөрөнгө оруулагчдаа ЗОДОЖ хуулиар нь “боодог“ Монголд 13 жил гялтайх гадаадын хөрөнгө оруулалт байсангүй.
Тодруулбал, Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2000-2010 онд уул уурхай салбарын өсөлтийг дагаад жилд дунджаар 20-25 хувийн тогтмол өсөлттэй явж ирсэн байдаг. Улмаар 2011 оноос Оюутолгой төсөлтэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт тэрбум ам.долларын босго давж 5.7 тэрбум ам.доллар хүртэлх дүнд хүрч байв. 2012 онд уул уурхайн салбарт хүчтэй хөдөлгөөн орсон ч дараагийн жилүүдээс нөхцөл байдал өөрчлөгдсөөр өнөөдөр бид 2012 оны эл хөрөнгө оруулалтыг ТҮҮХЭН ҮЗҮҮЛЭЛТ гэж нэрлэж сууна.
Мөн 2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурч 2015 онд 1.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2016 оноос бага зэрэг сэргэж 2019 оны жилийн эцэст 3.1 тэрбум ам.долларт хүрсэн юм. Гэвч цар тахлын үр нөлөөгөөр 2020 оны жилийн эцэст өмнөх оноос 22.8 хувиар буурч 2.5 тэрбум ам.доллар болсон байдаг.
Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортой нэмэгдэж байгаа боловч 2012 оны үзүүлэлтдээ хүрч чадахгүй хэвээр л байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд байгаа аж.