Монгол Улсын ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталсан байх хуулийн хугацаатай. Гэвч өнөөдрийн байдлаар гурав дахь хэлэлцүүлгээ ч эхлүүлээгүй яваа нь хугацаандаа баталж чадах эсэхэд эргэлзээ үүсгээд байгаа юм. Ирэх оны төсвийн асуудлаар УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй ярилцлаа.
-УИХ төсвөө хугацаанд нь баталж чадах нь үү?
-Баталж чадна л даа. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явж байна. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргачихвал УИХ төсвөө хугацаанд нь батална. Гэхдээ есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 15-ны хооронд нийт 75 хоногийн дотор төсвөө хэлэлцэж батлах ёстой. Гэтэл энэ 75 хоногийн 40 хоногт нь эрх баригч намынхан хоорондоо хэн нь бяртайгаа “үзээд” улсын төсөв батлах асуудлыг хойшлууллаа. Байнгын хороод хуралдахгүй байна. Төсвийн байнгын хороо ч хуралдахгүй байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Улстөржилт нь улсын төсвөөс илүү давна гэж юу гэсэн үг юм бэ. Үүнийг төрийн дээр нам гарсны илрэл гэж байна.
Гурван сонгууль дараалан үнэмлэхүй ялсан нам “Бидэнд хэн юу хэлэх вэ” гэсэн байдлаар ханддаг болсон байна. Үндсэн хуулийг зөрчих нь эд нарын хувьд чухал биш болсон юм байна. Төсвөө мартсан уу, Монгол ардын намынхаан гэж хэлмээр байна даа. Энэ чинь хугацаатай асуудал шүү дээ.
-Хасах, хэмнэх боломжтой маш их мөнгө байна-
-Төсвөө хугацаанд нь баталж чадах уу, үгүй юу дээр тулсан энэ үед буруутан нь хэн юм бэ?
-Эрх барьж байгаа нам шүү дээ. Эд нар эрх мэдлээ булаацалдаад, улсын төсвөө хойш нь хаясан. Нээх ард түмэндээ хайртай болоод тамга, тэмдгээ булаалдаад байгаа юм биш. Эрх мэдлээ булаалдаж буй л нэг хэлбэр. Энэ дунд нь улсын төсөв, гадаа жагсаал хийж буй эмч, багш нар, ахмадуудын асуудал орхигдож буйг алгын чинээ ч тоохгүй байна.
Улсын төсвөөс хасах, хэмнэх боломжтой маш их мөнгө байна. Бид урсгал зардлаа нэмэгдүүлээд байгааг би байнга хэлж байгаа. Энэ байдлаараа төсвийн орлого 15 хувиар буурахад л урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлуудаа санхүүжүүлэх боломжгүйд хүрэх гээд байна.
Ийм байхад намынхаа ажлыг нэгдүгээрт тавиад, улсын ажлыг хойш нь тавьж болохгүй. Юу гэсэн үг юм бэ, хэлэх үг олдохгүй байна.
-Тэтгэвэрт гараад нэг жилийн дотор бурхны оронд "одсон" 1400 хүн байна-
-Ер нь Г.Занданшатарын Засгийн газар хэр сайн төсөв оруулж ирсэн юм бэ?
-Хүн төвтэй төсөв гэж хэлж байгаа ч үнэхээр хүн төвтэй байгаагүй. Яагаад гэвэл эмч, багш болон бусад төрийн албан хаагчид төрд зүтгээд тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хоёр хувааж олгоно гэнэ. Өөрөөр хэлбэл үхсний хохь, амьдын зол болоод байна шүү дээ.
Статистикийн судалгааг харахад, өнгөрсөн жил тэтгэвэрт гараад нэг жилийн дотор бурхны оронд “одсон” 1400 хүн байна. Тэгэхээр хоёр жилд хувааж олгох тэтгэмжийг бүрэн авч чадалгүй бурхан болох нь байна шүү дээ. Үүнийг Засгийн газар “Хүн төвтэй төсөв” гэж нэрлэж байгаа юм уу.
Хоёрдугаарт, өнөөдөр төрж байгаа хүүхдүүд зургаан жилийн дараа сургуульд орохыг төр нь мартчихсан юм уу. Сургууль, цэцэрлэгийнхээ хүртээмжид анхаардаггүй. Тэгэхээр би ирэх оны төсвийг лоозон маягийн төсөв л гэж харсан.
-Иргэд, олон нийтээр хэлэлцүүлж авсан саналаа бүрэн тусгаагүй гэсэн үг юм уу?
-Хуулиараа олон нийтээс саналыг нь авах ёстой. Энэ хуулиа л хэрэгжүүлчихээд “Олон нийтээс санал авсан” гээд байгаа. Хийх ёстой ажлаа л хийсэн шүү дээ.
-Та яриандаа “Хэмнэх боломжтой олон зардал байна” гэсэн. Юу юунаас хэмнэж болохоор байна?
-Төрийн болон төрийн өмчит оролцоотой байгууллагууд нийт 40734 автомашинтай байна. Үүнээс онцгой байдал, эмч, цагдаа, хил хамгаалах байгууллага гэх мэт албаа хасаад, цаана нь 24 мянган машин бий. Газрын дарга бүхэн машин унаж байна.
-Нөгөө цэнхэр дугаартай машинууд гэсэн үг үү?
-Үгүй. Бүгд цэнхэр дугаар тавихгүй шүү дээ. Төрийн ордны гадаа цэнхэр дугаартай машин байна уу. Уг нь энд хамгийн их цэнхэр дугаартай автомашин байх ёстой биз дээ. Дарга бүхэн машин унаж байна. Дарга болгоны машинд нэг нэг жолооч ажиллана. Өвлийн гарааш, дугуй гэх мэт үйлчилгээ хийгдэнэ.
Нэг жишээ авч үзэхэд, 2016 онд улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудын нийт урсгал зардал нэг их наяд төгрөг байсан. Харин одоо 4.5 их наяд болж нэмэгдсэн. Нөгөө талаасаа он дамжуулан төсөв оруулж ирдэг байдал хэрээс хэтэрлээ. Зөвхөн 2026 оны төсөвт өмнөх оноос шилжиж орж ирсэн 139 төсөл бий.
Энэ 139 төслийн өртөг анхны өртгөөсөө 805 тэрбумаар нэмэгдсэн. Нөгөө хайгаад байсан мөнгө нь энд байгаа биз. Урсгал зардал нэмэгдсээр байгаа ч ердөө 28 хувийг нь л цалингийн зардал эзэлж байна.
Зөвхөн Орхон аймгаар жишээ авч үзэхэд, 2016 онд 95 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол одоо 406 тэрбум болж өссөн ч асуудал нь шийдэгдээгүй. Мөн 2018 онд Орхон аймгийн цахилгааны байгууллагуудын байр ашиглалтын зардал нь 303 сая байсан бол одоо 1.3 тэрбум болж тав дахин өссөн.
Эд хогшил, урсгал засварын зардал 337 сая байсан бол 3.2 тэрбум болсон. Мөн бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал 900 сая төгрөг байсан бол өнөөдөр 13 тэрбум төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл урсгал зардал нь ингэж өсөөд байх тусам хөрөнгө оруулалтын орон зайг үгүй хийж байна. Тиймээс урсгал зардлаа танах хэрэгтэй.
-Тэвчиж болох зардлуудын эгнээнд хурал цуглаан, янз бүрийн форумын зардлууд ордог. Жишээлбэл, Төрийн ордонд өдөр бүр л хурал, форум болдог. Энэ төрлийн зардлууд хэр их байна?
-2026 оны төсөвт харьцангуй багасаж, бараг байхгүй болсон. Гэхдээ бид нэг л их форумчин улс боллоо. Нэг л их форум, зөвлөгөөн хийсэн улс. Үр дүн байхгүй. Тиймээс форум, зөвлөгөөнийг багасгах хэрэгтэй.
-Төсөвт өртгөө нэмэхээ боливол багш, эмч нарын цалинг нэмэх мөнгө хангалттай гарч ирнэ-
-Сүүлийн өдрүүдэд багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж ажил хаялт эхлүүлсэн. Цалинг нь нэмэх боломж хэр байна?
-Байлгүй яах вэ. Түрүүн танд тоо хэлэхэд зөвхөн 2026 оны төсөв дээр нэмэгдэж байгаа төсөвт өртөг 805 тэрбум төгрөг. 2.7 их наядаар үнэлэгдэж буй 40 мянган автомашин байна. Энэ зардлаа хамгийн түрүүнд таная.
Хоёрдугаарт, анхнаасаа л төсөвт өртгөө нэмэхээ больё. Тэгвэл багш, эмч нарын цалинг нэмэх мөнгө хангалттай гарч ирнэ. Дараа нь төр ямар нэг шийдвэр гаргахдаа тодорхой бөгөөд ойлгомжтой байх ёстой.
Жишээлбэл, 2026 оны улсын төсөвт багш, эмч нарын цалинг эхний ээлжид 15-20 хувиар, 2027 онд тэдэн хувь гээд маш тодорхой тусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол инфляцтай уялдуулж нэмнэ гэхээр инфляцыг дэмжих хэлбэрт орчихоод байна.
Мөн нэг жишээ дурдахад, 2016 онд улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд 12 тэрбум төгрөгөөр эд хогшил, урсгал засвар хийдэг байсан бол 208 тэрбумд хүрсэн.
Би өмнө нь ч хэлж байсан. Нэг аймагт нийгмийн даатгалын барилга, татварын газрын барилга, архивын барилга тусдаа байж яах гээд байгаа юм. Үүнээс гадна 2016-2025 оны хооронд нийт баригдсан төрийн үйлчилгээний барилга байгууламж 216 ширхэг байна. Гэтэл энэ дунд цэцэрлэг, сургууль, эмнэлэг, онцгой байдлын обьект ороогүй.
-Эхлээд багш нар цалингаа нэмүүлье гэж шаардсан бол араас нь эрүүл мэндийн болон бусад салбарынхан гараад ирлээ. Улсын төсөв энэ ачааллыг дийлэх юм уу?
-Дээр ярьсанчлан, урсгал зардлаа хэмнэвэл цалин нэмэх боломжтой. Урсгал зардал буюу сайд нарын зарцуулах мөнгө л эмч, багш нарын цалингийн нэмэгдэл болж очно шүү дээ.
-Монгол Улс зүгээр л мөнгөтэйн зовлонг эдэлж байна-
-Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг. Одоо ярьж байгаа шиг салбар бүрийн цалинг нэмсний дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэсэн баталгаа байна уу?
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн сүүлийн 10 жилийн судалгаа байна. Монгол Улс зүгээр л мөнгөтэйн зовлонг эдэлж байна. Гол нь зарцуулалт нь буруу. Мэдээж бараа бүтээгдэхүүний үнэ инфляцтай уялдаад тодорхой хэмжээнд өсөх байх.
Бид сүүлийн хэдэн жилийн төсвөө харвал, 2016 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед улсын төсөв 8-9 их наядаар яригддаг байсан бол өнөөдөр 33 их наяд буюу 4-5 дахин нэмэгдчихээд байна. Гэтэл асуудлаа шийдэж чадсан нэг ч салбар байхгүй, бүгд л асуудалтай хэвээр. Тэгэхээр өнгөрсөн 10 жилд Монгол ардын нам тасралтгүй эрх барьсан хугацаанд төсвийн бодлого хамгийн их алдагдсан. Зүгээр л төсвийн мөнгөөр туйлсан.
-Гишүүд ирэх оны төсөвт зарчмын зөрүүтэй саналуудаа гаргаад эхэлсэн байна. Таны зүгээс ямар саналууд гаргаад байгаа вэ?
-Би ирэх долоо хоногт нэг зарчмын зөрүүтэй санал гаргана. Юу вэ гэхээр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй ажлуудаа хасаад, номын сангуудын төсвийг нэмэх санал гаргана. Тэгэхгүй бол хоёр төв номын сан л 12.5 сая төгрөгийн төсөвтэй. Бусад аймгуудын номын сан бол 2.5-хан сая төгрөгийн л төсөвтэй байна. Тэгсэн мөртлөө “Номын баяр” гээд бүгдээрээ талбай руу гарч ном авдаг баатрууд. Үүнийг өөрчилье гэж байгаа юм.
Мөн хоёрдугаарт, төрийн албаны машинуудыг хувьчилж, үүнтэй холбоотой урсгал зардлуудыг багш, эмч нарын цалин дээр нэмье гэсэн саналаа тус тус гаргана. Бидэнд хэмнэж болох аймаар их мөнгө байна.
-Ярилцсанд баярлалаа.