
Нийт шүүгчийн III чуулган өнөөдөр (2025.10.09) Улаанбаатар хот, Төрийн ордонд болж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдсэн нийт шүүгчийн чулганыг хоёр жил дутамд зохион байгуулдаг. “Нийт шүүгчийн III чуулган”-ыг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчдээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна.
Монгол Улсын хэмжээнд нийт 518 шүүгч ажиллаж байгаа бөгөөд Нийт шүүгчийн III чуулганд 498 шүүгч биечлэн оролцож, Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах чиглэлээр санал санаачилга гаргах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох эрхээ хэрэгжүүлж байна. Хүндэтгэх шалтгаантай болон ажил үүргээ гүйцэтгэн чуулганд биечлэн оролцох боломжгүй шүүгчид чуулганд цахимаар оролцож байна.
Нийт шүүгчийн III чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох бөгөөд Нийт шүүгчийн чуулганы дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах болон хуваарилах, Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, Шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Илтгэгчдийн сэдэв:
- Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, Хялбар ажиллагааны шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхүүд байгуулж буй тухай
/ШЕЗ-ийн дарга Н.Мөнгөнцэцэг/
- Шүүхийн шинэтгэлд жин дарахуйц ололт, шүүхийн байрны шинэчлэл
ШЕЗ-ийн гишүүн Л.Энхбилэг/
- Шүүхийн шинэтгэл /илтгэл/
/УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг/
- Хэрэг хуваарилах нийтлэг журмын тухай
/УДШ-ийн шүүгч Н.Батчимэг/
- Эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал
/НЭХДЗШШ-ийн шүүгч Т.Өсөхбаяр/
- Шүүхийн процесс ажиллагааг зохицуулж байгаа хуулиудыг шинэчлэх хэрэгцээ шаардлага
/УДШ-ийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн И.Амартөгс/
- Захиргааны хэргийн эрх зүйн зохицуулалтын талаар
/БГ, ХУ, СХД-ийн ИХАШТШ-ийн шүүгч Б.Хишигбаатар/
- Шүүхийн цахимжилт ямар шатанд явж байна вэ? Цахим хавтаст хэрэг
/Дүүргийн Эрүү, Иргэний ХАШ-ийн шүүгч Б.Бямбаабаатар/
- Шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар, шүүх хуралдааныг цахимаар дамжуулахад үүсэж буй эрх зүйн асуудлууд
/Нийслэлийн ЭХДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Б.Зориг/
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох сонгуулийн тухай
/ШЕЗ-ийн гишүүн А.Отгонцэцэг/