Хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-ны өдөр нийтийн өргөдлийн "d-parliament" системд Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилсан байдаг. Тэрбээр "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү хоёр хувийн татварыг цуцлах шаардлагатай" гэж үзсэн юм.
Тэгвэл 20 хоногийн дотор дээрх өргөдөлд гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянгад хүрснээр УИХ руу шилжих, холбогдох ажлын хэсэг байгуулагдахаар болж байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг холбогдох Ажлын хэсэг байгуулж хэлэлцэх юм.