
Би эмнэлэгт очиж үзүүлээгүй даруй таван жил болж байна. Цаг зав байхгүй, ханиад хүрээгүй л бол хэрэггүй гэж боддог. Гэхдээ сүүлийн үед ядраад, нойр муутай болоод байх юм…” гэх 28 настай Б.Энхзаяагийн ярьсан үг.
Гэвч тэр ганцаараа биш. Судалгаагаар Монголд 18–40 насны иргэдийн 60 гаруй хувь нь жил бүрийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй гэсэн дүн гарчээ. Зарим нь цаг завгүйн улмаас, зарим нь үнэтэй, бас зарим нь зүгээр л айдсаасаа болоод эмнэлгийн хаалгыг алхдаггүй гэж ярих нь олон.
Өөрийгөө “эрүүл” гэж боддог ч эрт үеийн оношилгоо хийлгэхгүй байсаар хожим хүнд шатанд орсон залуусын тоо нэмэгдсээр байдаг. ХСҮТ-ийн эмч хэлэхдээ “Манайд ирэх өвчтөнүүдийн олонх нь аль хэдийнээ хожуу шатанд орчихсон байдаг. Хэрвээ 2–3 жилийн өмнө л нэг үзлэг хийлгэсэн бол аврагдах байсан тохиолдол олон. Айдсаас илүү мэдээлэлгүй байдал. Залуусын дунд явуулсан асуулгад оролцогчдын 40 хувь нь “ямар үзлэгт хамрагдах ёстойгоо мэдэхгүй” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, тэд зүгээр л эрүүл мэндийн боловсролгүй байна гэсэн үг.
“Үнэтэй болохоор л очдоггүй” гэх хариулт өргөн тархсан ч үнэн хэрэгтээ 0–18, 40–өөс дээш насныханд улсын үзлэг үнэгүй. Харин 18–40 насныханд урьдчилан сэргийлэх багц үзлэгүүд 30–70 мянган төгрөгийн хооронд байдаг. Хоолны газар хоёр удаа орох үнэтэй ижил. Одоо зүгээр байгаа юм чинь…” гэх бодлоор хэдэн жилийг алдах нь эцэстээ амь насыг алдахтай дүйцнэ. Жилдээ ганцхан удаа өөртөө зориулсан цаг. Энэ бол тансаглал биш, амьдралын баталгаа юм.” гэнэ.
Нямпүрэв 25 настай. Нэгэн байгууллагад маркетингийн менежерээр ажилладаг. Тэрбээр "анхандаа зүгээр л ядарч байна" гэж бодсон. Ажил, хичээл, стресстэй байдал гэж өөрийгөө л буруутгаж явлаа. Гэтэл сарын дараагаас гэдэс нь хөөж, огцом турж эхэлжээ Сарын турш суулгалт, жингийн алдагдал, ядралттай байсан ч гэрийн аргаар эмчилгээ хийсээр явсан байна. Эцэст нь эмнэлэгт хандахад идэвхтэй үеийн бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин (Crohn’s Disease) хэмээх онош тавигдсан байв. Түүнийг эмнэлэгт хэвтэхэд цус багадалт, шим тэжээлийн дутагдал үүссэн байсан бөгөөд хожим нь үе шаттай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байжээ.
Энэ талаар ХСҮТ-ийн эмч А.Хишигжаргал "Өвчтөнийг эрт оношлох боломж бидэнд бий. Гэхдээ иргэд эрт ирдэггүй, мөн онош тавих орчин нөхцөл, лабораторийн дэмжлэг хомс үед анхны онош зөрөх эрсдэл гардаг.” гэсэн юм.
Хүн амьдралынхаа завгүй ажил ихтэй, цаг хугацаагаа, мөнгө санхүүгээ өөрөөсөө хармалдгаас болж нэг л өдөр эдгэрэхгүй өвчин тусаад эмнэлгийн хаалга мөргөөд буцна. Залуучуудын хамгийн анзааралгүй орхигдуулдаг зүйл бол насандаа найдаж эрүүл мэндээ хаяж зах замбараагүй хүнсний хэрэглээ.
“Биеэ үзүүлнэ гэдэг хөгшчүүдийн ажил уу?” Залуучуудын эрүүл мэндээ үл тоодог хандлагын цаад шалтгаан.
Монголд 18–35 насны залуусын дийлэнх нь жилдээ нэг ч удаа эмнэлэгт очдоггүй гэсэн судалгаа бий. “Өвдсөн ч гайгүй ээ, өнгөрнө биз” гэж өөрийгөө хуурсаар, хожим томоохон онош сонсдог тохиолдол олон. Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй мянга мянган залуус “оройтсон онош”-ийн уршгаар бие болон сэтгэл санаагаараа зовж байгаа нь эмгэнэл бус бодит байдал юм
Хүн өөрийн эрүүл мэндээ хамгаалж урьдчилан үзлэгт орохгүй бол насанд хүрсэн эрүүл мэт харагдаж байгаа хүнийг хэн ч үзүүл гэж ятгахгүй тул та өөрөө өөрийнхөө хамгаалагч нь байх хэрэгтэй. Жилдээ нэг удаа үзлэгт орж цусны шинжилгээ, дотрын эмч, шүд, нүд гэх мэт зүйлсээ үзүүлэх нь зүйтэй юм. Эрүүл мэндийн мэдлэгтэй байж биеийн өөрчлөлтөө ажиглаж сурах нь наад захыг залуусыг соёл байх ёстой.. Биеэ хайрлах нь хэн нэгэнд бус, зөвхөн ЧИНИЙ ХАРИУЦЛАГА.
Өвдөж байж биш, эрүүл дээрээ эмчид очдог байх соёл залуусын дунд тогтох цаг болжээ. “Өвдөхөөс өмнө үзүүлье” гэдэг шинэ хандлага ирээдүйд нас, амьдрал, боломжийг чинь хамгаална.
М.Ариунжаргал