
Улирал солигдсонтой холбоотойгоор томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэж, эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй байна. Бид нөхцөл байдлыг сурвалжлахаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийг зорилоо.

Бага насны хүүхдээ тэвэрсэн, сургуулийн насны хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүдийг Яаралтай тусламжийн тасаг руу орж ирэх бүрт жижүүр эмч угтан авч, шаардлагатай асуултыг асууж чиглүүлнэ. Жижүүр эмчийн асуулт энгийн. "Ямар зовуурь илэрсэн бэ, хэзээнээс халуурсан, гадуур хувцсаа тайлж хүүхдийнхээ өндөр, жинг үзээд цагаа бичүүлээрэй" гэх мэт нэгэн ижил үгийг өвчтөн нэг бүрт төвөгшөөхгүй хэлэх аж. Эцэг, эхчүүдийн олонхи нь сандарсан, яах аа мэдэхгүй тэвдэж балмагдаж байх үед нь хүн бүрт зөвлөж, чиглүүлээд өгөх нь халуун дулаан уур амьсгал мэдрүүлнэ.
Биднийг очиход Яаралтай тусламжийн тасаг ачаалал багатай байлаа. Ажлын өдөр ажлын цагт учраас ачаалал багатай, хөл хөдөлгөөн сийрэг байгаа гэдгийг эмнэлгийн ажилтнууд онцлов. Тэдний хамгийн их ачаалал авдаг үе нь ажлын өдрийн оройн цаг, амралтын өдрүүд байдаг аж.
Яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн зарим хүүхдүүд эмчилгээ бичүүлж, зөвлөгөө аваад гэрийн зүг хөдөлж байсан бол зарим хүүхдүүд өвчтөний түүх нээлгэж, яаралтай хэвтэхээр тасаг руу шилжиж байлаа.

Яаралтай тусламжийн тасаг хүн багатай сэлүүхэн байсан тул тасаг руу нэвтрэх зөвшөөрөл авч, тус эмнэлгийн 4 давхарт байрлах хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт очсон юм.
ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ТАСГИЙН АЧААЛАЛ 2 ДАХИН НЭМЭГДЖЭЭ
“Сэлбэ” нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт Эрүүл мэндийн сайдын тушаалаар 100 ордог дэлгэж, зөвхөн томуу, томуу төст өвчний шалтгаантай хүүхдүүдийг хүлээн авч байгаа аж.
Хүүхдийн томуугийн тасаг гэх тодотголтой тус тасгийн хаалгаар ороход өвчиндөө шаналсан бяцхан хүүхдүүдийн зовиуртай нь аргагүй уйлах дуу, аргадан аргаа барсан эцэг эхчүүдийн шаналсан харц биднийг угтлаа.
"ЭЦЭГ, ЭХҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ХАНИАДЫГ ХЭТ ХҮНДРҮҮЛСЭН ХОЙНО ЭМНЭЛЭГТ ХАНДАЖ БАЙНА"
Бид тус тасгийн эрхлэгч П.Болор-Эрдэнэтэй уулзаж, нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Танай хэвтэн эмчлүүлэх тасгийн ачаалал хэр байна вэ?
-Томуугийн тархалтын энгийн үетэй харьцуулахад 2 дахин их ачаалалтай байна. Өнөөдрийн байдлаар манай хүүхдийн томуугийн тасагт 73 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Манай үндсэн орны тоо 45. Сайдын тушаалаар 55 ор нэмэлтээр дэлгэсэн. Сүхбаатар дүүргийн 12-20 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 15-21 дүгээр хорооны үндсэн харьяалалын хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байгаа. Хаинад томууны тархалт их байгаа учраас манайхыг зорьж ирсэн харьяалалын бус хүүхдүүдийг хүлээж авч байна.
-Яг одоо идэвхжил ихтэй байгаа томуугийн онцлог юу байна вэ?
-Томуугийн тархалт 4 түвшинтэй явагддаг. Яг өнөөдрийн байдлаар идэвхжлийн түвшинд буюу өндөр тархалттай байна. Амбулатороор үзүүлж байгаа нийт хүүхдүүдийн тоог өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсэн хэвээр байна.
-Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна гэхээр хурдан хүндэрдэг гэсэн үг үү?
-Вирусын онцлогоосоо шалтгаалж байна. Адино вирусын үед хоолой бачуурах, хамар битүүрэх гэх мэт амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдэг түлхүү илэрч байна. Ийм шинж тэмдэг өгч эхлээд 2-3 хоногийн дараа уушигны хатгалгаа болж хүндрэх тохиолдол их байна.
-Насны хувьд хэдээс хэдэн насны хүүхдүүдийн дунд идэвхжил их байна вэ?
-Манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг насны бүлгээр нь харьцуулаад үзэхээр 1 хүртэлх насны хүүхэд 10 орчим хувьтай. 1-5 насны хүүхэд 20 орчим хувь, 5-9 насны хүүхэд 25 хувь, 10-15 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувийг эзэлж байна.
-Яг энэ үед эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?
-Таны хүүхдэд амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрч байгаа бол эмнэлгийн байгууллагад хандахыг онцолж зөвлөмөөр байна. Вирусын халдварын үед дур мэдэж антибиотик эмчилгээ хийх, тоохгүй явсаар хүндрүүлэх гэх мэт эцэг, эхчүүдийн хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдүүд маш хурдан хүндэрч, тархалт нэмэгдэж байна. Үүнээс гадна хаврын улиралд хүүхдийн дархлаа сайжруулах эмчилгээг гэрийн нөхцөлд хийх шаардлагатай байна. Түүнээс гадна улирал солигдож байгаа энэ үед хүүхдийнхээ хувцаслалтад онцгой анхаарах хэрэгтэй. Хэт зузаан хувцасласнаас болж битүү хөлрөөд ханиад, хатгаа болж, хүндрэх тохиолдол их байна. Эсрэгээрээ дулаарчлаа гээд хэт нимгэн хувцаслах бас л эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс хүүхдээ улиралд нь тохируулж, зохимжтой хувцаслах нь хамгийн чухал.
"ЭЦЭГ, ЭХЧҮҮД АЖИЛ ИХТЭЙ ГЭХ ШАЛТГААНААР ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЖ "ХАЯЧХААД", ЭРГЭЛТ Ч ӨГӨХГҮЙ АЛГА БОЛЧИХДОГ"
-Гэрийн нөхцөлд хүүхдийнхээ дархлааг яаж дэмжих вэ?
-Хамгийн чухал нь эрт унтуулж, амраах хэрэгтэй. Эрт унтаж, бүтэн нойроо авснаар хүүхдийн дархлааны систем хэвийн ажилладаг. Халуун бүлээн шингэн зүйлийг сайн уулгаж, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. 3 хүртэлх насны хүүхдүүдэд тавих хараа хяналт сайн байдаг хэрнээ сургуулийн насны хүүхдэдээ анхаарал хандуулдаггүй. Асуумж авахаар "Хүүхэд маань 10, 20 хоногийн өмнөөс ганц нэг ханиалгаад, нус нь гоожоод яваад байсан. Гэнэт л хүндэрчихлээ" гэдэг. Товчхондоо бол эмнэлэгт үзүүлэхгүй тоохгүй явснаас болоод хүндэрчхэж байгаа юм.
-Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа юу байна вэ?
-Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдал хамгийн том алдаа. Манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 40-50 хувийг 5-аас дээш насны хүүхэд эзэлж байна. Гэтэл эцэг, эхчүүд ажил ихтэй гэх шалтгаанаар хүүхдийг хүүхдээр харуулж, сахиулдаг. 7 настай хүүхдийг 11 настай хүүхдээр сахиулдаг. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдэд асаргаа маш чухал байдаг. Гэтэл 10 настай хүүхдээ хэвтүүлээд ганцааранг нь орхичихоод эргэлтээр ч ирэхгүй. Эмнэлгийн хоолонд найдаад үлдээчихдэг. Хүүхдүүд нь эмээ цагт нь уухгүй мартаад эмнэлгийн хоолоо ч олигтой иддэггүй. Түүнээс гадна шөнө унтахгүй хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд утас үзээд хонодог. Ийм хүүхдүүдийн эдгэрэлт сахиуртай, асаргаа, халамж сайтай хүүхдүүдээс удаан байдаг. Энэ бол эмнэлэгт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хамгийн ноцтой асуудал.
-Эцэг эхчүүдэд нь шаадлага тавихаар ямар тайлбар хэлдэг юм бол?
-"Ажил ихтэй, ард 2-3 хүүхэд байна. Ганцааранг нь хэвтүүлэхээс өөр арга байхгүй" гээд уурладаг. Яг одоогийн байдлаар манай тасагт 9-16 хүртэлх насны 26 хүүхэд байна. 14 хүүхэд нь сахиургүй. 16-аас дээш насны хүүхдүүд учир мэдээд заавар зөвлөмжийг дагаж, өөрийгөө хариуцаад явчихдаг. 14-өөс доос насныхны хувьд үнэхээр амаргүй байдаг. Эмнэлгийн ачаалал их байхад үндсэн ажлынхаа хажуугаар сахиургүй хүүхдүүдийн асран хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэх шаардлага гардаг.
Энэ хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Бид тус тасагт хүүхдээ сахиад хэвтэж байгаа эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
Ц.ХАНДСҮРЭН: ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭД УДААХГҮЙ ЭМНЭЛЭГТ ХАНДСАН Ч ХАТГАА БОЛООД ХҮНДЭРЧИХСЭН БАЙСАН

-Манай хүүхэд 7 настай. Маш их ханиалгаж, цээж нь хөндүүрлээд хэвтсэн. Шинж тэмдэг илрээд удаахгүй эмнэлэгт хандсан ч хатгаа болоод хүндэрчихсэн байсан. 5 хоногийн эмчилгээ хийлгээд одоо сайхан болчихсон, тоглоод гүйж байна. Хүүхдүүд даарснаас болж ханиад хүрч байна. Ханиад хүрээд даарахаараа хурдан хүндэрдэг ханиад байна гэж ойлгосон. Тиймээс улирал солигдож байгаа энэ үед хүүхдээ дааруулахгүй байхыг анхааруулж хэлмээр байна. Маш их халуурч, хурдан хатгаа болдог ханиад байна.
Д.НАРАНЧИМЭГ: ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭД УДААХГҮЙ ЭМНЭЛЭГТ ХАНДСАН Ч ХАТГАА БОЛООД ХҮНДЭРЧИХСЭН БАЙСАН

-Манай хүүхэд 5 настай. Хоолой нь сойж, хий ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгийн ачаалал их байна. Маш хурдан хүндэрдэг ханиад учраас шинж тэмдэг илэрч эхлэхтэй зэрэгцээд эмнэлэгт үзүүлэхгүй бол хатгаа болчихож гэсэн хүмүүс маш их байна. Тиймээс "Ханиад юм чинь яах вэ" гэж дур мэдэн эмчилгээ хийхгүйгээр эмнэлэгт яаралтай хандаарай гэж зөвлөмөөр байна. Бид цаг алдаагүй ч манай хүүхэд маш хурдан хатгаа болчихсон байсан.
Б.ГАНТУЛГА: ХАЛУУРЧ, ХООЛОЙ НЬ БООГДООД ЭМНЭЛЭГТ ИРСЭН ЧИНЬ "ХАТГАА БОЛСОН БАЙНА. ЯАРАЛТАЙ ХЭВТ" ГЭСЭН

-Манай хүүхэд 4 настай. Халуурч, хоолой нь боогдоод эмнэлэгт ирсэн чинь "Хатгаа болсон байна. Яаралтай хэвт" гэсэн. Ханиад их байгаа учраас эмнэлгүүдийн ачаалал их байна. Тиймээс хавар болж хүүхдүүдийн дархлаа амархан унаж байгаа энэ үед хүүхдийнхээ дархлааг сайн дэмжиж, эрүүл мэндэд нь онцгой анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг онцолж зөвлөмөөр байна.

Томуу, томуу төст өвчний өндөр дэгдэлттэй үед ор нь хүрэлцдэггүй, хүүхдүүдийг коридорт шалан дээр авдаг гэх асуудал хөндөгддөг. Энэ удаад хараахан тийм нөхцөл байдал үүсээгүй ч эмнэлгүүдийн ачаалал их байгаа гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Маш хурдан хүндэрдэг ханиад учраас эцэг эхчүүд онцгой анхаарахгүй бол нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэдгийг онцолж захисан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!