Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Зам тээврийн ослоор жилд 500-700 хүн амиа алдаж, 4000 орчим хүн гэмтэж, 2000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна, НӨЛӨӨЛӨГЧДӨӨ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 8 секунд

May be an image of 1 person, car, ambulance, road and text

Манай улс хэдийгээр дайн дажингүй амар тайван ч дайнтай улсаас ч илүүтэйгээр хүн зам тээврийн болон усны ослоор амь насаа алддаг. Тиймээс ЦЕГ, ТЦА-наас жил бүр жолооч нарын сэтгэхүйд нөлөөлж, зам тээврийн ослыг бууруулах үүднээс "Яараад яахав дээ", "Нэг зам-Нэг соёл", "Дүрмээ мөрдье" зэрэг аянуудыг хийж, осол аваарын тоог бага ч болов бууруулдаг.

Зөвхөн энэ жилийн “Дүрмээ мөрдье” арга хэмжээний үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 418 нэгж буюу 17.7%-иар, нас баралт 25 нэгж буюу 35.7 хувиар тус тус буурсан бөгөөд мөн хүүхэд өртсөн осол 7 нэгж буюу 6.5%-иар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны 6 сарын 20-ноос 7 сарын 20-нд 70 хүн зам тээврийн ослоор нас барсан бол энэ оны 6 сарын 20-ноос 7 сарын 20-ны хооронд 45 хүн нас барж, өмнөх үеийнхээс буурсан байна.

Гэтэл нийгмийн сүлжээнд олон мянган дагагчтай нөлөөлөгчид иргэдийг буруу зүйлд уриалан дуудах нь осол аваарыг нэмэгдүүлж болзошгүй үр дагавартай. Тухайлбал, УИХ-ийн гишүүн асан Л.Гүндалай 900 гаруй мянган дагагчтай цахим хуудастаа орон нутгийн замд өөрийн автомашины хурдыг хэтрүүлэн 140 км цагийн хурдтай явж замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлээ “Шүгэл үлээж байна” гэх тайлбартайгаар нийтэлжээ. Ингэхдээ орон нутгийн замд 80 км цагийн хурдтай явахыг эсэргүүцэж, иргэдийг буруу зүйлд уриалан дуудаж байна. Түүнийг нь мөн л олны танил, нөлөөлөгч "Татар" хамтлагийн дуучин Мөөгий буюу Д.Мөнхчулуун дэмжиж буйгаа илэрхийлэн цахим хуудастаа бичлэг оруулжээ.

Угтаа орон нутгийн зам буюу сөрөг урсгалтай замд хурд 80 км ба түүнээс доош байх үед осолд өртвөл амьд үлдэх магадлал нэмэгддэг учраас шинжлэх ухаанаар тогтоосон. Хууль журмаар зохицуулсан хурдны хязгаар аж.

Гэтэл тэдний үйлдэл "Шүгэл үлээх" бус эсрэгээрээ замын хөдөлгөөний зөрчил үүсгэж, цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ төлөө хийж буй ажлыг үнэгүйдүүлж, олон нийтийг өдөөн турхирч, зам тээврийн ослыг нэмэгдүүлж болзошгүй үр дагавартай үйлдэл болоод байна.

Зам тээврийн дүрэм бол “Сонголт” бус “ХУУЛЬ” байх учиртай.

Тиймээс хэн дуртай нь цахим орчинд "80 км хурдтай явмааргүй байна" гэж иргэдийг турхирдаг баймааргүй байна. Тэдний буруутай үйлдлээс болж, олон мянган хүн орон нутгийн замд осолд өртөж нас барвал ТЭД ХАРИУЦЛАГАА үүрэх үү. Хэзээ ч үгүй. Харин эцэст нь иргэн та өөрөө л амь нас, эрүүл мэндээрээ хохироод үлдэнэ. "Жилд 500-700 хүн зам тээврийн ослоор амиа алдаж, 4000 орчим хүн гэмтэж, 2000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна" гэх харамсалтай тоон мэдээлэл байдаг. Энэ тухай сурвалжилгыг энд дарж унших боломжтой.

Энэ бол “Од” болох, хэдхэн лайк цуглуулахын төлөөх уралдаан биш. Энэ бол амьд явах, амьд үлдэх, дүрмээ мөрдөх соёл хариуцлагын тухай асуудал юм. Тиймээс олны танил, олон дагагчтай, нөлөөлөгчдөд "Жолооны дүрэм олон мянган хүний цусаар бичигддэг" гэдгийг САНУУЛЪЯ.

М.Ариунжаргал

“УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цагдаагийн байгууллага дуудсан цагт очихгүй бол прокурорын хуудас өгнө“
“УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цагдаагийн байгууллага дуудсан цагт очихгүй бол прокурорын хуудас өгнө“
 
Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.