
2025.07.01. Гэмтлийн эмнэлэг. Өдрийн 11:00 цаг.
Уйлсан, ёолсон, түшүүлсэн, түрүүлсэн, хүүхдээ тэвэрсэн, суга таягтай, толгойгоо боосон, гараа сойсон, хөлөө гипсдүүлсэн хүмүүсийн урсгал ГССҮТ-ийн хүлээн авах хэсэгт тасралтгүй хөвөрнө. Дөнгөж өдрийн 11:00 цаг болж байхад хаалга бүрийн үүдэнд үүссэн урт дарааллаас харахад ямар олон хүн бэртэж, гэмтэж байгаа нь харагдах. Мотоциклтэй онхолдоод толгойгоо гэмтээсэн, байшингийн дээврээ засаж байгаад унасан, гар бөмбөг тоглож байгаад хөлөө булгалсан, голд тоглож байгаад хөлдөө шил оруулсан зэрэг хөнгөн зэргийн гэмтлээс эхлээд хэд хэдэн удаа давтан хагалгаанд орсон гэх хүмүүс ч энэ дунд байна. Хагалгааны өрөөний үүдэнд уйлаад сууж байгаа хүн ч байна. Хаалганы цаана хайртай нэгэн нь үхэлтэй тэмцэж байгаа бололтой. Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэмтлийн эмнэлгийн ачаалал энгийн үеэс эрс нэмэгдсэн байгаа нь энэ аж.
Түлэнхийн төвийг эс тооцвол гэмтсэн, осолдсон хүмүүсийг хүлээж авдаг улсдаа цор ганц эмнэлэг нь ГССҮТ. Олон төрлийн осол гэмтэл дундаас хамгийн их тохиолддог нь зам тээврийн осол аж. 2024 онд л гэхэд ГССҮТ-д зөвхөн зам тээврийн ослоор гэмтсэн 27.660 хүн үйлчилгээ авсан байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд Яаралтай түргэн тусламжид 13000 мянга гаруй хүн үйлчлүүлжээ. Энэ бол зөвхөн зам тээврийн ослын улмаас гэмтэж, ГССҮТ-д ирж байгаа хүмүүсийн тоо.

ГССҮТ-д хоногт 500 гаруй бэртэж, гэмтсэн хүн хандаж байна
Энэ тухай ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн Их эмч Ц.Есөнжин “ГССҮТ-ийн ачааллын хамгийн оргил үе 6-9 дүгээр сарууд байдаг. Аялал зугаалгын улирал эхлэхэд зам тээврийн ослын тоо нэмэгдэж, түүнийг дагаад бэртэж, гэмтэж, амиа алдах тохиолдлууд ихэсдэг. Одоо бол манай эмнэлэгт хоногт 500 гаруй бэртэж, гэмтсэн хүн ирж байна” гэлээ.
3.6-хан сая иргэнтэй улсад хоногт 500 гаруй хүн бэртэж гэмтэж байна гэдэг дайнтай улсын хэмжээнд хүрсэн гэхэд хэтийдэхгүй болов уу.

Жилд 500-700 хүн зам тээврийн ослоор амиа алддаг
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр Зам тээврийн ослоор жилд дунджаар 500-700 орчим хүн амиа алдаж, 3000-4000 хүн гэмтэж, бэртдэг байна. Халх голын дайнд нийт 990 орчим монгол цэрэг амиа алдсан гэдэг. Гэтэл энхийн өнөө цагт дайны үед амиа алдсан цэргүүдийн тоотой ижил шахам иргэнээ жил бүр зам тээврийн ослоор алдаж байгаа гэсэн үг. Энэ бол саяхан дэлхий нийтийг сэрдхийлгэж, 240 гаруй хүний амийг авсан энэтхэгийн онгоцны осол шиг 3 осол гарсантай тэнцэх тоо юм.
Эдгээр олон зуун хүний амь “Гүйцээд түрүүлчихье, амжаад оччихъё, гялс явъя, амжчих байх” гэсэн өчүүхэн шалтгаанаар үрэгдсэн гэж бодохоос дэндүү харуусам. Магад тэдний дунд тулгар биетэй бүсгүй, гэрлээд удаагүй хос, тэнтэр тунтар алхах нялхас, үрсээ үнсээд үлдээсэн ээж, холоос гэртээ яарсан аав байсан байх.
Өвөө, эмээ, аав ээж, хүүхдүүд, хайртай бүхэнтэйгээ хамт явсан гэр бүл ч байсан байх. Гэвч хурдлах гэсэн, урд нь гарах гэсэн өчүүхэн шалтгаанаас болж хормын дотор хорвоо хөмөрч амиа өгсөн нь дэндүү хайран.
Жилд сургуулийн хоёр ангитай тэнцэх тооны хүүхэд зам тээврийн ослоор амиа алддаг
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр зам тээврийн ослоор жилд 50-70 орчим хүүхэд нас бардаг байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн бүтэн 2 ангитай тэнцэх хэмжээний хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол хүүхэд эндэж буй олон шалтгаан, нөхцлийн дундаас зөвхөн зам тээврийн осолд өртөж амиа алдсан хүүхдүүдийн тоо юм. Цаана нь бусад шалтгаанаар эндэж буй хүүхдүүд бий.
Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн Их эмч Ц.Есөнжин “Сургууль цэцэрлэг амарсан үед бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, эмнэлэгт ирэх нь ихэсдэг. Хүүхдүүд машинд зорчиж явахаас илүү тоглож байхдаа, дугуй унаж байхдаа, машины ойр орчимд байхдаа машинд дайруулах осол багагүй гарч байгаа. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, жолооч нар сэрэмж, хайхрамжгүй байснаас болж бага насны хүүхдийг дайрч амийг нь хөнөөсөн хэрэг хүртэл нэг бус удаа гарч байсныг хүмүүс мэдэх байх. Бага насны хүүхдэд том хүнийх шиг биеэ хамгаалах, сэрэмжлэх инстинкт хөгжөөгүй байдаг учраас осол, аваарт өртөх нь элбэг” гэлээ.

Д.Золжаргал: Улаанбаатар хотод зам тээврийн ослоор амиа алдах тохиолдол 2021 оноос 5 дахин нэмэгдсэн
Зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдлын ихэнх нь орон нутгийн замд гардаг байна. Харин нийслэл Улаанбаатарт амь эрсэдсэн тохиолдол бага ч осол аваарын тоо орон нутгийнхаас их байдаг гэнэ. Энэ талаар НЭМГ-ын мэргэжилтэн Д.Золзаяа мэдээлэхдээ “Зам тээврийн осол нийслэлд дийлэнх нь бүртгэгддэг ч амь эрсэдсэн тохиолдол орон нутагтай харьцуулахад бага. Гэхдээ жил ирэх тусам ослын шалтгаант нас баралт нийслэлд нэмэгдсээр байна. Жишээ нь 2021 онд бүтэн жилийн хугацаанд нийслэлд зам тээврийн ослоор нийт 11 хүн амиа алдсан бол 2025 оны эхний хагас жилийн байдлаар 58 хүн зам тээврийн ослоор амиа алдаад байна. Өөрөөр хэлбэл 2021 оны бүтэн жилийн үзүүлэлтээс энэ оны эхний хагас жилийнх 5 дахин их байна гэсэн үг” гэлээ. Шалтгаан нь мөнөөх л амжих гэсэн, түрүүлэх гэсэн, хэдхэн секунд хүлээж чадаагүйгээс үүдэлтэй гэхээр дэндүү хайран.

Жилдээ нэг сумын хүн амтай дүйх тооны иргэн зам тээврийн осолд өртөж, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ болж үлддэг
Дээрх бол зөвхөн зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдлын тоо. Тэгвэл зам тээврийн ослоор бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа алдаж буй тохиолдлыг авч үзье. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 2024 онд нийт 3862 иргэн зам тээврийн ослоос үүдэн гэмтэл, бэртэл авчээ. Энэ тоо бол Монгол Улсын жижгэвтэр сумын хүн амтай тэнцэх хэмжээний тоо. 2022 онд буюу гуравхан жилийн өмнө энэ тоо 2879 байсан бол 2023 онд 3059 болж, 180-аар нэмэгдсэн байна. Харин 2024 онд 3862 болж өмнөх жилээсээ 803-аар огцом нэмэгджээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын Хөгжил нийгмийн оролцооны газрын дарга М.Маргад-Эрдэнэ энэ талаар мэдээлэхдээ “ Монгол Улсад нийт 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар зөвхөн зам тээврийн ослоор 3800 гаруй хүн бэртэл гэмтэл авснаас 2043 нь хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Энэ 2043 хүний 18 хувь нь л хөдөлмөр эрхлэх боломжтой байна. Үлдсэн 82 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байна” гэлээ. Зам тээврийн ослоос үүдэлтэйгээр хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон эдгээр хүмүүс шууд халамжийн эгнээнд шилжиж байгаа гэсэн үг. Ганцхан жилийн дотор, зөвхөн зам тээврийн ослоос үүдэн ийм хэмжээний хүн халамжийн эгнээнд шилжиж байгаа нь мега төслөөс илүү анхаарах асуудал баймаар.
3.6 сая иргэнээс хөдөлмөрийн насны хэд байгаа билээ, тэндээс жил бүр мянга мянгаараа халамжийн эгнээнд шилжээд байхаар энэ улсын хөгжил, эдийн засаг, ирээдүй юу болох вэ?
Дайн дажингүй, өвчин тахалгүй энхийн цаг атал цөөхөн монголчууд зам тээврийн ослоор зуу зуугаараа амиа алдаж, мянга мянгаар хөдөлмөрийн чадвараа алдсаар байх уу?