
НИТХ-ын ээлжит 4-р хурал өнөөдөр /2025.07.08/ болж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын өргөн барьсан 20 асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа " Нийслэлд 2025 онд улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжаар нийт 5.9 их наяд төгрөгийн дүнтэй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үүнээс 80.1 хувь буюу 4.4 их наяд нь нийслэлийн төсөвт, 11.9 хувь буюу 0.7 нь улсын төсөвт тусгагдсан бөгөөд, гадаадын зээл тусламжаар 8 хувь буюу 0.5 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрийн 48.9 хувь нь дэд бүтцэд, замын салбарт 23.6 хувь, нийтийн тээвэрт 8.3 хувь, боловсролын салбарт 6.7 хувь, эрүүл мэндийн салбарт 2.2 хувийг зарцуулж байна" гэлээ.