
Өнөөдөр долоодугаар сарын 1. Монголчуудын дунд “Долоодугаар сарын 01-ний хэрэг” гэж хараар бичигдэн үлдэж, 5 хүний амийг авч одсон харуусалт өдрөөс хойш 17 жил өнгөрчээ. УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн үймээний үеэр 5 иргэн бууны суманд оногдон амиа алдаж, олон арван монгол залуус торны цаана суусан. Энэ хэрэгт, тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч, генерал Ч.Амарболд нарын хүмүүс иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэн гэж буруутгагдан, хошууч, генерал Ч.Амарболд шүүхээс 6.6 жилийн ял сонссон. Түүнийг эдлэх ёстой ялынхаа гуравны хоёроос дээш хугацааг биеэр эдэлсэн, засарч хүмүүжсэн гэж үзэж магадлангаар сулласан байдаг. Тэрбээр суллагдаад 11 жил болжээ.
Хошууч, генерал Ч.Амарболдтой тэр өдөр чухам юу болж өнгөрсөн тухай, одоо ямар байгаа тухай нь цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр 7 дугаар сарын 1-ний өдөр. Энэ өдрийн тухай одоо та юу бодож явдаг бол?
-Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн улс төрийн үймээн гарч, маш замбараагүй байдал үүсэж, асар их хохирол учирсан өдөр. Энэ үймээнийг цааш нь даамжруулахгүйн төлөө, учирч болох асар их аюулаас хамгаалахын тулд цагдаагийн байгууллага тухайн үед байгаа бүх боломжоороо ажилласан байдаг. Бид тухайн үед Онц байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг баримталж ажилласан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу л бид ажилласан юм уг нь. Энэ их үймээний үеэр 4 хүн нас барж, нэлээд хэдэн хүн гэмтсэн байдаг.
Үймээний улмаас 500 гаруй цагдаагийн алба хаагчид гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч, тэдний 4 нь нас барсан байдаг. Тэр өдрийн хохирол одоо ч үргэлжилсээр байгаа юм л даа. Материалын хохирлоос гадна шүү.
Тэгээд тухайн үед яасан бэ гэхээр, нас барсан хүмүүсийг цагдаа нар буудлаа, цагдаа нар энгийн иргэнийг аллаа гэж сонин хэвлэлээр худлаа үнэн юм бичсээр байгаад, цагдаагийн алба хаагчдыг сэжигтэн, яллагдагчаар татаж аваад байсан юм. Цагдаа нарыг сэжигтэн яллагдагчаар татахаар, тэднийг удирдаж байгаа дарга нарыг цагдаа нараа хянасангүй гэж буруутгасан. Ингээд биднийг цэргийн гэмт хэргээр зүйлчилсэн юм. Уг нь өршөөлийн хуульд хамрагдсан байсныг хэрэгсэхгүй болгоод, Д.Дорлигжав прокурор сэргээж зүйлчлээд тухайн үед цагдаагийн дарга байсан биднийг ялласан хэрэг л дээ. Ингэхдээ хамгийн гол нь Үндсэн хуульд байдаггүй мөрдөн байцаах алба буюу “Прокурорын мөрдөн байцаах алба” гэдэг байгууллага мөрдөлтийн явц байгуулаад, прокурор яллах дүгнэлт үйлдээд шүүх тасалчихсан. Дарга нар нь цэргүүдээ хянасангүй гээд 4 даргад ял өгсөн. Ийм л зүйл бидэнд тохиолдсон.
-Танд оноосон ялын хэдэн жилийг нь та биеэр эдэллээ?
-Надад 6.6 жилийн ял өгөөд би 3.6 жилийг нь хориход биеэр эдэлсэн. Цэрэгтээ хяналт тавиагүй муу дарга гээд.
-Тэгээд сүүлд энэ хэргийг хэрэгсэхгүй болголоо гээд байсан билүү. Одоо юу болсон бэ?
-2017 онд яллагдагчаар татагдсан байсан манай алба хаагчдыг эд нар гэмт хэрэг үйлдээгүй байна, хүн амины хэрэгт хамаагүй байна гээд прокурор хэрэгсэхгүй болгосон.
Ингээд манай алба хаагчид холбоогүй учраас, тэднийг хянаагүй гэж буруутгагдсан дарга нар бид ямар ч гэм буруугүй л байхгүй юу. Угаасаа ч тэр үед байлдааны сум олгоогүй юм л даа. Үүнийг зөндөө тайлбарлаад ерөөсөө болдоггүй.
Тэгээд энэ асуудлыг Эрүүгийн хуулийн Хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар Шинээр илэрсэн нөхцөл байдал байна. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал гараад ирлээ шүү дээ. Тиймээс шинээр илэрсэн нөхцөл байдал гээд прокурор энэ дээр дүгнэлт бичих ёстой. Гэтэл прокурор дүгнэлт бичихгүй яваад байгаа юм. Хуулийн байгууллага дээр хохирогч нь тойроод л яваад байдаг шүүх, прокурор дээр очоод хана мөргөөд л буцдаг. Үүнийг шийдэж чаддаггүй.
-Прокурор шинээр үүссэн нөхцөл байдал гээд дүгнэлт бичих ёстой гэж та хэллээ. Тэгээд бичихгүй байгаа шалтгааныг нь та юу гэж бодож байна?
-Өөрсдийнхөө хийсэн буруу үйлдлийг, алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа л хэрэг шүү дээ. Ингэхээр эрх нь зөрчигдсөн хүний эрх хэзээ ч сэргэхгүй л байгаад байна гэсэн үг. Манай улс уг нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн. НҮБ-ын конвенцид нэгдсэн улс. Эрүүдэн шүүлт байх ёсгүй, эрүүдэн шүүсэн бол ингэж, ингэж шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг. Гэтэл тэр байгууллагууд эрүүдэн шүүснийгээ өөрсдөө шийдэхгүй байгаа нь бас гэмт хэрэг. Наад зах нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаа хэрэг. Ингээд л яваад байдаг. Хохирсон нь хохирсноороо л үлдээд байдаг. Гэтэл хүний амьдрал хугацаатай. Төр бол мөнх. Тэгэхээр төрийн албыг зөв хийж, хүнийг нэгэнт санаатай, санамсаргүйгээр хилсдүүлсэн бол буруугаа хүлээгээд, уучлалтаа гуйгаад, хохирлыг нь арилгах ёстой юм л даа.

-Энэ хэргээс болж яллагдагчаар татагдсан, ял авсан, ялаа эдэлсэн хүмүүс тэгэхээр бүгд хэлмэгдсэн гэж та хэлж байх шиг байна?
-Шүүх энэ хүмүүс ямар ч гэм буруугүй юм байна гэдэг шийдвэрийг 2017 онд гаргасныг би танд хэлсэн шүү дээ.
-Шалтгаан нь юу байсан гэж та боддог вэ. Энд хэн буруутай гэж боддогийг л асуугаад байгаа юм?
-Э ерөнхийлөгч Ерөнхийлөгч болоод цагдаагийн алба хаагчдыг заавал хэлмэгдүүл гэсэн үүргийг прокурорт өгсөн байна л даа. Би тэгж боддог. Хэлсээр байтал хууль зөрчөөд яллачихсан юм. Манайх байлдааны сумгүй явсан. Манайх буудаагүй гээд байхад буудсан байх ёстой гээд яллачихсан. Нөгөө хэн унгав хэлж өг пид пад гээд тоолоод хэн таарсныг унгасан болгодогтой ижил юм уу даа.
-Хэлмэгдсэн бол та бүхэнд төрөөс хохирлыг тань барагдуулсан уу. Хэлмэгдсэн бол тэгэх ёстой биз дээ?
-Хохирлын нөхөн төлбөрийг уг нь шийдвэрлэж өгөх ёстой ч өнөөдрийг хүртэл 1 ч хүн хохирлын нөхөн төлбөр гэж аваагүй. 40 гаруй хүн бий л дээ. Тэдний хэн нь ч хэрэгт хамааралгүй гэж шүүх шийдсэн хэдий ч цагаатгагдаагүй байна. Уучлал гуйгаагүй, хохирлыг барагдуулаагүй.
-Гэм буруугүй гэсэн шийдвэр гарсан ч цагаатгасан шийдвэр гараагүй болохоор уу?
-Угаасаа эд нар цагаатгасан тогтоол гаргахгүй. Яагаад гэвэл тэр үед биднийг ялласан прокурорууд нь, прокурорын байгууллага нь хэвээрээ байж байгаа учраас. Шүүх биднийг яллачихаад өөрсдийнхөө бурууг хүлээх дургүй байна шүү дээ. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгочхоод байхад цагаатгахгүй байгааг та тэр хүмүүсээс асуугаарай. Монгол Улс цаашдаа ийм хэвээрээ байх юм уу. Эрхзүйт төр байгуулчхаад, хүний эрхийг дээдэлсэн Монгол Улс ингээд хүнээ хилсдүүлээд, хэлмэгдүүлээд байх юм уу. Алдаа гаргаад иргэнээ хохироосон бол цаашдаа хохирлыг яаж арилгадаг байх юм бэ. Яаж цагаатгах юм бэ гэдэг асуудлыг ярих ёстой.
-Шүүхээс та бүхнийг энэ хэрэгт буруугүй юм байна гээд шийдвэр гаргасан. Гэтэл цагаатгадаггүй. Энэ дээр та бүхэн гомдол гаргах эрхтэй юу?
-Байгаа. Цагдаагийн алба хаагчид буруугүй гээд шүүх шийдлээ. Гэтэл тэр цагдаа нарыг хянаагүй гэж буруутгагдсан бид гомдол гаргана. Алба хаагчид хэрэг үйлдээгүй учраас бид буруугүй байна гээд. Гэтэл үүнийг хянадаг, дүгнэлт хийдэг байгууллага нь прокурор байхгүй юу. Харамсалтай нь прокурор энэ дээр дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа юм. Ингээд л зогсчихсон. Уг нь хуулиндаа прокурор дүгнэлт бичнэ гээд биччихсэн байгаа. Тиймээс одоо бид хаашаа явах вэ.
