“Монгол Улсад нийт хүн амын дунд эрсдэлийн түвшин өндөр байна” гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан талаар өнөөдөр /2020.12.07/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тиймээс хөл хориог дахин сунгах шаардлагатай гэж ЭМЯ үзэж, уг саналаа УОК-т хүргүүлжээ.
Анх арваннэгдүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоосноос хойших дөрөв дэх сунгах санал юм. Өнгөн хэсэгтээ аюулт халдварыг олон хүнд тархааж, эрсдэл учруулахгүйн тулд авах зайлшгүй арга хэмжээ мэт боловч үүнээс нөлөөтэй ажлыг дорвитойхон хийх хүч дутаж байна.
-ХӨЛ ХОРИО ҮНЭХЭЭР ҮР ДҮНТЭЙ БАЙСАН УУ-
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр бүрт иргэд хүндэтгэлтэй хандаж, гэртээ хөл хориог дуулгавартай сахиж байсан. Өглөө бүр “халдварыг барьж авч чадлаа” гэсэн мэдээ сонсохоор зурагтынхаа өмнө чих тавин сууцгаах боловч өнөөдөр иргэдэд халдвар илэрсэнгүй гэсэн мэдээний маргааш 38 тохиолдол нэмж бүртгэгдэх явдал гарав.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол нэмэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ гэнэ. Төмөр зам дагуу сумдуудад халдвар илэрч байгаатай холбогдуулан шинжилгээ авч байна гэж шуугиад л, тогтооно барина гэж баахан хөл хорио сунгасан боловч дорвитой үр дүн өгсөнгүй. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсийн халдварыг тэр дор нь шинжилж илрүүлж чадаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй. ЭМЯ халдварын тархалтыг барьж чадаж байна гэж удаа дараа мэдэгдэл хийсэн мөртлөө арванхоёрдугаар сарын 6-ны цаг үеийн байлаарх мэдээллээр “Дорноговь аймагт Сovid-19-ийн нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн хоногт Замын-Үүд суманд халдварын гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Гэр бүлийн болон дотны найз гурван хүний онош батлагдаж, шинжилгээний хариу нь эерэг гарлаа. Батлагдсан шинэ тохиолдол төмөр замын өвчлөлтэй холбоотой гэж шууд харагдахгүй байгаа нь аюулын харанга дэлдэж байна" гэж мэдээлсэн. Гэвч үүний дараах мэдэгдэлдээ төмөр зам дагуу голомт мөн хэмээв. Эхлээд биш дараа нь мөн. Энэ нь ЭМЯ хэлж байсан шигээ голомтын тархалтаа хянаж чадахгүй байгааг харууллаа. Хяналтанд байсан хүмүүсээс биш тандалтаар авсан шинжилгээгээр шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаа өөрөө аюулын харанга дэлдээд буйн баталгаа болов. Нэг ёсондоо шинжилгээ өгөөгүй, халдвартайгаа мэдэхгүй иргэн хаашаа ч явж байж болно. Үүнийг манай улс одоо болтол хяналтандаа авч чадаагүй л явна.
Цаашлаад Замын-Үүд суманд “Covid-19” тархсантай холбоотойгоор Эрээн хотын Засгийн ордноос тавьсан шаардлагын дагуу Замын-Үүд Эрээн чиглэлийн улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөн хязгаарлагдаж Замын-Үүд суманд ачааны автомашины бөөгнөрөл үүсч улс хоорондын тээвэр зохион байгуулалтад ихээхэн хүндрэл үүсч байна. Одоогоор Замын-үүдийн хил дээрээс зөвхөн Таван толгойн түлшний барьцалдуулагч, нүүрс, эм эмнэлгийн хэрэгсэл, жимс хүнсний ногоо, экспортын бараа бүтээгдэхүүн зэрэг цөөхөн хэдэн бараа бүтээгдэхүүнүүдийг дарааллын дагуу маш цөөн тоогоор нэвтрүүлж бусад ачаа барааг нэвтрүүлэхгүй байгаа аж.
-БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ЭЛГЭЭРЭЭ МӨЛХӨВ-
Хөл хорио тогтоосноор жижиг дунд бизнес эрхлэгчид, өдрийн орлогоороо амжиргаагаа залгуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд ёстой л элгээрээ мөлхөх нь холгүй амьдарч байна. Иймдээ ч маскаа зүүгээд зайгаа бариад, тодорхой цаг заасан ч хамаагүй ажиллах л хүсэлтэй байна гэдгээ уахим сүлжээнд илэрхийлсээр байгаа юм. Цар тахал аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдааны салбаруудад хамгийн ихээр нөлөөлжээ. Хөл хорионы үед аж ахуйн нэгжүүдийн дөнгөж 2 хувь нь хэвийн ажиллаж байгаа бол 66 хувийн үйл ажиллагаа нь бүрэн зогсчээ.
-ЦАР ТАХЛЫН ҮЕД СЭТГЭЖ БАЙГАА НЬ QR КОДНООС ХЭТРЭХГҮЙ БАЙНА-
Манай улс “Covid-19” халдварыг “ороод ирвэл яах вэ” гэж халширч, сэргийлж сууснаас биш “орж ирсэн хойно нь яах вэ” гэдгээ огт бэлдэж тооцоогүй нь хөл хорионы үеэрх уялдаа холбоогүй шийдвэрүүдээс ажиглагдав. Түүнчлэн УОК, ЭМЯ зэрэг зохион байгуулж буй байгууллагууд нь гаргасан алдаатай шийдвэртээ хариуцлага хүлээж засаж залруулах бус нэгэндээ буруугаа тохож, юм л бол иргэдээ торгоно, шийтгэнэ гэж сүрдүүлэх боллоо.
Иргэний үнэмлэхний QR кодыг уншуулдаг пос машин цагдаа нарт тараагаад хөдөлгөөн шилжилтийг бүртгэх юм гэнэ. Хятад Улс ковидыг хатуу хөл хориогоор давсан гэж манайхан ойлгоод байна. Гэтэл үнэндээ тэд хатуу хөл хориондоо биш хурдтай дата менежментийн ачаар ковидыг давсан юм шүүдээ. Сall center-үүд байгуулаад эмч сувилагч шиг 24 цагаар ажиллажээ. Гар утасны оператор компаниуд бүх утасны байрлалыг 50 метрийн нарийвчлалтай гаргах боломжтой. Одоо бүх яриа интернет протколоор явдаг болсон. Энэ датаны төлбөрөө эх оронч санаачлага гаргаад үнэгүй өгдөгсөн үү? Эсвэл онцгой комиссынхон маань төлбөрийг нь төлөөд авдагдсан уу ямар ч байсан утастай болгоны байршлыг тогтоох технологийн боломж бий. Гэтэл дарга нарын маань бодож хэрэгжүүлж буй арга хэмжээ QR кодноос хэтэрсэнгүй. Үүнтэй зэрэгцэн орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамрагдаж байж буцаах шийдвэр гаргасан боловч сайт нь ажиллахаа болив. Захын хандалт оргил цагаар гацахгүй ажиллаж байхад төрийн орон нутаг руу явуулах иргэдийн шинуилгээний хариуг харуулах систем 10, 20-иод мянган хүн ороход гацаж байна.
Эцэст нь худлаа ялархаж, сүржигнэсэн хүмүүсээр шийдвэр гаргагч байгууллагууд дүүрч, олигтой боловсон хүчин дутагдаж буйг л хөл хорио таниуллаа. Нэгэнт л хориод хориод дийлэхгүй бол одоо хорихоо болио...