Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Чинзориг: Автомашины QR кодыг хуурамчаар ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 3 секунд
НОСК-ын шуурхай штабын замын хөдөлгөөн зохицуулалтын багийн гишүүн Д.Чинзориг

Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосноос иргэдийн автомашины хөдөлгөөнийг хязгаарласан. 18 чиг үүргийн байгууллагад автомашины замын хөдөлгөөнд оролцох эрх бүхий QR кодыг олгоод байна. Үүнтэй холбогдуулан НОСК-ын шуурхай штабын замын хөдөлгөөн зохицуулалтын багийн гишүүн Д.Чинзоригтой ярилцлаа.

-ИЛҮҮ ЦАГ ГАРАХААР ХАЛТУУР ХИЙСЭН ТОХИОЛДОЛД ХҮСЭЛТ ИЛГЭЭСЭН БАЙГУУЛЛАГЫН БҮХ АВТОМАШИНД ОЛГОСОН ЭРХИЙГ ЦУЦЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА-

-Автомашины QR код олгож байгаа журмыг танилцуулаач?

-Юун түрүүнд автомашинд олгож байгаа QR код ямар учиртай зүйл вэ гэдгийг ярих хэрэгтэй байх. Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал цар тахлын хэмжээнд хүрчихсэн байгаа энэ үед иргэдийг гадуур гаргахгүй, гэртээ байх боломжийг бүрдүүлэх, тав тухыг хангах 18 чиг үүргийн ажилчдыг ажилдаа явах, гүйцэтгэх боломжийг олгохын тулд энэхүү кодыг бэлдэж гаргасан байгаа.

-Хэдэн автомашинд QR код олгосон байгаа вэ?

-Өмнө 13 чиг үүргийн байгууллага ажиллаж байхад 30 мянгад барих  төлөвлөгөөтэй байсан. Арваннэгдүгээр сарын 30-ны засгийн газрын шинэ тогтоолоор 5 чиг үүргийн байгууллага нэмэгдээд одоогоор автомашины QR кодыг 40 гаруй мянган тээврийн хэрэгсэлд олгоод явж байна.

-18 чиг үүргийн байгууллагад QR кодыг олгож байгаа. Нэг байгууллагад ажилчдын тооноос хамаараад олгох тоо заагдсан байгаа юу?

-Ажилчдад олгохгүйгээр албаны хэрэгцээний автомашинуудад олгоно гэсэн чиглэл явж байгаа. Зайлшгүй нийтийн тээвэр явдаггүй газар байрладаг, шөнийн ээлжээр буудаг, ажилдаа ирдэг алба хаагчдад тухайн байгууллагын тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн байгууллага дээр төлж байгаа юу гэдгийг судалж үзээд олгож байгаа. 18 чиг үүргийн байгууллагуудын ажиллах цаг өөр өөр. Өглөөгүүр ажлаа амжуулчхаад орой илүү цаг гарахаар халтуур хийх, бусад өөр зүйлд автомашинтайгаа хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд тухайн хүсэлт илгээсэн байгууллагын бүх автомашинд олгосон эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байгаа гэдгийн анхааруулах нь зүйтэй.   

Өнөөдрийн байдлаар /2020.12.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт долоон хэрэг гарлаа

-БУСДЫН МАШИНЫ QR КОДЫГ ЗАСВАРЛАСАН ТОХИОЛДОЛД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ АРГА ХЭМЖЭЭ АВНА-

-Байгууллага болон иргэдийн QR код авах хүсэлт хэр байна вэ?

-Эхний өдрүүдэд иргэдээс QR код авах хүсэлт маш их ирж байсан. Сүүлийн өдрүүдэд харьцангуй багассан. 18001200 гэсэн тусгай дугаарт залгах, мэйл илгээж хүсэлт гаргасан тоо мөн бага болсон.

-QR кодтой холбоотой зөрчил их гарч байна гэлээ. Зөрчил гаргасан жолоочид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Өөр машины QR кодыг өөрийн автомашиндаа тавьж явах тохиолдол их гарч байна. Цагдаа нарыг холоос харахад бичгийн цаасан дээр хэвлэсэн QR код харагддаг. Гэтэл өөр машины кодыг smartcard.mn рүү ороод хэвлээд авч явах тохиолдол их гарч байна. Үүний хажуугаар QR кодыг татаж аваад улсын дугаарыг нь өөрийн машиныг болгож засах тохиолдол маш их гарч байна. Жишээлбэл, Өнөөдрийн байдлаар /2020.12.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт долоон хэрэг гарлаа. Энэ нь ямар зүйл заалтын шийтгэл хүлээлгэх вэ гэвэл Эрүүгийн тухай хуулийн 23.2-т “Бичиг баримтыг дуурайлган хуулбарлан хийх” гэсэнд заалт бий. Үүгээр шийдэгдвэл ял авах хэмжээний асуудал үүснэ. Мөн “Зөрчлийн тухай хууль”-аар шийтгэл хүлээх байгаа. Цар тахлын хөл хориог хязгаарласан энэ үед иргэд гэрээсээ гаралгүй хэдэн хоногийг өнгөрөөх хэрэгтэй байна. Жижигхэн цаасны засвар дээрээс болоод том асуудал үүсгэхгүй байхыг хүсье. Тиймээс ард иргэддээ хандаж хэлэхэд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаад өөрсдийгөө гэртээ тусгаарлаад цар тахлын үеийг дуусгацгаая гэж уриалмаар байна.

-Аль төрлийн зөрчил зонхилон гарч байна вэ?

-Бусдын машины QR кодыг засвар хийхгүйгээр ашиглах тохилдол маш их гарч байна.

-Зөрчил илэрсэн тээврийн хэрэгслийн жолоочид эхний удаадаа шууд хариуцлага хүлээлгэх үү?

-Өөр автомашины улсын дугаартай QR кодыг ашигласан тээврийн хэрэгслийг цагдаагийн албан хаагчид маань хөдөлгөөний хязгаарлах арга хэмжээ авч байгаа. Харин бусдын машины QR кодыг засварласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авна.

Арваннэгдүгээр сарын 30-ны засгийн газрын шинэ тогтоолоор 5 чиг үүргийн байгууллага нэмэгдээд одоогоор автомашины QR кодыг 40 гаруй мянган тээврийн хэрэгсэлд олгоод явж байна.

- ЗӨВХӨН ГЭР-ЭМНЭЛЭГ, ЭМНЭЛЭГ-ГЭР ГЭСЭН МАРШРУТААР ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ-

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шалтгаан. Мөн “Зөрчлийн тухай хууль”-аар хэдэн төгрөгөөр торгоно гэсэн заалт бий юу?

-Эрүүгийн тухай хуулийн 23.2-т зааснаар мөнгөн торгууль оногдоно. Мөн нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, баривчлах зэрэг ял шийтгэл байгаа. Эхний тохиолдолд тэнсэн харгалзах авч болно. Гэхдээ тэр нь ямар нэгэн байгууллагад ажилд ороход “Өмнө нь ял шийтгэлээр шийтгэгдэж байсан эсэх” гэж хайхаар ял эдэлж байсан гэсэн бүртгэлээр гардаг байгаа. Дараагийн удаад ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хөнгөрүүлэх нөхцөлгүй байгаа шүү. Үүнийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй.

-Зайлшгүй тохиолдлоор ямар нэгэн тусламж үйлчилгээ авах хэрэгцээтэй QR кодгүй автомашинтай иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юу?

-Нийслэлийн Онцгой Комиссын шийдвэрээр зайлшгүй түргэн тусламжийн үйлчилгээ авах шаардлагатай иргэд хувийн авто машинаар хөдөлгөөнд оролцох боломжтой. Учир шалтгаанаа хэлээд явах хэрэгтэй. Эмнэлгээсээ бичиг авах шаардлагатай. Зөвхөн гэр-эмнэлэг, эмнэлэг-гэр гэсэн маршрутаар зорчих боломжтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг: С.Хонгорзул

ЭМЯ хатуу хөл хориог он дуустал сунгах саналыг УОК-т хүргүүлжээ
ЭМЯ хатуу хөл хориог он дуустал сунгах саналыг УОК-т хүргүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.