Монгол Улсын 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2025.06.03/ огцорлоо. Тэрбээр дараагийн шинэ Ерөнхий сайд томилогдтол үүрэг гүйцэтгэх юм. Тэгвэл 1999 оноос хойш манай улс зургаан Ерөнхий сайдыг тодорхой шалтгааны улмаас огцруулсан байдаг бөгөөд Л.Оюун-Эрдэнэ 7 дахь нь ийн болов. Харин эдгээр Ерөнхий сайд нар юуны учраас гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ буусан шалтгаан болон түүнийг огцруулах "хөдөлгөөн" хэдэн өдөр үргэлжилсэн мэдээллээр "хачирлан" хүргэе.
-Ж.НАРАНЦАЦРАЛТ-

Огцруулах үйл явц эхэлсэн: 1999.07.20
Огцорсон огноо: 1999.7.22
Огцруулах үйл явц үргэлжилсэн хугацаа: 3 өдөр
ШАЛТГААН: Ерөнхий сайдын өөрөө ч мэдээгүй өөрийн гарын үсэгтэй захидал. УИХ-ын чуулганы хуралдаанд цөөнхийн бүлгийн ахлагч Н.Энхбаяр 1999 оны 01 сарын 19-нд ОХУ-ын ЗГ-ын нэгдүгээр орлогч Ю.Д.Маслюковт Ерөнхий сайдын явуулсан албан бичиг олдсон тухай дурдаад "Энэ бичиг "Эрдэнэтийн ОХУ-д ногдох 49 хувийг 240 мянган ам.доллароор худалдсаныг зөвшөөрөөд бид ч 51 хувьдаа ийм хувьчлал хийх байх. Эрдэнэтийг хувьчлахад та нар дуугүй байна шүү гэсэн утгатай хэмээн мэдэгдсэн юм. Эл захидал дүрмийн алдаатай бичигдсэн ба эх хувь нь Засгийн газрын архивт байгаагүй нь асуудал болж гарч ирсэн юм. Энэ асуудлаас улбаатайгаар "ганхсан" Ж.Наранцацралтын асуудал явсаар УИХ-ын нэр бүхий 21 гишүүн түүнийг огцруулах саналыг УИХ-д 1999 оны долоодугаар сарын 20-нд өргөн барьсан юм.
Асуудал хурцадсаар долоодугаар сарын 22-ны өдөр УИХ-ын чуулган нууцаар санал хурааж, гишүүдийн 65.1 хувийн саналаар ЗГ-ыг огцруулах тухай тогтоолын төсөл дэмжигдсэн юм.
-Ц.ЭЛБЭГДОРЖ-

Огцруулах үйл явц эхэлсэн: 2006.01.09-10 шилжих шөнө
Огцорсон огноо: 2006.1.13
Огцруулах үйл явц үргэлжилсэн хугацаа: 4 өдөр
ШАЛТГААН: 2006.01.09-ний шөнө МАХН-ын бүлэг хаалттай хуралдав. Тэд ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж байгаад гэнэт Засгийн газрыг огцруулах асуудлыг сөхөн ярилцжээ. Олонхийн саналаар УЗ-д уламжлан, шийдвэр гаргуулахаар болсон гэдэг. Үйл явц ингэж эхэлсэн. Улмаар МАХН-ын УЗ хуралдаад, 10-11-нд шилжих шөнө үргэлжлүүлэн ярив. Мөн бага хурлаас нь "Эвсэл тарсан нь Засгийн газар эрх зүйн чадамжгүй боллоо гэх дүгнэлт гаргасан тул манай намд харъяалагддаг 10 сайд өргөдлөө гаргаснаар ЗГ огцорч байгаа гэж ойлгож болно" хэмээн МАХН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдоржид хэлжээ. Улмаар нэгдүгээр сарын 13-ны өдрийн чуулганы хуралдаанаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан.
-М.ЭНХБОЛД-

Огцруулах үйл явц эхэлсэн: 2007.10.29
Огцорсон огноо: 2007.11.05
Огцруулах үйл явц үргэлжилсэн хугацаа: 8 хоног
ШАЛТГААН: Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд хэд хэдэн удаа огцруулах асуудал хөндөгдсөн байдаг. Улмаар энэ Засгийн газарт Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарыг "Хадгаламж" банкны хэрэгт, мөн гишүүн Т.Бадамжунайг спорт цогцолборын авлигын хэрэгт холбогдуулан шалгахаар бүрэн эрхийн асуудал хөндөгдөж, Ц.Элбэгдорж осолд орж, Ц.Цэнгэл, Д.Одбаяр нарын сайд нараа огцруулах саналыг ч гаргаж, Б.Жаргалсайхан, Л.Гүндалай, Л.Одончимэд нарын гурван гишүүд ч огцорсон гээд улс төрийн хувьд тогтворгүй, сэхэл олоогүй өдрүүд үргэлжилсээр намын их хуралтай залгасан. Намын даргыг сонгох сонгуулиар С.Баяр ялалт байгуулж, шинээр сонгогдсон намын дарга нь Ерөнхий сайдын албыг хавсран хашихаар болсон тул М.Энхболд мөн оны аравдугаар сарын 31-нд УЗ-дөө ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн. Ийнхүү 11 дүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч түүний соёрхжээ.
-Н.АЛТАНХУЯГ-

Огцруулах үйл явц эхэлсэн: 2014.10.17
Огцорсон огноо: 2014.11.5
Огцруулах үйл явц үргэлжилсэн хугацаа: 20 хоног
ШАЛТГААН: УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүний хамт АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэг бүхий Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдолд өргөн барьж байв. Эл тогтоолын төслийг УИХ дахь АН-ын бүлэг аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дэмжих боломжгүй гэж үзсэн. Гэвч энэ үйл явц үргэлжилсээр 11 дүгээр сарын 5-нд чуулганы хуралдаанд санал хураалт явуулахад, АН-ын нэр бүхий 8 сайд эсрэг санал өгч, 7 гишүүн чуулганы хуралдаанд орж ирэлгүйгээр өөрийн намын Засгийн газрынхаа тэргүүнийг огцруулж, Шинэчлэлийн Засгийн газрыг унагаж байсан түүхтэй.
-Ж.ЭРДЭНЭБАТ-

Огцруулах үйл явц эхэлсэн: 2017.08.23
Огцорсон огноо: 2017.09.07
Огцруулах үйл явц үргэлжилсэн хугацаа: 16 хоног
ШАЛТГААН: Нэг жил хоёр сарын хугацаатай ажилласан Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын нэр бүхий 30 гишүүн өргөн барьсан байдаг. Улмаар 2017 оны есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд 57.5 хувийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулж байв. Түүнийг Ерөнхий сайдаас огцруулах үндсэн гурван шалтгааныг дурдсан байдаг. Тодруулбал, эдийн засгийн асуудал, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлага, гурав дахь нь Концессын гэрээ.
Огцрох үедээ тэрбээр “Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяг дор нь явсан танхимаа болон хажууд сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь, чиний алдаа дутагдлыг би хүлээнэ” гэх үгийг хэлж байв. Энэ үгийг тухайн үед У.Хүрэлсүхэд хаяглагдсан үг болохыг улстөрийн хүрээнд төдийгүй олон нийт мэднэ.
-У.ХҮРЭЛСҮХ-

Огцруулах үйл явц эхэлсэн: 2021.01.20
Огцорсон огноо: 2021.1.21
Огцруулах үйл явц үргэлжилсэн хугацаа: 1 хоног
ШАЛТГААН: "Таавчигтай" жагсаалаар огцорсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрбээр ковид цар тахлын "ид" үед халдвар авсан эхийг нярай хүүхэдтэй нь гэрийн нимгэн халаад, таавчигтайгаар ХӨСҮТ рүү шилжүүлсэн хүний эрхийн зөрчилд хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ УИХ-д өгч байв.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ-

Огцруулах үйл явц эхэлсэн: 2025.05.14
Огцорсон огноо: 2025.06.03
Огцруулах үйл явц үргэлжилсэн хугацаа: 20 хоног
ШАЛТГААН: Дөрвөн жил 116 хоног Ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнийн огцрох шалтгаан нь түүний хүү О.Тэмүүлэн болон түүний найз бүсгүйн "тансаглал"-аас үүдсэн хардлагаас улбаатай гэж хэлж болно. Хардлага хэмээн онцлохын учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 20 гаруйхан настай хүү өөрийн найз охиндоо үнэтэй тансаг машин, хэдэн сая төгрөгийн үнэтэй цүнх бэлэглэж, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг шилжүүлсэн нь сошиалд ил болсны дараагаар олон нийт тэднийг татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байж болзошгүй гэх асуудлыг хөндөж, улмаар Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардсан юм. Энэ хэд хоногт асуудал яван явсаар МАН-ын Бага хурлыг хуралдуулж, хамтарсан Засгийн газар үргэлжлэх эсэх цаашилбал "хадаг барьж гуйсан" АН-аа засгаас хөөх, УИХ руу итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл өргөн барих зэрэг олон үйл явц өрнөхөд хүргэсэн. Үүний дүнд өнөөдөр өглөө УИХ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй хэмээн шийдсэнээр тэрбээр ийн огцорсон юм.