УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай хуралдлаа. Хуралдааны үеэр Монгол улсад нийлүүлэх коронавирусний эсрэг вакцинтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
“Дэлхийн хөгжиж байгаа ядуу буурай орнуудад зориулсан вакциныг түрүүлж авах боломжоор хангаж байгаа цорын ганц хөтөлбөр бол Ковакс. Энэ хөтөлбөрийг дэлхийн дөрвөн байгууллага санаачилсан. Санаачилсан байгууллагын нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид дэлхийн банкинд хандаж байгаа. Хэн нь мөнгөө төлсөн нь вакцинаа түрүүлж авна. Том хөгжилтэй орнууд мөнгөө өгөөд захиалчихсан байгаа.
"Коронавирусний эсрэг вакцин авах гээд бүх бололцоогоо дайчилж байна"
Манайх шиг орнууд захиалга өгөхөд хүндрэлтэй байдаг учраас бид Ковакс хөтөлбөрт орж, Дэлхийн банкаар дамжуулан авах хүсэлтээ өгсөн. Дэлхийн банк санаачлагчийн нэг учраас тус банкнаас мөнгө авбал худалдан авалт дотор Монгол ороод вакцин авах боломж бүрдэж байгаа юм. Хоёр, гурван сарын өмнө бусдаас урьтаж, богино хугацаанд коронавирусний эсрэг вакцин авах гээд бүх бололцоогоо дайчилж байна” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
"2020 онд 31 тэрбум, 2021 онд 20.6 тэрбум төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Дээр нь бид худалдан авалт хийх Ковакс хөтөлбөрт хамрагдсан. ДЭМБ буурай, дунд хөгжилтэй орнуудыг өндөр хөгжилтэй орнуудтай зэрэг вакцинд хамруулах зорилго тавьсан нь Ковакс хөтөлбөр. ДЭМБ-ын гэрчилгээ аваад, батлагдсан вакцины нэгдсэн худалдан авалт хийж, хямд үнээр буурай болон дунд хөгжилтэй орнуудад өгөхийг зорьж байгаа.
"Энэ хөтөлбөрт хамрагдсанаар иргэдийнхээ 20 хувийг үнэгүй вакцинжуулна"
Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 23-нд Ковакс хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн. Арваннэгдүгээр сарын сүүлчээс вакцины үр дүн батлагдаад эхэллээ. Одоо ДЭМБ аль вакциныг сонгох вэ гэдгээ шийдэх гэж байна. Манай улс энэ хөтөлбөрт хамрагдсанаар иргэдийнхээ 20 хувийг үнэгүй вакцинжуулна.
"Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилчид, ахмадууд, хавсарсан өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулах журам гарсан"
ЭМЯ, УОК-оос ямар хүмүүсийг эхний ээлжид вакцинд хамруулах вэ гэдэг журмыг гаргасан. Үүнд:
- Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарынхан буюу халдвартай хүмүүстэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад тарина.
- Хоёрдугаарт, 65-аас дээш настай хүмүүсээ хамруулна.
- Гуравдугаарт, хавсарсан өвчтэй, халдвар авсан тохиолдод амь нас нь эрсдэлд орох хүмүүс.
2021 оны төсөвт мөнгө тавиагүй биш тавьсан. Хамгийн гол нь бид ДЭМБ-ын хөтөлбөрт нэгдэж, хямд вакцин авах гэж байгаа юм шүү." гэж хэллээ.