АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөж ялалт байгуулсан Жозеф Байден 80 саяас дээш санал авсан анхны нэр дэвшигч болжээ. Одоогоор мужуудын санал тоолох үйл явц дуусаагүй хэдий ч NBC телевизээс 80'011'360 сонгогч Байденд саналаа өгч, Цагаан ордны тэргүүн Дональд Трамп 73'881'874 санал авсан талаар мэдээллээ.
Associated Press агентлаг Байден эхний өдрөө л урьд өмнө нь хэн ч хүрч чадаагүй түүхэн рекорд тогтоож, 70 сая хүний дэмжлэг авсан нь тодорхой болсон талаар мэдээлжээ.
Өмнө нь Ерөнхийлөгч асан Барак Обама 2008 онд 69,4 сая санал авч байв. Трамп ялагдсан нэр дэвшигч хэдий ч мөн ялгаагүй 70 саяас дээш тооны дэмжлэг авсан байна. Мөн энэ удаагийн сонгуульд оролцогсдын ирц ч дээд зэрэгтээ буюу 1908 оноос хойш анх удаа 65 хувьд хүрчээ.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болох бөгөөд Дональд Трамп өнөөдрийг хүртэл ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байна.