Бразилын баруун хэсэгт оршдог, дэлхийд хамгийн том ойн намагт тооцогддог байсан Пантану намаг ширгэж, ойр хавийн амьтад, ялангуяа тус намагт амьдардаг байсан матруудад үхлийн аюул нүүрлэжээ. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар намгаас үлдсэн сүүлчийн ганцхан шалбаагт зуу зуун матар цуглан үхлээ хүлээн хэвтэж байгаа юм. Ойролцоо амьдардаг нэгэн фермер “Би өмнө нь хэзээ ч ийм олон матар нэг шалбаагт цугларч байхыг хараагүй. Энэ жил сүүлийн 50 жил болоогүй ган гачиг болж, маш олон түймэр гарснаас болж ийм зүйл боллоо. Энэ бол хамгийн сүүлийн шалбааг. Энэ хэвээрээ удвал нэг ч матаргүй хоцрох бололтой” хэмээн ярьжээ.
Харин Пантанугийн хөдөө аж ахуйн судалгааны корпораци Эмбрапагийн мэргэжилтэн “Ган гачиг удаан үргэлжилснээс болж амьтад нэг газарт бөөнөөрөө цугларах нь байдаг л зүйл. Гэхдээ пантанугийн хувьд өмнө нь хэзээ ч ийм олон матар нэг дор цугоарч байсангүй” хэмээн ярьжээ.
Пантану бол Амазоны ширэнгэн ойтой харьцуулагдахуйц баялаг экосистемтэй газар. Гэвч энэ жил сүүлийн 50 жилд тохиогоогүй их ган гачиг болж, хуурай, халуун агаараас болж ойн түймрүүд асар их газрыг сүйтгэсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар Бразилд энэ онд 2005 оны 12536 түймрээс 21.84 дахин их түймэр гарч, дээд хэмжээ тогтоосон байна.