Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна.
Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлээс энэ ондоо багтаан 15 байршилд явган зорчигчийн замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүллээ. Үлдсэн зургаан байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө энэхүү төсөлд хамрагдах юм. Төслийн хүрээнд явган замыг явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, багачууд зорчиход хүндрэлгүй байхаар шийдсэн.
Тодруулбал, шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээтэйгээр буюу 30см x 60см болон 30см х 30см хэмжээтэй хийнэ. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй болно” гэв.
Тэгвэл таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажил эхэлсэн. Явган замыг нийт 28 мянган ам.метр талбайд хийхээс 10 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Шинэчилж буй чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр 4 метрийн өргөн хийж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийнэ. Энэ хэсгийн ажлыг наймдугаар сарын 25-нд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!