Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 37 секунд

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа ийн дууссан бөгөөд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс сунгах хүсэлт ирүүлээгүй тул төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын найман томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн. Энэ асуудлаар мөн л Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусаж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс сунгах хүсэлт ирүүлээгүй тул хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 88 гишүүний 52 нь буюу 59.1 хувийн саналаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Нэгдсэн хуралдаан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлыг Пүрэв гараг (2025.05.01)-ийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж, сунгах хүсэлтийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлээгүй болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулав. Тус Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсгийг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Баяраагийн Рагчааг Улсын Их Хуралд санал болгожээ. Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлийг баримтлан Нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.8 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Хоролсүрэнг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилсон хэмээн санал, дүгнэлтэд дурдсан байна. Нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг хараат бус шинжээч нягталж, нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд Б.Рагчааг мэргэшлийн хувьд шалгуур хангахгүй ч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шалгуур хангаж байгаа талаарх дүгнэлтээ сонсголд танилцуулсан аж.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, санал нэгтэйгээр нэр дэвшигч Б.Рагчааг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн дэмжжээ.

Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулан, Улсын Их Хурлын нийт гишүүд болон нэр дэвшигч, түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлсэн гэв.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Б.Рагчааг томилох, Үндэсний зөвлөлийн гишүүнээс С.Эрдэнэбатыг чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, У.Отгонбаяр, С.Зулпхар, Ц.Сандаг-Очир, Д.Ганмаа, Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа, М.Бадамсүрэн нар асуулт асууж, Эрүүл мэндийн сайд болон нэр дэвшигч, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав.

Хүн ам багатай, сум, зарим тосгон, сууринд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байгаа талаар гишүүд хөндөж байв. Сум, сууринд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмнэлгийн зарим төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж, нөхцөл хомс, хүртээмж багассан. Зарим аймгийн эмнэлэг нь тодорхой төрлийн өвчнийг оношлох, эмчлэх боломжгүй, эмчилгээ, үйлчилгээ нь доголдсон талаар гишүүд хөндөж байв. Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой, Эмийн агентлагийн үйл ажиллагаатай холбоотой, эрх ашгийн сонирхлын зөрчилтэй асуудлуудын талаар олонтаа дурдсан. Мөн эмийн чанартай холбоотой асуудлыг хөндөж, чанартай эм, тариа, энэ төрлийн бүтээгдэхүүн авах, иргэдэд олон төрлийн сонголт хийх нөхцөл, боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэдэг байр суурийг хэлж байсан.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд дотор сонирхлын зөрчилтэй этгээд бий эсэхийг судалж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, шаардлагатай бол Улсын Их Хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Нийгмийн бодлогын байнгын хороонд үүрэг болгов. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ иргэн бүрд тэгш, хүртээмжтэй, ижил түвшний хүрдэг байх шаардлагыг Д.Амарбаясгалан дарга тодотгоод “Салбарын сайд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл гишүүдийн хэлж буй асуудлуудыг анхаарч, хэлж буй саналуудыг тусгаж ажиллах шаардлагатай. Иргэдэд сонголт хийх нөхцөл бүрдүүлж, чанартай эмээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр шийдвэр гаргахыг Засгийн газарт үүрэг болгосон. Холбогдох тогтоолын хэрэгжилтийг Нийгмийн бодлогын байнгын хороо хянан шалгаж, Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй” гэв.

Ингээд санал хураалт явуулсан юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны саналаар Сүхбаатарын Эрдэнэбатыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөх санал хураалтыг явуулахад гишүүдийн 57.4 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн Баяраагийн Рагчааг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 94 гишүүний 59.6 хувь нь дэмжив. Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөх, томилох саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дарга энэхүү тогтоолыг уншиж, танилцуулснаар эцсийн найруулгыг сонссон юм.

Дараа нь Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг бол бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл төсөл дэх нэр томьёотой холбоотой байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн экологи эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед аймгуудын ургамлын төрөл зүйл, амьтны аймгийн тооллого, бүртгэл явуулсан эсэхийг асууж, ажлын хэсгээс хариулт авав. Дараа нь зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тав дахь асуудал бол Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцууллаа.

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 4 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороод 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хамтран хуралдаж, дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна

Хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс хуулийн үйлчлэх хугацааг “2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс” гэж өөрчлөх санал гаргасныг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Байнгын хороодын дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Энхтүвшин, Т.Аубакир, М.Ганхүлэг, З.Мэндсайхан, Х.Булгантуяа, М.Бадамсүрэн, Б.Батбаатар нар асуулт асууж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, салбарын сайд Ж.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.

Ийнхүү Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хорооод шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэх үндэслэлээр П.Батчулуун эмчид холбогдох хэргийг УДШ-ийн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ
Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэх үндэслэлээр П.Батчулуун эмчид холбогдох хэргийг УДШ-ийн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ
 
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!