Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлтийг гуравдугаар сарын 14-өөс эхлэн авч эхэлсэн бөгөөд нөгөөдөр 18:00 цагт дуусна. Одоогоор "Jet sharing Mongolia" ХХК-ийн захирал Г.Дашням, Монголын спортын корпорацийн Спорт хариуцсан захирал С.Жаргал нар нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэх "бор шувуу" нисэж эхэлжээ.
Энэ талаар Монголын хөлбөмбөгийн холбооны ойрын эх сурвалжаас тодруулахад "Ц.Анандбазарыг нэр дэвшинэ гэж яригдаж байсан. Хүсэлтээ өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна" гэх мэдээллийг өглөө. Ц.Анандбазарын хувьд улс төрд орохоосоо өмнө "Сод Монгол" группын ерөнхийлөгч байсан гэдгээрээ олонд танигдаж байв.
Хөлбөмбөгийн холбоог тойрсон үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудал олны анхааралд байгаа. Тиймдээ ч уг салбарын хүмүүс "Ерөнхийлөгч өөрчлөгдсөн ч асуудал шийдэгдэхгүй. Удирдлагын бүтцийг тэр чигт нь өөрчлөх ёстой" гэж үзэж буй.
Энэ талаар Спортын тайлбарлагч Б.Батзаяа "Манай хөлбөмбөг 200-300 тэрбум төгрөг эргэлдэх боломж байхад жилд 2-3 тэрбум хусдаг нөхдүүд энэ мөнгөө хадгалах гэж л энэ тогтолцоог хамгаалсаар байгаа. Мөнгө иддэг хэсэг бүлэг нөхдийн энэ чагтнаас гарчих юм бол хөлбөмбөг монголд дороо хөгжинө дөө" гэж бичжээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь дараах хүсэлт, материалыг ирүүлнэ.
- Сонгуульд нэр дэвшүүлэх тухай гишүүн байгууллагын албан бичиг,
- Нэр дэвшихийг дэмжсэн гишүүн байгууллагын албан бичиг /4-с дээш/,
- Нэр дэвшигчийн анкет, цээж зураг 2 хувь,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд 4-с дээш жил оролцсоныг нотлох баримт,
- Шударга байдлын мэдэгдэл
- Гэмт хэрэгт холбогдоогүй талаарх тодорхойлолт,
- МУ-д байнга оршин суудаг талаарх тодорхойлолт.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!