П.Сайнзориг: Ажлын интернэт сүлжээ, техник хэрэгсэл ашиглан мөрийтэй тоглоом, сугалаанд оролцсон төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлдөг байхаар хуулиа боловсруулж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
17 минут 31 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийг санаачлан боловсруулж буй. Тэрбээр тун удахгүй уг хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар болон зарим онцлох хуулийн төслүүдийн талаар түүнтэй ярилцлаа.

-Тун удахгүй УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуульд ямар онцлох заалтууд тусгагдсан бэ. Хууль батлагдсан тохиолдолд ямар асуудлуудыг зохицуулж өгөхөөр байна?

-Спорт бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулж байна. Бооцоот морин уралдааны асуудал бол Монгол Улсад нэлээн дэлгэрсэн. Хурдны чиглэлийн адуунуудыг өсгөн үржүүлж, ашиглаж байгаатай холбоотойгоор насанд хүрсэн хүнээр морь унуулах, үзэж сонирхож буй иргэд тодорхой хэмжээний бооцоо тавьж, үүнийг шударгаар хуваарилах олон улсын жишиг, сайн туршлагуудыг үндэслэж хийх зорилготой хуулийн төсөл бий.

Хоёрдугаарт, таны асуусан Спорт бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хууль. Засгийн газрын хууль буюу спортын "BET"-ээс бусдыг нь хориглож буй хуультай бодлогын хувьд нийцүүлсэн. Гэхдээ мэдээллээ илүү нягтлах шаардлагатай байна. Засгийн газраас бүгдийг нь ч хориглож магадгүй. Хэрвээ бүрэн хориглох боломжтой гэж үзвэл, энэ хуулийг өргөн барьж хэлэлцүүлэх шаардлагагүй. Гэхдээ цахим орчинд байгаа мөрийтэй тоглоом, "BET"-ийн асуудлыг VPN ашиглан нэр хаяг, холбоосуудаа өөрчилж орж ирэх эсвэл олон улсын санхүүгийн картаа холбоод тоглоход бид хяналт тавьж чадахгүйгээр Монгол Улсын валют гадагшаа илүү урсахаар байна.

Энэхүү хуулийг боловсруулж байх хугацаанд маш олон мэдээллүүд ирсэн. Спортын тэмцээнд албаар хожигдож өгөх зэрэг тохируулга явдаг боллоо. Үүнийг шийдэхгүй бол далд хэлбэр рүү орох гэх мэт асуудлууд бий.

“1Xbet” буюу Монгол Улсад бүртгэлгүй, татвар төлдөггүй оффшор бүсэд байдаг компанийн үйл ажиллагааг хориглож чадахгүй бол сөрөг үр дагаврууд гарсаар байна.

Зар сурталчилгааны байдлаар 1 сая ам.доллар орж ирдэг, буцаагаад 700 сая ам.доллар алддаг байдал руу орчихоод байгаа учраас үүнийг бүртгэлтэй бизнес болгож, албан ёсоор татвараа төлдөг, тоглогчдыг бүртгэлжүүлж хяналт тавьдаг, донтолтоос урьдчилан сэргийлдэг, бооцоог шударгаар хуваарилдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийг боловсруулж байгаа.

Бооцоо тавих үйл явц нь зөвхөн "Спортпэй"-ээр явагдах бол янз бүрийн байдлаар зохиомол залилан хийх үйлдлүүд нь эрүүгийн хуулиар зохицууллагддаг байя. Мөн “1Xbet” мэтийн бүртгэлгүй байгууллагуудад өөрийн хувийн данс, утасны дугаараа ашиглуулах, улмаар цахим казинод орж байна. Тэгэхээр спорт төлбөрт тааврын араас цахим казиногийн холбоос санал болгодог, татвар төлөхгүйн тулд монгол залуусыг агент байдлаар ашиглаж буй энэ бүх байдалд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байдлаар зохицуулж байгаа.

-Бооцоот тоглоом, сугалааны зөвшөөрлийг хэрхэн олгох нь одоог хүртэл ойлгомжгүй хэвээр байна-

-Энэ хууль хэрэгжсэн тохиолдолд зөвшөөрлийн асуудал цэгцэрнэ гэж ойлголоо. Бооцоот тоглоом зохион байгуулах зөвшөөрлийг яаж олгох юм бэ?

-Одоо ч зөвшөөрөл олгогддог. Цахим орчинд зохион байгуулж буй сугалаа бүгд хууль бус. Татвар ч төлдөггүй. Зөвшөөрлийн тухай хуулиар “Зөвшөөрөл олгодог” гэж байгаа боловч зөвшөөрлийг хэн олгох вэ гэдэг нь ойлгомжгүй. Сугалааны зөвшөөрлийг Сангийн яам олгож байгаа. Төлбөрт таавар тоглоомынхыг Хууль зүй, дотоод хэргийн яам олгоно гэж байгаа ч аль хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг олгох вэ, ямар үед зөвшөөрлийг хүчингүй болгох вэ гэдэг нь ойлгомжгүй байна.

Тэгэхээр хориглоно гэдгийн цаана маш олон хууль хөндөгдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэний хуульд ч бооцоо, мөрийний асуудал тусгагдсан байдаг. Энэ хуулийг хөндөх юм уу, мөн Татварын болон онцгой албан татварын тухай хуулийг хөндөх зэрэг асуудал бий.

Өнөөдрийн байдлаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуульд Засгийн газраас санал авсан, хуулийн боловсруулалтаа илүү сайжруулаад ажиллаж байна. Хуулийн төслийн анхны хувилбар d.parliament.mn дээр байршсан байгаа.

-Засгийн газраас ямар саналуудыг дэвшүүлсэн бэ?

-Мэдээж, хуулийн уялдаа холбооны талаарх саналууд л бий. Өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр боловсруулж байсан. Баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор тэр хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаа юм. Ямартаа ч хууль санаачлах эрхтэй УИХ-ын гишүүний хувьд эцсийн хувилбарыг нь олон нийтээр хэлэлцүүлээд, өргөн барих эсэхээ шийдье гэсэн бодолтой байна.

-Зөвшөөрлийн талаар ярилаа. Зөвшөөрлийг олгосон бол буцаагаад цуцалж болдог. Ямар тохиолдолд зөвшөөрлийг цуцлахаар тусгасан бэ?

-Хуулийн төсөлд тодорхой тусгасан байгаа. Мэдээж татварын өр, хонжвор бооцоог цаг тухайд нь өгөхгүй байх, шударга бусаар тохируулга хийх, цахим буюу зайнаас казиногийн холбоосыг санал болгох, зар сурталчилгаа хийсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан байгаа.

Тэгэхээр энэ төрлийн зүйлсийг олон нийтэд сурталчилж болохгүй. Урлаг соёлын төлөөлөл, инфлүүнсерүүд ч гэсэн жаахан урамшуулал аваад “Энийг тоглооч ээ” гээд байж болохгүй. Аль ч оронд үүнийг хязгаарладаг.

-"Хонжворт сугалаанд хожсон орлогын 40 хувийг ХХОАТ-д төлнө” гэж заасан ч одоогоор төлсөн нэг ч хүн алга-

-Татварын асуудал хөндөгдлөө. Бооцоот таавар, хонжворт сугалааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд татвар төлөх нь. Ингэснээр эдийн засагт ямар үр нөлөө авчрах бол?

-Бооцоот таавар, хонжворт сугалаанд багагүй хэмжээний мөнгө эргэлдэж байна. Иргэний хуулиар “Мөрийн болон хонжворт сугалаанд хожсон орлогын 40 хувийг ХХОАТ-д төлнө” гэж заасан байдаг ч одоогоор төлсөн нэг ч хүн алга. Хоёрдугаарт, мөрийнөөс авч буй орлогыг шударгаар тайлагнаж байгаа эсэх нь асуудалтай.

Миний бие мөрийтэй тоглоом, дэлгэцийн донтолт, архины донтолт дээр шийдэл олох зорилготой хуулиуд дээр ажиллаж л байсан. Өнөөдөр архидан согтуурахтай тэмцэх хууль гэж бий. Үйлдвэрлэж буй литр архи тутмаас 300 төгрөгийг тусгай санд төвлөрүүлээд, донтолтоос үүдэлтэй сэтгэцийн эмгэгийг эмчлэх хүний нөөц, эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулна” гэж тусгасан хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бүх арга хэмжээг зөв зохицуулалттайгаар хэрэгжүүлье гэж байгаа. Түүнээс биш яг эдийн засгийн том салбар гэж хэлэхэд хэцүү.

Спортын том салбарыг допингоос урьдчилан сэргийлье, шударгаар явуулъя гэвэл спортын арбитр ажиллах ёстой. Сүүлийн үед надад зарим мэдээллүүд ирж байгаа.

Манай спорт холбоодын дотоод статистик мэдээллийг “BET”-тэй холбож мөрий авах тохиолдол байна. Зарим багийн эзэд албаар хожигдож байна гэх мэдээлэл ирсэн. Гэхдээ үүнийг нотлохын тулд хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Тэгэхгүй бол спорт нь спорт биш, үзэгчдээ хуурдаг, тамирчдынхаа амжилтыг хохироодог, авлига цэцэглэдэг далд хэлбэр рүү орчих вий гэдэг болгоомжлол байна. Тийм учраас энэ хуулийн төслийг өргөн бариад явбал, зөвхөн 16-аас дээш насны хүмүүс оролцсон эвентүүд дээр л бооцоо тавина гэсэн нөхцөлтэй. Бусдаар зөвшөөрөл олгох, цуцлах, хураах татвар нь ойлгомжтой байгаа.

Мөн дээрээс нь Иргэний хуулийн нэг гажуудлыг засаж байгаа. Иргэний хуулиар “Та сугалаанд хожсон ч нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэх эрх нь хангагдахгүй байхаар зохицуулагдсан байдаг. Тэгэхээр энэ төрлийн мөрий, бооцоог зохион байгуулж буй хүмүүс энэ хуулийн гаргалгааг ашиглаад, шүүхэд хандсан ч мөрийг нь өгдөггүй, хэсэг хугацаанд мөнгийг нь ашиглаж буюу эргэлдүүлж байгаад өгдөг тохиолдлууд байна.

Зарим хүмүүсийн дансаар 50, 60 тэрбум төгрөг эргэлдсэн тохиолдол ч байна шүү дээ. Ийм хүмүүст 1-5 жилийн хорих ялтай эрүүгийн хариуцлага хүлээлгэе гэж байгаа. Ойрын хоёр долоо хоногийн хугацаанд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, цааш нь УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх эсэхээ шийднэ.

-Тоглоомонд донтсон иргэний банкны картаар гүйлгээ хийх, шинээр карт авах эрхийг нь хязгаарлана-

-Мөрийтэй тоглоом тоглох, тоглохгүй хүн гэж бий. Насан хүрсэн хүн битгий хэл, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид ч мөрийтэй тоглох тохиолдол байдаг. Тэгвэл боловсруулж буй хуулиар ямар хүмүүс тоглохыг хориглож байгаа вэ?

-Хэрэглэгч буюу оролцогчийг таньдаг байхыг BET ажиллуулж буй хүмүүсээс шаардаж байгаа. Ядаж BET ажиллуулж буй сервер нь Монголд байх ёстой. 18 нас хүрсэн иргэнийг банкны карт, тоон гарын үсэг зэргээр нь таньдаг байх шаардлагууд бий. Мөн ар гэрийнх нь хүсэлтээр тоглоомонд донтсон иргэний банкны картаар гүйлгээ хийх, шинээр карт авах эрхийг нь хязгаарлах боломжийг ар гэртээ санаа зовж буй хүмүүст олгож байгаа. Түүнээс биш “Хориглоно” л гээд байдаг. Яах нь тодорхойгүй байж болохгүй.

-“Зарим төрийн албан хаагчид тоглоом тоглоод сууж байна” гээд нэр устайгаа тодорхой мэдээллүүд ирсэн-

-Мөрийтэй тоглоомонд төрийн албан хаагчид багагүй холбогддог. Энэ хуулиар ажлын байран дээрээ мөрийтэй тоглож мөнгөө алдах, төрийн ажлыг тасалдуулсан тохиолдолд хариуцлага тооцох ямар зохицуулалтыг тусгасан бэ?

-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байрны техник хэрэгсэл, интернэт сүлжээ ашиглан спорт таавар, хонжворт сугалаанд оролцвол ёс зүйн хариуцлага тооцох буюу төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авдаг байя” гэж байгаа. Тухайн хувь хүн өөрийн хөрөнгөөр тоглож байгаа гэх боловч төрийн байгууллагын интернэт сүлжээ эсвэл тоног төхөөрөмжийг ашиглаад байж болохгүй.

Надад ч “Зарим төрийн албан хаагчид ийм тоглоом тоглоод сууж байна” гээд нэр устайгаа тодорхой мэдээллүүд ирсэн.

Эдгээр асуудлууд нотлогдсон тохиолдолд “Хуулийн хариуцлага тооцно” гэсэн байдалтайгаар хуулиар боловсруулаад байна.

-Улстөрчдийн бодлогын том алдааг яагаад ид хөдөлмөрлөж буй залуус төлөх ёстой юм бэ-

-Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж буй татварын багц хууль нийгэмд багагүй хүлээлт үүсгээд байна. Яагаад гэвэл НДШ-ийн асуудал хөндөгдөнө гэж ойлгож байгаа. НДШ-ийг санхүүгийн дарамт, боловсон дээрэм гэх байдлаар илэрхийлдэг. Үүнийг ямар байдлаар зохицуулах бол?

-Миний бие Татварын багц хуулийг боловсруулах Ажлын хэсэгт ажиллаж байгаа. ААНОАТ, ХХОАТ, НӨАТ зэрэг хуулиуд дээр буюу иргэдэд ээлтэй байдлаар татварыг багасгах чиглэлд ажиллаж байна. Хоёрдугаарт, архи тамхи ч гэдэг юм уу зарим тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний татварыг нэмэх үү, үгүй юу гэдэг асуудал бий. Харин хэрэглэгч нь төлөх ёстой зарим татварыг зохистой хэмжээнд нь аваачих ёстой гэж боддог.

Яг үнэнийг хэлэхэд, татвар төлөгчдөд эрсдэлийг үүрүүлээд, бондын мөнгөөр эсвэл нийт татвар төлөгчдийн мөнгөөр зам бариад байж болохгүй. Замыг яг ашиглаж буй хэсгийнх нь авто зам ашигласны төлбөрөөр нь л замыг сайжруулах ёстой.

Гэтэл “Приус” машины хэрэглэгч жилд 20 мянган төгрөг л төлж байна шүү дээ. Жилд хэчнээн удаа машинаа ашиглаж, хэдэн км явснаар нь хэмжвэл маш бага дүнгээр төлбөр төлж байгаа. Бараг км-т хоёр төгрөг. Үүнийг зах зээлийн зарчимд нь ойртуулахгүй бол өнөөдөр замын өртөг хэд болоод байгаа билээ дээ. Нэг км замыг хэчнээн тэрбум төгрөгөөр босгож байгааг бодоод үзэх хэрэгтэй. Замаас болж түгжрэл үүсэж, осол гарах нөхцөл бүрддэг.

Авто зам ашиглаж байгаа хүмүүс нь бага төлбөр төлж байхад, зам ашигладаггүй буюу нийтийн тээврээр зорчдог хүмүүс төлсөн татвараараа тэр замыг сайжруулаад байж болохгүй.

Хоёрдугаарт, Татварын багц хуулийн хүрээ хязгаарт нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал яригдахгүй байгаа. Гэхдээ уялдуулж, энэ асуудлыг шийдэх ёстой. Хувь улстөрч талаасаа одоогийн нийгмийн даатгалын тогтолцооны эсрэг байдаг. Яагаад өнгөрсөн хугацаанд улстөрчдийн сонгуульд оноо авах, иргэдэд таалагдах популизмын үйл ажиллагаа хийж, НДШ төлдөггүй хэсгүүдийг нөхөн төлүүлэх байдлаар болон аймаг бүрд нийгмийн даатгалын зориулалттай байрууд барьж, үргүй зардал гаргасны өр төлбөрийг өнөөдөр яагаад хөдөлмөр эрхлээд, ажлын байр бий болгоод явж байгаа залуучууд төлөх ёстой юм бэ.

Малчдын саналыг авах, НДШ төлдөггүй хэсгүүдийг нөхөн төлүүлж таалагдах шийдвэр гаргасан улстөрчдийн бодлогын том алдааг яагаад ид хөдөлмөрлөж буй залуус төлөх ёстой юм бэ. Тиймээс үүнийг засаж залруулах шийдвэрээ гаргаач ээ гэж байгаа юм. НДШ бол ирээдүйдээ зориулж буюу тэтгэвэрт гарсныхаа дараа баталгаатай амьдрах үүднээс төлж байгаа зүйл. Харин энэ бол төрийн мөнгө биш. Өнөөдөр зах зээлийн зарчмаараа яваа малчид ч НДШ-ийг өөрөө төлчихнө. Гэтэл яагаад малчдын гол түүхий эдийг үнэгүй байлгах бодлогыг авчихаад, баригдаагүй аж үйлдвэрийн паркад зориулж түүхий эдийн экспортыг 2009 онд зогсоож хаячихаад татвар төлөгчдийн мөнгөнөөс НДШ-ийг нь төлнө өө гээд байж байна.

Битгий ингээд зүгээр байгаа хүмүүсийг халамжийн бодлогод байдаг юм шиг ойлгогдохуйц төрийн бодлого гаргаад байгаач ээ гэж эцэст нь хэлэхээс өөр аргагүй болж байна.

Магадгүй ингээд ярихаар “Монгол хүн биш. Малчдад хайргүй юм байна, мах сүү хэрэглэдэггүй юм байна” гэж бодож магадгүй. Малчид өнөөдөр Монголд хамгийн баян байх ёстой хүмүүс. Гэвч төрийн буруу бодлогоос болж хамгийн хүнд хэсэг нь болчихоод байна. Тиймээс үе үе малчдад сюприз барихаа болих хэрэгтэй. Мах гараад явж байтал “Махны үнэ өсөх гээд байна, экспортыг нь зогсооё” гээд шийдэж болохгүй.

Баригдаагүй аж үйлдвэрийн паркад зориулж түүхий эдийг зогсоосноос болж өнөөдөр нэхий нь жалганд, өлөн нь хог дээр хаягдаж байна. Үүнийг хэн хийв. Тодорхой улстөрчид л байгаа шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!