Та ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, аль эсвэл нийгмийн төсөл хөтөлбөрт зарцуулах уу
Энэ бол сар шинийн баяр угтан 1072 хувьцааны ногдол ашиг тараана гэж мэдэгдсэн Засгийн газраас бидэнд өгч буй сонголт. Төр энэ удаа шуудхан гэгч нь иргэдийн халаасанд бэлэн мөнгө хийхийг урьтал болгосонгүй. Энэ утгаараа дээрх гурван сонголтыг шийдэл болгон гаргасан аж.
Өчигдрийн байдлаар нийт 400,232 иргэн саналаа өгсөн бөгөөд иргэдийн 19154 нь ирээдүйд хэрэглэхээр хуримтлалын санд хадгалуулах, 379,950 иргэн буюу 94.93 хувь нь ногдол ашгаа бэлнээр авах санал илэрхийлжээ. Ерөнхий дүр зургаас харвал, иргэд ногдол ашгаа бэлнээр авах хандлагатай байгааг ажиглаж болохоор байна. Арга ч үгүй юм. Санхүүгийн асуудлаас салах боломжгүй бидэнд 100 мянган төгрөг өгч байхад хэн цааш гэх билээ.
Гэвч мөнгө тараана гэх гоё, сайхан үгний цаана бидний олж харах ёстой гол асуудал бол, өнөөх л үнийн өсөлт, инфляцтай холбоотой асуудал. Үеийн үед мөнгө олгох сураг сонсогдохтой зэрэгцэн үнэ хөөрөгдөж эхэлдэг сөрөг тал бий. Тэр тусмаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр энэ нь тод ажиглагддаг ба инфляцын үзүүлэлтэд мах, гурил, сүү зэргээс дам нөлөөнүүд их орж ирдэг байна. Улмаар Монголбанкны төсөөллөөр энэ онд инфляц хоёр оронтой тоо руу орж болзошгүй. Нөхцөл байдлаа ийн зураглаж байхад цагаан сарын өмнө, дараа бэлэн мөнгө тараана, түүнийг нь авна гээд сууж байгаа нь эдийн засагт хэт халалт бий болох урьтач нөхцлөө бүрдүүлж буй хэрэг болж байна.
-МОНГОЛБАНК: ЭТТ-н ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлтийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байна-
Монголбанкны хувьд ч зах зээлд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж буй дунд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалтыг хэдэнтээ нэр цохон дурдсан байх аж. Ингэхдээ энэ мэт хүчин зүйл нь өнөөх л үнийн өсөлтийн дарамтыг бий болгоно гэдгийг ч өмнөх саруудын тайландаа дурдаж иржээ. Гэвч "дүлий" гэмээр төр нь ногдол ашгаар шоу хийдэг байдлаа зогсоолгүй сар шинийн өмнөхөн зах зээлд их хэмжээний мөнгийг нийлүүлэхээр зэхэж, бүр мэдэгдлээ хийчихээд зогсож байна.
Сануулъя. Монголбанкны өнгөрөгч оны 12 дугаар сарын инфляцын тайланд:
- Инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдэж, 2025 онд инфляц Төв банкны зорилтот интервалаас давах хүлээлттэй болов. Инфляцын цаашдын төлөвт цалин, тэтгэврийн өсөлт, төсвийн тэлэлтийг дагасан эрэлтийн шалтгаантай дарамт нэмэгдлээ хэмээн дурдаж байжээ.
Харин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны нэгдүгээр сарын мэдэгдэлд,
- Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгож байна.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг хуваарилах зэрэг эрэлт болон зардлын шалтгаантай хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэж, энэ оны 2, 3 дугаар улиралд 10 хувийг давж эрчимжин, оны сүүлээс алгуур буурахаар төлөвтэй байна.
Тэгвэл бид үргэлжлүүлэн хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах эсхүл төсөл хөтөлбөрүүд рүү хөрөнгө оруулах сонголт бүхий шийдлийг эдийн засагчид хэрхэн харж байгаа талаар бид сонирхлоо.
-Төрөөс иргэдэд тарааж байгаа бэлэн мөнгөний 70 хувь нь зах зээл рүү нийлүүлэгдээд үрэгдэж байгаа гэх судалгаа бий. Ямар нэгэн хуримтлал эсхүл цаашид үр өгөөжөө өгөх зүйлд зарцуулагддаггүй-
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан "Төсвийн зохицуулалтын асуудлаа маш сайн боловсруулах хэрэгтэй. Уг нь тухайн хөрөнгө оруулалт нь Баялгийн санд төвлөрөхдөө боловсрол, эрүүл мэнд чиглэлд зарцуулах нь тодорхой байгаа шүү дээ. Боловсрол, эрүүл мэндийн салбар санхүүгийн гачигдалд орчихсон л яваа шүү дээ. Эрүүл, боловсролтой байгаа цагт ажил орлоготой байж эргээд энэ нь ирээдүйд нийгмийн баталгаа болно. Тиймээс энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг боловсрол, эрүүл мэнд рүү чиглүүлэх нь зөв. Тэртэй тэргүй улсын төсвийн хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэл зэргээр дэд бүтэц, шугам сүлжээ, цахилгаан станц зэрэг төслүүд рүүгээ мөнгө зарцуулж байгаа. Тиймээс одоогийн нөхцөлд юунд зарцуулагдах вэ гэдэг дээр боловсрол, эрүүл мэнд гэж хариулна. Ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт л хэд дахин нугардаг" гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн,
-Иргэн дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд рүү буюу компанид хувьцаа эзэмших байдлаар хөрөнгө оруулалт хийвэл үр өгөөж талаасаа санхүүгийн боломж нь хэр байгаа вэ?
-Эсхүл 1072 хувьцаагаа чөлөөтэй эргэлтэд оруулчих хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн 1072 хувьцаа эргэлтэд орж байж хувьцаа авах, зарах зэргээр хөрөнгийн зах зээл дээр оруулсан нь дээр л дээ. Нэртэй, нэрлэсэн дүнтэй бодит байдал дээр зарцуулах эрх нь ч нээгдэхгүй байвал үр дүнгүй. Хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагдаж байж хөрөнгийн зах зээл хөгжинө үү гэхээс нэрлэсэн дүнтэй байгаад бүтэхгүй шүү дээ.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, аль эсвэл нийгмийн төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэдэг сонголтыг иргэдэд өгөөд байна. Энэ шийдлийг та юу гэж харж байна?
-Тухайн шийдлүүд нь энэ жилийн ногдол ашигтай холбоотойгоор л гарч ирж байгаа зүйл. Ойрын хугацаандаа ийм шийдэл гаргаж ирж болох ч урт хугацаандаа боловсрол эрүүл мэнддээ зарцуулах нь зөв. Энэ нь хүн капитал буюу хүний нөөцийн л асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл, боловсролтой, эрүүл байж ажилтай орлоготой болно. Цахилгаан станц, дэд бүтэц рүү хийх зэрэг нь богино хугацааны асуудлыг шийдэж байгаа зүйл. Урт хугацааны шийдэл биш. Бусад улс орнууд ч хүндээ чиглэсэн бодлогоо хэрэгжүүлж байж л хөгжиж байна.
-Хэдийгээр сонголт бий болгож өгч байгаа ч иргэд ногдол ашгаа гол төлөв бэлэн мөнгөөр авах сонирхолтой байдаг шүү дээ?
-Бэлэн мөнгөөр тараах нь иргэдийн амьдралд бодит үр дүн болж чадахгүй шүү дээ. Хэрэглээнд нь ч зарцуулагдчихна. Үйлдвэрлэл байхгүй улс учраас хэрэглээгээ дэмжинэ гэдгийн цаана импортыг л дэмжиж байна гэсэн үг болж таарна.
Монголбанкнаас хийсэн судалгаагаар тараасан бэлэн мөнгөний 70 хувь нь зах зээл рүү нийлүүлэгдээд үрэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хуримтлал юм уу эсхүл цаашид үр өгөөжөө өгөх зүйлд зарцуулагдаж байгаа зүйл байхгүй.
Хуулиар ногдол ашиг гээд ярьж байна. Гэхдээ үүнийг нь эргэлтэд нь оруулаад, зах зээлийн зарчим руу нь оруулж шийдвэл бэлнээр авах эсхүл түүнийгээ зах зээлд оруулж арилжаалаад ашиг хийгээд явах сонголт ч өөрт нь бий болно.
Энэ мэт зохицуулалтыг бий болгоогүйгээс 1072 хувьцаа гэдэг нь улс төрийн шоу л болж хувираад байгаа шүү дээ. Аль нэг улстөрийн нам сонгуулиар ард иргэддээ хувь хишиг хүртээнэ гэж яриад, түүнийгээ 1072 ш хувьцааны мөнгө болгож өгөөд л явж байна. Тиймээс төр үүнд оролцоод байх шаардлагагүй. Оролцвол татварынхаа шугамаар л оролцох ёстой. Эдийн засагт төр гараа дүрж байна. Үүнээс шалтгаалж ард иргэд нь 1072 хувьцааны ногдол ашгаа авна, авахгүй гэж байна. Анхнаасаа төр ингэж шоудалгүйгээр татварын аргаар зохицуулаад явсан бол одоогийнх шиг асуудал үүсэхгүй.
-Төр нь төр шиг ажилладаг байсан бол гэрэлтүүлэг, цэцэрлэг, сургууль зэрэгт зарцуулахад нь бүгд дэмжих байсан. Гэвч төр нь моралын доройтолд орсон учраас иргэд итгэж чадахгүй байна шүү дээ-
Эдийн засагч Г.Батзориг: Стратегийн ордуудад ЭТТ ХК шиг хувьцаат компани байгуулаад жилд 1-2 удаа ногдол ашиг тараах нь хөрөнгийн зах зээл дээр байдаг л зүйл шүү дээ. Жишээлбэл, Эрдэнэс Тавантолгой шиг 20 орд байлаа гэж бодоход тэдгээрийн ашгаас тодорхой хувь хэмжээгээр ногдол ашиг тараах нь бэлэн мөнгө тарааж буй хэлбэр биш шүү дээ. Хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хувьцаат компанийнхаа тодорхой ажлын ашгаас нь авч байгаа гэсэн санаа. Үнэхээр морал гэж зүйл байдаг бол компанийн ашгийг эргээд дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд хийсэн бол гэж дарга цэрэг нар ярьдаг л юм. Гэхдээ хийж байгаа нь хаана байгаа юм. Төр өөрөө моралын маш том доройтолд орчихсон учраас иргэд итгэж чадахгүй байна шүү дээ. Нөгөөтээгүүр ногдол ашиг тараана гэдэг нь мөнгө хэвлэж байгаа зүйл биш. Банкны данс дээр бодитоор бий болсон харилцах дансанд байршиж байгаа ашиг шүү дээ. Үүнийг л иргэдийн данс руу шилжүүлж байгаа процесс.
Нөгөө талдаа Эрдэнэс Тавантолгойн хувьцааг зарах эрх байхгүй шүү дээ. Хоёрдогч зах зээл дээр арилжаалах эрхтэй байсан бол хүн бүр өөрт байгаа хувьцаагаа зараад цөөн тооны хүмүүс түүнийг нь хямдаар хамаад авчихсан байх байсан. Тиймээс тухайн хувьцааг зарах эрхгүйгээр байлгаж байгаа нь хөрөнгийн зах зээл дээр ийм хувьцаатай байвал үр ашгийг нь хүртээд явах юм байна гэдэг сэдлийг давхар өгч буй хэрэг юм. Ногдол ашиг тараахын зөв, бурууг ярих гэсэнгүй. Төр нь төр шиг ажилладаг, моралын хувьд асуудалтай байгаагүй бол нийгмийн бараа гэдэг гэрэлтүүлэг, цэцэрлэг, сургууль зэрэгт зарцуулахад нь бүгд дэмжиж, зарцуулах боломжтой байсан. Гэтэл одоогийн нөхцөлд ийм зүйл рүү зарцуулж байгаа эсэх нь ч тодорхойгүй шүү дээ.
Цаашид хүн дан ганц цалингийн орлогоос хамаарч амьдарна гэж байхгүй. Хувьцаа гэдэг нь өөрөө мөн чанарыг нь ойлговол, стратегийн ордоо хувьцаат компани болгоод эргээд ЭТТ шиг ашигтай байдлаар ажиллаад явбал ялгаагүй ногдол ашиг тараагаад явна. Тэгвэл нэг иргэн монголд төрснийхөө үрээр байгалийн баялгаасаа тодорхой ашиг аваад хөрөнгийн зах зээл дээр цалингаасаа гадна нэмэлт орлоготой болох боломж бүрдэж байгаа.
-Төр жижиг "цайны халбага" төдийхнөөр иргэдийн аманд ногдол ашиг гэж 100 мянган төгрөгийг хийж өгдөг мөртлөө өөрсдөө хэдэн тэрбумаар нь халаасалдаг. Бид төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлж, баялгийн зөв менежментийг бий болгох хэрэгтэй-
МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор (PhD), дэд профессор А.Энхбат: Улс төр, бизнесийн бүлэглэл хоорондын тэмцэл одоог хүртэл явагдаж байна шүү дээ. Үүний нөлөөгөөр улс эх орны ашиг хамгийн сүүлд эрэмбэлэгдэж улмаар нам нарийн дор бүрдсэн бүлэг фракцын хүмүүс маш их хэмжээний хувь хүртэх ашиг сонирхолдоо хөтлөгдсөн шийдвэрүүд гарсаар байна. Тиймээс л энэ улс орон хөгжихгүй байгаа юм. Үнэн хэрэгтээ ашигт малтмалын нөөцгүй хэр нь өндөр хөгжилтэй улс орнууд хөгжиж буй шалтгаан нь тэнд хууль хатуу, этик нь өндөр байдаг. Түүнээс гадна хувийн хэвшил нь нөгөө талдаа Засгийн газар нь юу хийх вэ гэдгээ мэддэг тогтолцоо бий болсон байдаг.
Харин манайд энэ тогтолцоог ярьдаг ч шилжилт нь удаан байна. Засаг төр нь хэзээ мөнгө тарааж өгөх бол гээд л хараад сууж байдаг байдалтай байна.
Төр нь жижиг цайны халбагаар иргэдийн аманд 100 мянган төгрөг хийж өгөх гэж байна шүү дээ. Өөрсдөө болохоор хэдэн тэрбумаар нь халаасалж байгаа. Ийм л тогтолцоог бий болгосон шүү дээ. Энэ чинь шударга бус явдал.
Тиймээс эхлээд улс төрөө цэвэрлээд, этиктэй улс төрчид гарч ирсэн цагт улс орон хөгжинө. Тэгэхгүйгээр хэчнээн шударга сайн хүмүүс гарч ирээд суурь тогтолцоо нь гажуу баригдсан барилга дотор улс нь хөгжихгүй.
Бид дунд болон урт хугацааны санхүүгийн стратегитай байх хэрэгтэй. Түүний тулд баялгийн зөв менежментийг бий болгох хэрэгтэй. Төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх хэрэгтэй. Яриад байгаа 14 мега төсөл дотор мега гэж хэлэхээргүй төслүүд ч байгаа шүү дээ.
-ТООЦООЛОЛ: 100 мянган төгрөгөөр юу авч хүрэх вэ-
Тэгвэл ногдол ашгийн хэлбэрээр иргэдэд олгож буй 100 мянган төгрөгөөр нэг өрх хэрэглээндээ юу авч хүрэх вэ гэдэгт тооцоолол хийж үзье.
Энэхүү тооцоололд дурдсан үнэ тус бүрийг 2025 оны хоёрдугаар сарын 24-ний байдлаар нийслэлд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнээр тооцоолсон. Ингэхдээ өдөр тутамд хэрэглэх гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг сонгон авлаа. Үүнээс харахад, 100 мянган төгрөгийг зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд зарцуулахад үнэ дээр хамгийн жин дарах нь мах байна. Үнийн өсөлтийн хувьд авч үзэхэд, эдгээр нэр төрлийн бүтээгдэхүүнээс үхрийн мах өнгөрсөн долоо хоногоос 0.7 хувиар өсчээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!