Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг өнгөрсөн 7 хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлсэн билээ. Энэ хүрээнд Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадамжийн төвийн эрдэмтэдтэй хамтран “Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх” судалгааг эхлүүллээ.
Хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй хэрэглээ, түүнээс хамааралтай байдал нь улс орнуудын нийгэм, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөг үзүүлж, оновчтойгоор зохицуулахад нарийн ур чадваруудыг шаардаж байна. Иймд дэлхийн улс орнууд хиймэл оюуны өнөөгийн хэрэглээ болон ирээдүйн чиг хандлага, тэр дундаа тулгарч болзошгүй эрсдэлийг нарийвчлан судлах шаардлагатай тулгарч байна.
Манай улсын хувьд хиймэл оюунд суурилсан Open source ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж буй 15 гаруй гарааны компани байгаа бол өөрсдөө хиймэл оюунаа хөгжүүлж, олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байгаа ганц компани буюу Chimege байна.
Цаашид хиймэл оюунд суурилан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх компаниудын тоо нэмэгдэх, энэ хэрээр иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрэх тул кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай юм.
Энэхүү ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг үндэсний хэмжээнд эхлүүлээ. Судалгаанд 57 байгууллагын 67 төлөөлөл хамрагдлаа.
Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлыг чадамжийн төв нь үндэсний кибер аюулгүй байдлын чадамжийг жишин судлах, чадамжийг дээшлүүлэх үр дүнтэй хөтөлбөр боловсруулах чиглэлээр 10-аас гаруй жилийн туршлагатай бөгөөд Хиймэл оюуны хэрэглээ ба түүний аюулгүй байдлыг хангах бэлэн байдлын хэмжүүрийг боловсруулаад байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!