Г.Ууганбаатар: Комиссын гишүүний шаардлагын дагуу Нийслэлийн ЕБ-ын V сургууль, Дорноговь аймаг дахь Говийн бүсийн ахмадын асрамжийн газрын барилга ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 30 секунд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах зорилгоор авч хэрэгжүүлсэн ажил, цаг үеийн нөхцөл байдлын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл өгдөг уламжлалтай.

Энэ хүрээнд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Комисс нь 2020-2024 оны хооронд нийт 380 шаардлага, зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтийг тооцсон.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж, хүний эрхийн зөрчлийн агуулга, түүнийг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлж байгаа эсэх мэдээллийг Комиссын цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгсэл, хүний эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгах байдлаар олон нийтэд хүргэх арга хэмжээ авдаг хэдий ч олон нийт, сэтгүүлч, зарим төрийн байгууллага албан тушаалтан бүрэн мэдээлэл авч чадахгүй байна.

Тиймээс мэдээллийн урсгал, хүний эрхийн хяналтын үр нөлөөг сайжруулах, хүний эрхийн боловсрол олгох зорилгоор Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг эмхэтгэл байдлаар гаргаж олон нийтэд хүргэж байхаар ажиллаж байна.

Комиссоос 2024 онд нийт 66 шаардлага, зөвлөмжөөр нийт 397 хүний эрхийн асуудлыг заалт болгон тусгасан.

Комиссын гишүүд Комисст ирсэн гомдол, мэдээллийн дагуу шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, удирдамжтай хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, судалгаа, дүн шинжилгээний үр дүнгээр, өөрийн санаачилгаар шаардлага, зөвлөмжийг хүргүүлдэг.

Шаардлага, зөвлөмжийг эрхийн төрлөөр ангилбал, хөдөлмөрлөх эрх, хүүхдийн эрх, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудал зонхилж байна.

2024 онд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн дагуу хүний эрхийн зөрчил гаргасан нэр бүхий сумдын Засаг дарга нар, орон нутгийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдлага, соёлын салбарын болон хууль сахиулах чиг үүргийн байгууллагын нэр бүхий алба зэрэг 14 төрийн албан хаагчид хариуцлага тооцсон.

Комиссын гишүүний шаардлага зөвлөмжийн хэрэгжилтийг 2022, 2023 онуудтай харьцуулбал 79.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүлээн авсан эрх бүхий байгууллага албан тушаалтнууд шаардлага зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэвч нөгөө талаас шаардлага зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байх, хэрэгжихгүй байх хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна.

Үүнд:

  1. Шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх зардал тухайн жилийн байгууллагын төсөвт тусгагдаагүй.
  2. Байгууллагын удирдлага солигдсоноос үүдэн үйл ажиллагаа доголдсон.
  3. Шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны хууль эрх зүй, хүний эрхийн мэдлэг ойлголт, хандлагын дутагдалтай байдал.
  4. Шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх үүргийг харьяа байгууллагад шилжүүлдэг боловч хэрэгжилтийг үнэлж, тооцдоггүй, явцын болон үр дүнгийн хяналт хийдэггүй.
  5. Урт хугацаанд хэрэгжүүлэх шинжтэй шаардлага, зөвлөмжийг эхлүүлээд орхидог зэрэг нь нөлөөлж байна.

Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага юм.

Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага тухайн хүний эрхийн зөрчлийг нэн даруй, шуурхай арилгах, таслан зогсоох, цаашид хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй, тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байна гэлээ.

Үргэлжлүүлэн Ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн ажил таван жил үргэлжилсний эцэст ашиглалтад орсон тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн барилга 2019 оны зургаадугаар сард эхэлсэн. Улмаар 2021 оны хичээлийн жил эхлэхэд өргөтгөлийн барилгын ажил дуусах төлөвлөгөөтэй байсан ч дөрвөн жил сунжирсан. Үүнээс болж тухайн сургуулийн сурагчдын эрх ашиг хөндөгдөж байсан юм. Тухайлбал, барилгын ашиглалтын хугацаа хойшлогдсоноос үүдэлтэйгээр тус сургуулийн тодорхой тооны сурагчид урлагийн болон биеийн тамирын хичээлд оролцох боломжгүй түрээсийн байранд суралцаж байсан юм.

Ингээд эцэг, эхчүүдийн гомдлын дагуу ХЭҮК шалгах ажиллагаа явуулаад өнгөрсөн 2024 онд Комиссын гишүүний шаардлагыг салбарын сайдад хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу өнөөдөр тус сургуульд суралцаж байгаа 3,000 гаруй сурагчдын асуудал бүрэн шийдэгдсэн.

Тус сургуулийн өргөтгөлийн барилгад I-V ангийн 1,100 гаруй хүүхэд суралцаж байна.

Түүнчлэн Дорноговь аймагт Говийн бүсийн ахмадын асрамжийн газрын барилга нь 1942 онд цэргийн эмнэлгийн зориулалтаар баригдсан. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нь мэргэжлийн хяналтын дүгнэлтээр тогтоогдсон. Наад захын эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд ахмадуудыг байршуулж байсан.

2022 оны хоёрдугаар сард шинээр асрамжийн газар барих гэрээ байгуулж, тухайн оныхоо арванхоёрдугаар сард хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч ХЭҮК шалгалт хийх хугацаанд буюу 2024 оны гуравдугаар сард гэхэд барилгын ажил нь дуусаагүй байсан. Тиймээс Дорноговь аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн. Үүний үр дүнд нь тухайн оныхоо аравдугаар сард уг байр ашиглалтад орсон гэлээ.

ХЭҮК: Уяачийн туслах малчны 12 настай хүүхэд морины ажил хийж байгаад мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа
ХЭҮК: Уяачийн туслах малчны 12 настай хүүхэд морины ажил хийж байгаад мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!