Улсын онцгой комиссын хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ. Хуралдааны дараах мэдээлэлд хөл хорионы дэглэмийн үед Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг энэ сарын 18-нд гаргах шийдвэр гараагүй гэдгийг онцлов. Түүнчлэн нөөцийн махыг хүнсний дэлгүүрүүдээр борлуулж, махны борлуулалтыг нэмэгдүүлэхээр болжээ.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян:
“Цар тахлын тархалтыг шуурхай таслан зогсоох чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргалаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасан, хөл хорионы дэглэмийн үед дунд, доод шатны хэрэгжилтийг шалгаж байна. Түүнчлэн нөөцийн махны түгээлт, тусгаарлах байранд хяналт тавих шаардлагатай байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 41 байранд 1911 иргэн тусгаарлагдаж байна. Сүүлийн өдрүүдэд "Энхсаран" сувилалтай холбоотой асуудал цахим орчинд шүүмжлэл дагууллаа. Анх коронавирус дэгдэх үед тусгаарлах байрны зориулалттай ашиглах байруудыг сонгох үед нисэх буудлаас хамгийн ойр байрлалтай, үйлчилгээ хамгийн боломжийн гэдэг утгаар тус сувиллыг сонгосон. Энэ сарын 11-нд цаашид тус сувилал үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн саналыг хүргүүлсэн. Нийт 81 иргэнийг "Дрийм", "Кентавр" зочид буудлуудад шилжүүллээ. Үйлчилгээнд ажилласан алба хаагчдыг "Сүнжин гранд" зочид буудал руу шилжүүлж дууссан. "Энхсаран" сувиллаас халдвар голомтлон тархсан байж болзошгүй гэх асуудал байгаа тул сувилалд буй иргэдээс дахин шинжилгээ авна. Тус сувиллын үйл ажиллагааг бүрэн зогсооно” хэмээв.
Хэнтий аймагт хулгайн замаар очсон хоёр иргэнд түргэвчилсэн оношлуураар коронавирус илрүүлэх шинжилгээг хийхэд эерэг гарсан. Тэднийг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд хариуг 17:00 цагт Эрүүл мэндийн яамны мэдээллийн хурлаар зарлана гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ.
Тэрбээр "Эдгээр иргэний шинжилгээний хариу сөрөг гарах магадлалтайг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн. Тодруулбал, Дархан-Уул аймагт 4,500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад долоон хүний хариу эерэг гарсан бөгөөд тэднийг PCR шинжлэхэд давтан сөрөг гарсан буюу коронавирусийн халдваргүй нь нотлогдсон" хэмээлээ.