Манай улсад коронавирусний тархалт эхэлж, шинэ тохиолдол бүртгэгдсээр байгаа билээ. Тиймээс тархалтын хүрээг хумихын тулд хөл хориог сунгаад байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас ирж, Улаанбаатарт гацсан иргэд ч цөөнгүй. УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ Шадар сайд Я.Содбаатар “Тэднийг хэзээ гаргана гэж тодорхой хэлэх аргагүй байна” хэмээн мэдэгдсэн.
Иргэд ч гэр орон руугаа харих оролдлого хийж, урд шөнө л гэхэд ачааны автобусанд нуугдаж Улаанбаатар хотоос гарсан 10 иргэнийг шалгалтаар илрүүлж, тусгаарлалтад оруулаад байна.
Мөн Хэнтий аймагт шинээр батлагдсан хоёр тохиолдол Улаанбаатар хотоос хулгайн замаар гарсан хүмүүс болж таарсан.
Цаг үеийн нөхцөл байдлын мэдээг хэвлэлийнхэнд өгөх үеэрээ албаныхан “Хэвлэлийнхэнд зөвхөн нэг шугамаар мэдээ тарааж, түүнийг л дамжуулах учиртай. Олон эх сурвалжаас өөр өөр мэдээ тарааж болохгүй” гэдгийг удаа дараа хэлж, хариуцлага тооцох хуультайг сануулсаар байсан.
Ийм онцгой үед хэвлэл мэдээллийн байгууллагынхан адилхан л эрсдэл дунд ажиллаж байна. Бид үүргээ ухамсарлаж, иргэдийн мэдэх эрхийг хангаж байна. Гэтэл хэн дуртай нь хариуцлагаар далайлгаж, хууль дүрэм тулгаж, ял сануулж байх. Тэгсэн мөртлөө тусгаарлалтын дэглэмээ баримтлахгүй, халдвар алдаж, 3 сая иргэнээ аюулд оруулаад байгаа хүмүүстэй хариуцлага тооцох болохоороо “Тооцох үе ирэх байх аа” гээд тойруулаад байдаг.
Бид ямар нэг аргаар эх сурвалж олж, мэдээлэл авах эрхтэйгийн адилаар эх сурвалжаа бас нууцлах эрхтэй. Гэхдээ онцгой нөхцөлд цаг үеийн мэдээллээ дамжуулахын сацуу аль болох эерэг контент хийх, иргэд уншигчдынхаа стрессийг бууруулахын төлөө редакц бүр хичээж байна. Шөнө өдөр гэлтгүй албаны мэдээллийг түгээх гэж нойр хоолоо умартан ажилласаар л...