Б.Мэргэн: УИХ-ын гишүүн Э.Болормаа “Ханбогд Эксплорайшн” компаниас 30 сая төгрөгийн хандив авч зарцуулсан нь тогтоогдвол эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 16 секунд

УИХ-ын гишүүн Э.Болормаа УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж сонгогдохдоо “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх бөгөөд хандивын тайланг ҮАГ-аас хянаж, хуулийн байгууллагад өгч шалгуулахаар болсон тухай мэдээлэл гараад буй.

Тэгвэл хуульч Б.Мэргэн "Сонгуулийн дундуур нэр дэвшигчид явцын зардлын тайлан өгч, Үндэсний аудитын газраас нийтэд ил мэдээлэлдэг. Өөрийн ажиллаж байсан тойрогт нэр дэвшигчдийн зардлын тайланг харж байхад Э.Болормаа нь “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсныг олж мэдсэн.

Одоо өөрийнх нь тайлбарлаад байгаачлан хэн, ямар компани хандив өгөхийг урьдчилан мэдэх боломжгүй, магадгүй хэн нэгэн хорлох гээд мөнгө шилжүүлсэн байж болох ч зардлын дансандаа хяналт тавих нь түүний үүрэг бөгөөд буцаан шилжүүлээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж, нэр дэвшигчээс хасах үндэслэл болно.

Сонгуулийн санал хураалт болохоос өмнө энэ алдаагаа засаад мөнгийг нь буцаан шилжүүлчих байх гэж бодсон боловч сонгуулийн дараа 9 сарын 28-ны өдөр гаргасан эцсийн тайлангаас нь харахад буцаан шилжүүлээгүй байсан.

Үндэсний аудитын газар зардлын тайланг хянаж, зөрчлийн талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй боловч ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан тул доор зургаар оруулсан албан бичгийг 2024 оны 10 сарын 01-ны өдөр хүргүүлж, мэдээлэл хүссэн боловч сар гаруйн дараа нийтэд ил мэдээлэл тавьсан учраас цахим хуудсаас харна уу гэсэн хариу ирсэн. Харин 2025 он гарснаар хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар өөрөөс нь лавлаж, бичиж эхлэсэн учраас ийнхүү пост оруулж байна.

ҮАГ-ын удирдлагуудын өгсөн тайлбараас харвал зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад өгсөн гэж ойлголоо. Хэрвээ асуудлыг нягтлаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хорооны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой. Тодруулбал, Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Яахав манай сонгуулийн тухай хуулиуд дандаа асуудлыг цогцоор нь шийдэж чадаагүй, хийдэл ихтэй байдгаас болоод хууль зөрчсөн нь санал хураалт эхлэхээс өмнө мэдэгдвэл нэр дэвшигчээс хасна гэх заалт байгаа ч нэгэнт сонгуулийн дүн гарсны дараа мэдэгдвэл яах вэ гэдгийг нарийн зохицуулаагүй. Гэхдээ Үндсэн хуулийн суурь зарчим, холбогдох хуулийн агуулгын дагуу тайлбарлаж хэрэглэвэл гишүүнээс эгүүлэн татах л болж таарна.

Хэрвээ СЕХ ажлаа хийхгүй бол Үндсэн хуулийн цэцийн маргаан болж таарна даа. Хууль зөрчиж гишүүн болсон хүмүүсээр хууль батлуулсаар байх уу гэдгийг шийдэх цаг болсон.

Дээр хэлсэнчлэн эрх бүхий байгууллагаас Э.Болормааг хууль зөрчсөнийг тогтоовол түүнээс гадна аудитын дүгнэлт гаргасан хуулийн этгээд ч хариуцлага хүлээх ёстой болно. Яагаад гэвэл зардлын тайлан гаргаж байгаа нэр дэвшигч өөрийн сонгосон дурын хуулийн этгээдээр аудитын дүгнэлт гаргуулдаг. Э.Болормаа нь яг ямар аудитаар дүгнэлт гаргуулсныг мэдэхгүй ч тухайн байгууллага худал дүгнэлт гаргасан болж таарна. Тэр тохиолдолд зөрчил, магадгүй эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх л ёстой болно доо" гэжээ.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч нь гаргажээ
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч нь гаргажээ
 
Маргааш Улаанбаатарт -5 хэмийн хүйтэн
Маргааш Улаанбаатарт -5 хэмийн хүйтэн
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!