Засгийн газраас 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын гэрээнд энэ сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотод гарын үсэг зурахаар болоод буй. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нарт өгсөн юм.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон жил яригдаж гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрийн талаар гарын үсэг зурах эрхийг олгосон талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээллээ. Тэрбээр,
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлаар буюу Засгийн газар хоорондын хэлэлцээр хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтын үеэр эцэслэгдэнэ. Үүнийг дагаж ажлын хэсгүүдийн хоорондын 60 гаруй хуралдааны дүнд шийдвэрлэгдсэн асуудлыг протокол байдлаар зэрэг зурах асуудалд гарын үсэг зурах эрх олголоо. Гарын үсэг зурсны дараа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр УИХ-аар соёрхон батална. Дараа нь компани хоорондын гэрээний асуудал яригдана гэдгийг хэлье. Мөн хэвлэл мэдээллээр болон хүмүүс ч их асууж байна.
Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Б.Дэлгэрсайхан бид хоёрт байнгын хорооны хуралдаанаар өгсөн. Эдийн засгийн байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаануудаар гарын үсэг зурах эрх өгсөн.
Энэ үеэр Д.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүд бас гэрээ хэлэлцээрийг амжилттай болгох, сайжруулах тал дээр нэлээн саналуудыг хэлсэн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр нэлээн ойлгомжгүй заалт байна гэснийг засаж сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа байдлаар оруулсан.
Дээр нь мөн гурвыг цогцоор буюу нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалтын асууддал гарын үсэг зурагдсан даруйд шууд зэрэг хэрэгжинэ.
Эхний ээлжид хоёр нь хэрэгжиж тодорхой хугацааны дараа төмөр замын бүтээн байгуулалт эхлэх ийм асуудал харагдаад байна гэсэн асуудлыг засаж залруулсан. Дээр нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал дээр Хятадын компаниудад таатай нөхцөл олгох гэдэг ийм асуудал байдаг тухай бид засаж залруулж харилцан ашигтай хуулийн дагуу асуудал явахаар өөрчлөлтүүдийг хийж өгсөн. Мөн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт заалт орж ирсэн” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!