"Таванбогд” ХХК цахим хуудастаа “90 автомашин худалдан авагчдаа улсын дугаарыг нь шийдэлцсэн” гэжээ. Ингэхдээ 1.2-1.3 сая төгрөгт УБ улсын дугаар байнга худалдаж авна гэдгээ зарласан байв. Үүнд дугаарлалт болон тоо ширхэг харгалзахгүй гэнэ.
Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй автомашины брэндүүдийн томоохон төлөөлөл болсон дилер компани ийм байдраар маркетинг хийж зар түгээсэн нь автомашинтай болох гэсэн иргэдийн боломжийг хулгайлснаас өөрцгүй хэрэг.
Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2.бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглосон байдаг.
Өөрөөр хэлбэл, автомашины дилер компаниуд иргэдээс үнэ тогтоон улсын дугаар худалдан авах нь хэр зохимжтой вэ. Тодруулбал, үнэ төлбөргүй дугаарыг Улаанбаатар хотод олгох автомашины дугаарыг хязгаарлах шийдвэр арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн даруйд У серийн дугаар зах зээлд 1.6 сая хүртэл өсч, автомашины дилер компаниуд "улсын дугаартай" гэж маркетинг хийж бас үнээ нэмж шингээх болов.
Тэгвэл улсын дугаарт квот тогтоосон нь иргэдийн хохь болсон бол "Таванбогд" ХХК тэргүүтэй автомашины томооохон дилер компаниудаас авхуулаад банк бус санхүүгийн байгууллагууд сохорсон биш завшив гэгчийн үлгэр болов. Үнэгүй дугаарыг үнэ тогтоон хөөрөгдөж байгаа нь хууль зөрчиж байна уу? гэдэгт хуульчдын төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ.
ТӨР КВОТ ТОГТООЖ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ, ЭНЭ ОРОН ЗАЙД ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮД БИЗНЕС ХИЙХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА
Хуульч Т.Сумъяабазар: Би бол хуулийн зорилгод нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэгдүгээрт өмчлөх эрхэд халдаж байна. Зах зээлд үнийн хөөрөгдөл бий болгоно. Үндсэн хуульд өмчийн бүхий л хэлбэрийг зөвшөөрнө. Төр өмчийг хамгаалж чөлөөт эдийн засагтай байна гэж заасан атал төр өөрөө эдийн засагт оролцож зах зээлийн үнийн хөөрөгдөлд бодлогоороо нөлөөлж байна. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр автомашины дугаар олголтыг 730 мянга хүртэл тоо хэмжээ тогтоосон. Үүнийг батлахдаа иргэдийн саналыг аваагүй. Эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийн буюу машин худалдан авах гэж байгаа иргэдээс санал аваагүй, нийтэд нь мэдэгдээгүй. Дугаар олгохгүй болсноор түгжрэл яаж буурах юм. Түгжирсэн хэвээрээ л байгаа шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотын иргэн болсныхоо төлөө дугаар авч чадахгүй болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, түр болон байнгын оршин суух хаягийн эрхээ эдэлж Улаанбаатар хотод иргэншилтэй болсныхоо төлөө дугаар авах боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүллж байна. Харин дугаар үнэ тогтоож зарж буй Таванбогд ХХК болон иргэд хууль зөрчөөгүй ч бизнес хийх боломжийг нь олгож буй төр өөрөө хууль зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр квот тогтоож зах зээлд хомсдол үүсгэсэнд иргэд аж ахуйн нэгжүүд бизнес хийх боломжийг олгож байна гэлээ.
Үүн дээр Монополын эсрэг газар ямар хяналт тавьж ажиллаж буй талаар тодруулахад автомашины дилер компаниуд давамгай эрхт буюу монополь гэж явдаггүй тул үнийн асуудалд зохицуулалт хийхгүй гэв.
Мөн тус газраас “Дугаартай холбоотой асуудал шүүх рүү шилжсэн. Одоогоор энэ асуудал Захиргааны шүүхэд шилжсэн тул хариу тайлбар өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.
Харин дилер компаниуд болон автомашин зээлээр олгож буй банк бус санхүүгийн байгууллагууд иргэдээс 1.2-1.3 сая төгрөгөөр дугаар авч борлуулж буйг "Нийслэлээс автомашины улсын дугаар олгохгүй байгаа учраас иргэдээс дугаар авч байна" гэх тайлбар мэдээллийг өгч байлаа.
Өнөөдөр 1.6 сая хүртэл үнэ хөөрөгдөөд буй У серийн дугаарын талаар Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-аас "Одоогоор улсын дугаар олгохгүй байгаа" гэх тайлбар мэдээллийг өгсөн юм. Энэ талаар тус газрын дарга Э.Ниндэвээс тодруулсан юм.
НИЙСЛЭЛИЙН БАТАЛСАН ХЯЗГААРААС 100 МЯНГААР ДАВСАН ТУЛ УЛСЫН ДУГААР ОЛГОХГҮЙ БАЙНА
-Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нийслэлд автомашины улсын дугаарыг 730 мянга хүртэл хязгаарласнаас хойш шагийн дугаар хөөрөгдөж, автомашины дилер компаниуд хүртэл үнэ тогтоон иргэдээс авч, нэмж зарж байна. Ер нь улсын дугаар тогтсон үнэ байдаг уу?
-Таны хэлсэнчлэн яах аргагүй нийгэмд үүсэж буй иргэдийн бухимдаж байгаа гол асуудал бол иргэдээс дугаар авч зарж буй асуудал байгаа юм. Үүн дээр манай байгууллага хяналт тавихаас илүү хуулиараа дугаар олгох эрхзүйн орчин нь байгаа юм. Авто тээврийн тухай хууль болон автотээврийн хэрэгслийн дугаар олгох бүртгэл бүртгэх журамд "тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг иргэн бусдад бэлэглэх, борлуулах, солих нь нээлттэй" гэж журамласан. Энэ хүрээнд зарим ашиглалтын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэлтэй иргэд улсын дугаараа бусдад зарах тохиолдол их гарч байна. Мөн улсын дугаар авсан иргэд өөрсдийн зарж борлуулж буй тээврийн хэрэгсэлд ашиглаж буй нөхцөл байгаа юм. Үүнийг хянаж шалгах ажил нь зөвхөн манай байгууллага дангаараа явуулах боломжгүй. Ер нь Авто тээврийн үндэсний төв болон Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын хувьд авто тээврийн хэрэгслийн улсын дугаар үнэ төлбөргүй. Зөвхөн үйлчилгээний хураамж буюу гэрчилгээний төлбөрөө төлнө. Тэгэхээр аль ч байгууллагаас дугаар авахад үнэ төлбөргүй бөгөөд гэрчилгээ үйлчилгээний хураамж буюу импортын автомашинд дугаар авахад 14700 төгрөгийг иргэн тушааж, автомашин шаардлага хангаж байвал бүртгүүлээд гэрчилгээ авна. Ингээд төмөр дугаараа цохиулж авна.
-Мөн танай байгууллагыг автомашины улсын дугаар олгохгүй байгааг автомашин борлуулж буй компаниуд ярьж байна. Энэ үнэн үү?
-НИТХ-ын 18 дугаар тогтоолын улсын дугаар олгох дээд хязгаар 730 мянга байхаар баталсан. Ингээд арваннэгдүгээр сарын 8-ны өдөр тээврийн хэрэгслийн бүртгэлийн тоо 800 мянга давсан тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар дээд хязгаарт багтаан улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталж Хуульзүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Ингээд яам бүртгэн авснаар нийтээр дагах хэм хэмжээ болсон. Шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн улсын дугаар олгох дарааллыг бүртгэх цахим системийг хөгжүүлж иргэдээс хүсэлт авч ажиллаж байна. Хязгаарлалт хийснээс хойш тодорхой шалгуур үзүүлэлт хангахгүй тээврийн хэрэгслүүдэд улсын дугаар огт олгохгүй байгаа. Ер нь шалгуур үзүүлэлтэд суудлын автомашин болон 3.5 тонноос дээш ачааны автомашин хамрагдаж байгаа. Тиймээс дээр хэлсэнчлэн нийслэлийн баталсан дээд хязгаараас тоо нь давсан учраас манай байгууллагын хувьд улсын дугаар олгох эрхзүйн орчин бүрдээгүй байгаа. Нөгөөтэйгүүр, улсын дугаарын хязгаарлалтыг баталсан дээд түвшнийг дахин эргэж харахгүй бол өнөөдөр баталсан дээд хязгаараас 100 мянгаар давсан учраас нийслэлд шинээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас яаралтай тооны дээд хязгаарт өөрчлөлт орох ёстой юу гэдэгт тооцоо судалгаа хийж холбогдох газруудад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, эрэмбэ шалгуурын дагуу иргэдэд шинээр дугаар олгож байхад нөгөөталд автомашин хасагдах ёстой. Үүн дээр судалгаа хийж холбогдох газруудад хүргүүллээ.
-Тэгвэл шалгуур үзүүлэлтэд хамрагдахгүй ямар тээврийн хэрэгслүүдэд улсын дугаар олгож байна?
-Түгжрэлд хамгийн бага нөлөөлдөг хөдөлмөрийн хамгийн өндөр үр нөлөөтэй тээврийн хэрэгсэл, нөгөөталаас зайлшгүй тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой автобус, такси үйлчилгээ, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл /эмнэлэг, цагдаа, дулаан хангамжийн шуурхай бүлэг/ буюу цэнхэр дугаартай тээврийн хэрэгсэл, мотоцикль, зүтгүүр зэрэг долоон төрлийн тээврийн хэрэгсэлд улсын дугаар үнэгүй олгож байгаа. Иргэн аж ахуйн нэгж хүсэлтээ гаргасан тохиолдолд газар дээр нь шуурхай дугаар олгож байгаа гэсэн үг.
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!