УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зураад байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн дээрх бичигт гарын үсэг зурна гэдгээ өнөөдөр /2025.02.10/ мэдэгдлээ. Тэрбээр "Цагийн байдлыг ажиж байгаад аль нааштай талд нь үсэрч гарах нь зарчимтай, туйлбартай улс төрчийн чанар биш. Хэн нэгэн албан тушаалтан, тодорхой эрх ашгийг хамгаалах гэхээс илүү хүний эрх, олон ургалч үзэл, чөлөөт зах зээлийг хамгаалдаг улс төрийн нам төлөвшин тогтох нь Монгол Улсын том эрх ашиг гэж үздэг. Томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлж эдийн засгаа өөд татах, монополын нөлөөллөөс улс төрийг ангид байлгах, иргэд болон аж ахуйн нэгжүүд зах зээл дээр чөлөөтэй өрсөлдөх орчин бий болгох, бизнес дэх төрийн дарамтыг бууруулахын төлөөх ямар ч бодлогыг тууштай дэмжиж ажиллана. Гэтэл өнөөдөр татварын дарамт хэрээс хэтэрч, төр улам данхайж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа нь бодитой үнэн.
Тиймээс олон нийтийн болон УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзэж Засгийн газрын Тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг дэмжиж гарын үсэг зурах болно" гэв.
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!