ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Менингококкт халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 3 настай хүүхэд нас барсан бол Баянгол дүүрэгт сэжигтэй нэг тохиолдол илэрчээ. Шинжилгээний хариуг хүлээж байгаа аж.
Менингококкт халдвар нь богино хугацаанд хурдан хүндэрдэг аюултай өвчин тул бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд халууны шилээ ойрхон байлгаж өндөр халуурвал биед нь тууралт гарсан эсэхийг шалгах хэрэгтэй. "Тууралт нь доод мөчдөөс эхэлж гардаг ба гэрэлд мэдрэг, ноомой болох шинж тэмдэг илэрнэ" гэж ХӨСҮТ-өөс зөвлөв.
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
- Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
- Биеэр цусархаг тууралт гарах
- Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
- Олон удаа бөөлжих
- Хоолонд дургүй болох, ядарч сульдах
- Татах
- Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
- Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
- Менингококкт халдвараар бүх насныхан өвчлөх эрсдэлтэй ч 5 хүртэлх насныхан илүү өртөмтгий
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!