
Монголбанкны үндсэн зорилгыг Төв банкны тухай хуульд “үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах” гэж тодорхойлсон байдаг. Мөн ханш чөлөөтэй бөгөөд бодитой байх зарчмыг хуулийн хүрээнд баримтлах тул Монголбанк хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ээр хэмжигдэх инфляцыг бодлогын зорилтод ашиглан, үр дүнг хэмжиж байна. Энэхүү үндсэн зорилт буюу үнийн тогтвортой байдлыг хадгалахын тулд Монголбанк бодлого, үйл ажиллагаандаа орчин үеийн арга хэлбэр, бодлогын шинжилгээний тогтолцоог үе шаттайгаар хөгжүүлж, бодлогын шийдвэр гаргалтад ашиглаж байна.
Монголбанк 1990-д оны дунд үеэс мөнгөний агрегатуудыг онилох замаар үнийн тогтвортой байдлыг хангах арга хэлбэрийг ашиглан мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байв. Гэвч 2000 он гараад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад орох урсгал нэмэгдсэнээр, эдийн засаг дах мөнгөжих үйл явц хурдтай явагдсаны улмаас мөнгөний агрегат болон инфляцын хоорондын хамаарал тогтворгүй болж, уг бодлогын арга хэлбэрийг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдсан. Иймээс Монголбанк 2007 оноос инфляцыг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт үе шаттайгаар шилжиж эхэлсэн билээ.
Инфляцыг онилох мөнгөний бодлого нь төв банк дунд хугацаанд хүрэх инфляцын зорилтоо олон нийтэд ил тод зарлаж, бодлогын хүүг өөрчлөх шийдвэрийг инфляцын зорилт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн гаргаж, үйл ажиллагааны зорилт болох банк хоорондын захын дундаж хүүг бодлогын хүүтэй нийцүүлэн хэрэгжүүлж буй үнийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлогын арга хэлбэр юм. Энэхүү бодлогын арга хэлбэрт инфляцын хүлээлтийг тогтворжуулах нь мөнгөний бодлогын дамжих механизмд чухал ач холбогдолтой бөгөөд бодлогын ил тод, бие даасан, хариуцлагатай байдал нь бодлогын үр нөлөөг бэхжүүлэх институцийн үндэс суурь болно.
Инфляцыг онилох мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл нь бодлогын хүү юм. Мөнгөний Бодлогын Хороо макро эдийн засаг, инфляцын ирээдүйн төлөвт тулгуурлан бодлогын хүү болон бусад хэрэгслүүдийн талаарх бодлогын шийдвэрийг гаргадаг. Мөнгөний бодлогын шийдвэр нь инфляцад шууд бус, дам байдлаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бодлогын хүү болон бусад хэрэгслүүд нь үйл ажиллагааны зорилт, улмаар зах зээлийн хүү, зээл, хөрөнгийн үнэ, ханш, хүлээлт зэрэг сувгуудаар дамжин инфляцад тодорхой хугацааны хоцрогдолтойгоор 1-3 жилийн хугацаанд нөлөөлж дуусдаг. Эдгээр дамжих сувгуудыг товч тайлбарлавал:
Хүүний суваг: Бодлогын хүүгийн өөрчлөлт нь банк хоорондын захын хүүд шууд нөлөөлж, улмаар арилжааны банкуудын зээл, хадгаламжийн хүүнд нөлөөлдөг. Тухайлбал, хадгаламжийн хүү буурах нь хадгалах сонирхлыг бууруулж, хөрөнгө оруулалт, хэрэглээг нэмэгдүүлэх бол зээлийн хүү буурах нь хэрэглэгч, аж ахуйн нэгжийн зээлийн эрэлтийг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн өсөлт болон инфляцыг өсгөнө.
Зээлийн суваг: Банкны зээлийн суваг нь мөнгөний бодлогоор банкны зээлийн нийлүүлэлтэд нөлөөлөх механизмыг хэлнэ. Богино хугацаат хүү буурах нь банкуудын нөөцийг зээл олголтод чиглүүлэх хөшүүргийг нэмэгдүүлж, зээлийн нийлүүлэлтийг тэлнэ. Үүний улмаас хэрэглээ, хөрөнгө оруулалт өсөж, эдийн засгийн нийт үйлдвэрлэл нэмэгддэг.
Валютын ханшийн суваг: Нэрлэсэн хүү буурснаар төгрөгийн харьцангуй өгөөжийг бууруулж, хөрөнгийн гадагшлах урсгал нэмэгдэх тул нэрлэсэн ханш суларна. Нэрлэсэн ханш суларснаар импортын бараа, үйлчилгээний дотоодын үнийг нэмэгдүүлэх байдлаар инфляцад шууд нөлөөлнө. Цаашлаад бодит ханш суларч, экспортын салбарын өрсөлдөх чадварыг дэмжсэнээр, дотоод үйлдвэрлэл, эрэлтийг эрчимжүүлж инфляцыг өдөөнө.
Хөрөнгийн үнийн суваг: Хөрөнгийн үнийн суваг нь бодит болон санхүүгийн хөрөнгийн үнээр дамжин ажилладаг. Жишээ нь хүүгийн өсөлт нь банкны хадгаламжийн өгөөжийг бусад хөрөнгүүдийнхтэй харьцуулахад өндөр болгодог. Үр дүнд нь хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчид үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, бонд эзэмшихээс илүүтэй мөнгөө хадгалахыг илүүд үзнэ. Ингэснээр эдгээр хөрөнгийн эрэлт улмаар үнэ нь буурснаар хөрөнгө эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнэ багасна. Ийнхүү хөрөнгийн үнэлгээ буюу баялаг буурснаар хүмүүсийн хэрэглээ хумигдаж эдийн засаг дахь бараа үйлчилгээний эрэлт болон үнийг бууруулах нөлөө үзүүлдэг.
Хүлээлтийн суваг: Хүлээлтийн сувгаар инфляц болон ирээдүйн хүүгийн талаар олон нийт болон хөрөнгө оруулагчдын хүлээлтийг удирддаг. Тодруулбал, урт хугацааны хүү нь богино хугацаат хүүгийн ирээдүйн зах зээлийн хүлээлтээс хамаардаг учраас ирээдүйн бодлогын хүүгийн өөрчлөлтийн хүлээлт нь урт хугацааны хүү болон нийт эрэлтэд нөлөөлдөг.
Төв банканд итгэх итгэл өндөр үед эдийн засгийн агентууд инфляц мөнгөний бодлогын зорилтын дагуу тогтвортой хадгалагдана гэж хүлээж, үүний үндсэн дээр хөрөнгө оруулалт, хэрэглээ, цалин, үнийн шийдвэрээ гаргадаг тул хүлээлтийн суваг нь мөнгөний бодлогын зорилтыг бодит эдийн засагт үр дүнтэй дамжуулах чухал, хүчтэй сувгуудын нэг болдог.
Ийнхүү мөнгөний бодлогын үр нөлөө нь бодлогын шийдвэр гарснаас хойш хугацааны хоцрогдолтой илэрдэг тул мөнгөний бодлогын шийдвэр гаргалт нь ирээдүйн төлөвт суурилсан, макро эдийн засгийн нөхцөл байдал, төсөөлөл, эрсдэл, бодлогын шинжилгээнд тулгуурлан хэрэгжих шаардлагатай. Монгол улсын хувьд энэхүү шийдвэр гаргах үйл явц нь Төсөөлөл, бодлогын шинжилгээний систем (ТБШС)-д суурилдаг.
Төв банкуудад жишиг болон өргөнөөр хэрэглэгддэг ТБШС-ийг Монголбанк 2012 оноос эхлэн хөгжүүлэн ашиглаж байна. ТБШС нь мөнгөний бодлогын шийдвэр гаргахад шаардлагатай тооцоолол, төсөөлөл, мэдээллийг системтэй, уялдаатай, цаг тухайд нь бэлтгэхэд чиглэсэн бодлогын шийдвэрийг дэмжих цогц процесс юм. Мөнгөний бодлогын хорооны хуралдах товын дагуу уг системийг ашиглан эдийн засгийн эрсдэлийг тодорхойлж, дунд хугацааны төсөөлөл, дунд хугацааны зорилттой уялдуулсан бодлогын хувилбар шинжилгээг тусгасан бодлогын саналыг боловсруулж Мөнгөний бодлогын хорооны гишүүдэд хүргүүлдэг. Мөн эдгээр мэдээллийг Мөнгөний Бодлогын Хорооны хурлаар танилцуулан, шаардлагатай тохиолдолд гишүүдийн санал хүсэлтийн дагуу нэмэлт тооцоолол, мэдээллээр хангаснаар Мөнгөний бодлогын хорооны эцсийн шийдвэр гардаг.
ТБШС нь шаардлагатай өгөгдлийн систем, төсөөллийн баг, эдийн засгийн шинжилгээний загваруудаас бүрдэнэ.
Төсөөлөл, бодлогын шинжилгээ хийх процесс
- Эдийн засгийн урьдач нөхцөлийг тодорхойлох. ДНБ-ий улирлын тоо мэдээлэл зарлагдсаны дараа холбогдох тоо мэдээллийг салбар хариуцсан эдийн засагчид нэгдсэн мэдээллийн бааз дээр шинэчилж, гүйцэтгэл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс, төсөөллийн зөрүү, түүний шалтгаан, эдийн засгийн ерөнхий төлөв байдал, цаашид хүлээгдэж буй гол хүчин зүйлсийн өөрчлөлт зэрэг олон зүйлийг харгалзан үзэн эдийн засгийн урьдач нөхцөлийг тодорхойлно.
- Богино хугацааны төсөөллийг боловсруулах, гадаад нөхцөлийг тодорхойлох. Үүний дараа тоон болон чанарын мэдээллийн үндэслэн богино хугацааны төсөөллийг боловсруулж, газрын хэмжээнд хоёроос доошгүй удаа танилцуулж, холбогдох санал зөвлөмжүүдийг тусгадаг. Энэ хүрээнд төсөөллийн хувьд инфляц, эдийн засгийн өсөлт (үйлдвэрлэл, эцсийн ашиглалт)-ийн 1 жил хүртэлх төсөөлөл, гадаад эдийн засгийн үзүүлэлтүүд болон төлбөрийн тэнцлийн 3 хүртэлх жилийн төсөөллүүдийг боловсруулдаг.
- Дунд хугацааны төсөөллийг боловсруулах. Богино хугацааны төсөөлөл, гадаад эдийн засгийн төлөвийг дунд хугацааны Шинэ-Кейнсийн хагас бүтцийн GAP загварт оруулан, шаардлагатай нэмэлт эргэцүүллүүдийг тусган 3 хүртэлх жилийн суурь төсөөллийг боловсруулдаг. Гарсан үр дүнг газрын хэмжээнд 2 ба түүнээс дээш удаа, Монголбанкны захирлууд, ерөнхий эдийн засагч, ерөнхийлөгч нарт танилцуулан холбогдох саналыг тусгана. Мөн GAP загвараас гадна эдийн засгийн 4 үндсэн секторын хамаарлыг харах хүрээнд санхүүгийн програмчлалын төсөөллийг боловсруулдаг бөгөөд эндээс мөнгө зээлийн үзүүлэлтүүдийн төсөөллийг гаргадаг. Суурь төсөөллөөс гадна эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр холбогдох хувилбар төсөөллүүдийг боловсруулна.
- Бодлогын шийдвэрийг дэмжих: Дээрх бүх мэдээллийг агуулсан Бодлогын саналыг бэлтгэн Мөнгөний бодлогын хорооны гишүүдэд хүргүүлж, Мөнгөний бодлогын хорооны хуралд танилцуулдаг, шаардлагатай тохиолдолд нэмэлт тооцоо, мэдээллээр хангана. Бодлогын шийдвэрийг тайлбарласан мөнгөний бодлогын мэдэгдэл, хурлын хураангуй тэмдэглэлийг тухай бүр, харин суурь мэдээлэл, төсөөлөл, тооцооллыг агуулсан Мөнгөний бодлогын тайланг улирал тутам Монголбанкны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тайлбарлаж байна.
Эх сурвалж: Mongolian economy
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!