Монгол Улс дотооддоо ковид-19 алдсан тул УОК өнгөрсөн шөнө яаралтай хуралдаж, Улаанбаатарт гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоолоо.
Тодруулбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад орж дуусаад, гэртээ очсоны дараа дөрөв дэх хоног дээрээ коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр илэрчээ.
- Шөнө 03:00 цагт хуралдсан УОК шийдвэрээ боловсролын байгууллагуудад хамгийн эхэнд түгээжээ. Үүрээс эхлээд бүх шатны болосвролын байгууллагууд өнөөдөр хичээл, сургууль, цэцэрлэгтээ ирэх хэрэггүй гэдгийг оюутан, сурагч, эцэг эхэд дотоод сүлжээгээрээ тарааж эхлээд байна.
- Мөн шуурхай хурлаар нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, Улаанбаатараас бусад аймагт шатахуун түгээх, эмнэлгийн тусламж үзүүлэх, хүнс тээвэрлэх, буяны ажил зэрэгт явахаар бол тодорхой асуумж, журмын дагуу гарахаар болжээ. Харин нийслэлд орох хөдөлгөөнийг бүрэн хаагаагүй.
- Нийслэлээс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хязгаарлаж байна.
ХӨСҮТ халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг гаргаж, 16 хүнээс шинжилгээ авчээ. Хяналтад байгаа иргэдийн гэр орныг хамгаалалтад авч эхэлжээ.
Иргэд хүнсийг бөөнөөр авахгүй байх, эх сурвалжтай, мэдээлэл авч, ташаа мэдээлэл түгээхгүй байх шаардлагатайг ЦЕГ сануулжээ.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар
“Олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтанд хамрагдаад гэртээ дөрвөн хоногийн өмнө очсон. Харин шинжилгээ хийхэд гэр бүлийнхэн болон жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн байна. Үүний дагуу нийслэл Улаанбаатар хотод гурван хоногийн турш хөл хорио зарлалаа. Энэ хугацаанд халдвар авсан хүний хавьтлыг тогтоох, тандалт судалгаа хийх юм. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, баар цэнгээний газруудыг хааж байна. Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагуудыг гурав хоногийн хугацаатай хаалаа.
Нийтийн тээвэрт зохицуулалт хийж, өглөө 06:00- 22:00 цагт болон орой 17:00-21:00 цагийн хооронд буюу ажилд ирэх, явах цагтай уялдуулан зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
Жолооч болон гэр бүлийнхнийг нь тусгаарлалтанд авсан байна. Мөн ойрын хаюьтлын хүмүүсээс нь шинжилгээ авч эхэлсэн. Эрүү мэндийн байгууллагуудад маск, ариутгалын хэрэглээ хангалттай байгаа. Иргэд ямар нэг халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залган дуудлага өгч, амны хаалттай эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлнэ үү.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан
Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 11-ны шөнийн 01:30 минутаас эхлэн хаалаа. Харин Улаанбаатар хотод орох хөдөлгөөнийг хаагаагүй байна, Хөл хорионы хугацаанд хотоос бусад аймгууд руу хүнс гаргах, эмнэлгийн тусламж үзүүлэх, шатахуун гаргах зэрэг зорилгоор гарах гэж буй жолоочдын халууныг хэмжих, амны хаалт зүүлгэх дэг журам тогтооно. Одоогийн байдлаар халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын 16 хүнийг тогтоон шинжилгээ хийсэн бөгөөд цаашид бусад хүмүүсийг олж шинжилгээ авч ажиллах юм. Иймд иргэд дотроо халдвар тархсан гэж ойлгож сандрахгүй байхыг анхааруулж байна. Мөн худал мэдээлэл тарааж иргэдийг сандралд оруулсан тохиолдолд хариуцлага тооцно.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан
Дэлгүүрээс бөөн худалдан авалт хийж, зохиомол худалдан авалт хийхгүй байхыг хүсэж байна. Хүнс хангалттай байгаа тул оочир дараалал үүсгэхгүй байх тал дээр анхаарна уу” хэмээлээ.