Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трансжендэр мисс Уянга: Гэр бүл төдийгүй, найз нөхөд маань ч урам зориг өгдөг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 4 секунд

“Миний дотор эмэгтэй хүн л оршиж ирсэн. Түүнийгээ ил гаргаж, түүний амьдралаар л амьдрахыг хүссэн” хэмээн ярих түүнийг Уянга гэдэг. Тайланд улсын Паттаяа хотод сар гаруйн турш үргэлжилж, гуравдугаар сарын 7-ны өдөр албан ёсоор өндөрлөсөн трансжендэр бүсгүйчүүдийн дунд зохиогддог Miss International Queen тэмцээнд амжилттай оролцоод ирсэн түүнтэй ярилцлаа.

-Уянгааг миссийн тэмцээн олонд таниулж, олны өмнө гаргаж ирсэн. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 23 настай. Трансжендэр эмэгтэй. Өмнө нь би өөрийнхөөрөө, энгийн, даруухан эмэгтэйн дүрээр амьдарч байсан. Одоо бол олны өмнө ил гарсан. Миссийн тэмцээний дараа хүмүүс надруу “Чи ийм биш биз дээ, үгүй биз дээ” гээд их хандсан.

-Оролцоод ирсэн тэмцээнийхээ талаар танилцуулахгүй юу. Ямар шалгуураар тус тэмцээнд явсан бэ?

-“Miss international Queen” тэмцээнд улсынхаа нэрийг өндөрт гаргахын төлөө, өөрийгөө сорьж үзэхээр оролцсон. Чамлахааргүй амжилт гаргасан. Хоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн тэмцээн гуравдугаар сарын 8-нд дууссан. Би эх орондоо долдугаар сарын ихээр ирсэн. Тэнд байх хугацаандаа олон ажлыг амжуулсан. Дааврын эмчилгээндээ орж, дутуу байсан мэс ажилбаруудаа гүйцээгээд ирсэн.

-Транжендэр эмэгтэйчүүд өөрийнхөө хүсэл, сонирхлын дагуу сонголтоо хийж байна гэж ойлгодог. Ингэж ойлгох нь зөв үү?

-Энэ бол сонголт биш. Олны танил трансжендэр бүсгүйчүүд маань буруу, дутуу ойлголт өгдөг. Үүнээс болоод хүмүүс дутуу мэдээлэлтэй байдаг. Ер нь, үнэн зөв мэдээлэл өгч байж л хүлээн зөвшөөрөгдөнө. Төрөлх хүйсээ үгүйсгээд нийгэмшиж, өөрийгөө мэдэрч байгаа хүйсээ дагаж, дотоод хүнээ ил болгож буй үйлдэл. Түүнээс эмэгтэй боллоо, эрэгтэй боллоо гээд л шууд сонгож байгаа сонголт биш.

-Чиний хувьд хэзээнээс дотоод хүнээ мэдэрч эхэлсэн бэ?

-Би 13 наснаасаа өөрийгөө илүү мэдэрч эхэлсэн. Ер нь би багаасаа эмэгтэй хүүхдийн хувцас өмсөж, ээж болж тоглож ирсэн. Манай гэрийнхэн ч гэсэн охин байсан бол ёстой хөөрхөн охин байх байсан даа гээд өхөөрддөг байсан. Шилжилтийн нас руугаа дөхөх тусам мэдэрч байгаа зүйлүүдээ гайхаж эхэлсэн. Тэгээд өөрийгөө мэдэрч эхлэх үедээ би эмэгтэй хүн юм байна гэдгээ мэдэрсэн.

-Гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Тухайн үедээ мэдэрч буй зүйлээ гэр бүлийнхэндээ хэлээгүй. Тэдэнд цаг хугацаа гаргаж өгсөн. Хамгийн эхлээд АНУ-д амьдардаг эмч эгчдээ хэлж байсан. Тэр эгч маань намайг маш сайн ойлгож хүлээж авсан. Яваа яваандаа гэрийнхэндээ хэлсэн. Хүний аав, ээж хүүхдээ ойлгохгүй байна гэж байхгүй. Ялангуяа ээж хүн бол үр хүүхдийнхээ төлөө асаалттай танк шиг л байдаг. Манай гэр бүлийнхнээс намайг мэдэхгүй хүн одоо байхгүй. Ургийн баяртаа хүртэл очиж байсан. Тэд намайг ялгаварлан гадуурхах хандлага төрүүлж байгаагүй.

-Гэр бүлийнхэн чинь илүү сайн ойлгож хүлээж авсан болохоор чамд өөртөө итгэх итгэлийг төрүүлсэн байх...

-Манай ээжийн талд олон эмч нар байдаг. Анагаах ухаан талаасаа ч мэдлэгтэй учраас ойлгоход дөхөм байсан болов уу. Гэр бүл төдийгүй, найз нөхөд маань ч урам зориг өгдөг.

-Трансжендэр эмэгтэй болохын тулд олон удаагийн хагалгаа хийлгэх ёстой. Үүнд бэлэн байсан уу?

-Өөрийнхөө дотоод хүнээрээ амьдрахын тулд энэ бүхнийг даван туулах чадвартай байх ёстой. Трансжендэр эмэгтэйчүүд хагалгаанаас гадна дааврын эмчилгээ хийлгэх маш чухал. Би анх 18 настайдаа Тайланд улсад хагалгаандаа орж байсан.

-Уянга одоо байгаа төрхдөө сэтгэл хангалуун байна уу. Цаашид өөрчлөх юмсан гэж бодож байгаа зүйл бий юу?

-Би нүүрэндээ мэс хүргэж байгаагүй. Үндсэн гол хагалгаануудаа л хийлгэсэн. Цаашдаа юугаа өөрчлөхийг хүсэхээ мэдэхгүй байна. Эмэгтэй хүний шунал хязгааргүй. Тиймээс ямар ч өөрчлөлт хийж магадгүй. Одоо бол таашгүй.

-Уянгаа ямар боловсролтой вэ. Одоо юу хийж байна вэ. Гоё сайхан байна гэдэг бол гаднаа хөөрхөн байхаас гадна дотроосоо гэрэлтэх юм гээд яриад байдаг...?

-Би СУИС-ын дэргэдэх Бадмаараг ахлах сургуулийг төгссөн. СУИС-д бүжигчний мэргэжлээр элссэн боловч хувийн асуудалдаа илүү анхаарч сургуулиасаа түр хугацаанд чөлөө авсан байгаа. Улаанбаатар эрдэм сургуульд япон хэлний сургалтыг дүүргэсэн. Одоогоор гэр бүлийн бизнестээ тусалж байгаа. Мөн ЛГБТ хүмүүсийнхээ дуу хоолой болохын тулд шаргуу ажиллаж байна.

Дотроосоо гэрэлтэхийн тулд иога, фитнессээр хичээллэдэг. Олон нийтийн арга хэмжээнд хамрагдах дуртай. Ганцаараа байх дургүй.

-Чиний хийх дуртай зүйл юу вэ?

-Гадаадын улсуудаар аялах дуртай. Нээх олон орноор аялж байгаагүй л дээ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд цөөнгүй аялсан. Хамгийн сэтгэлд үлдсэн газар бол Сингапур.

Бас лаа, нүүрний маск цуглуулах дуртай. Цуглуулж байна гээд бөөнөөр нь авдаггүй. Энэ тэнд явж байхдаа бага багаар цуглуулдаг. Лаагаа өөрийнхөө байгаа байдалдаа тохируулаад асаадаг.

-Лааны утга агуулга маш өргөн юм байна лээ. Чиний хувьд стресстэй үедээ ямар лаа асаадаг вэ?

-Лааны талаар бага зэрэг л мэднэ. Ядарсан үедээ хар лааг асаадаг. Хар лаа муу муухай энергийг холдуулж зайлуулдаг гэж үздэг.

-Үс чинь их гоё юм аа. Хэзээнээс ургуулж эхэлсэн бэ?

-Бүр багадаа л халимаг үстэй байсан. Үүнээс өмнө үсээ ургуулж байгаад олон удаа өөрчлөлт хийснээс болоод гэмтээсэн учраас бүх үсээ авхуулсан. Одоо бол ямар ч будаггүй өөрийнхөөрөө ургуулж байгаа.

-Трансжендэр эмэгтэйчүүдийн нэг онцлог нь гэнэтийн өөрчлөлтүүдэд дуртай юм шиг санагддаг...

-Хүн бүр өөр өөр л дөө. Гэхдээ ерөнхийдөө нэгэн хэвийн баригдмал зүйлд дургүй. Гэнэтийн зүйлд дуртай. Тэр нь өөрт нь гал асааж чаддаг юм шиг санагддаг. Хүн бүхэн өөрийнхөө хүссэн зүйлээ хийх эрхтэй.

-Өөрийнхөө дотор байгаа хүнээ сонсож, түүгээрээ амьдарч чадахгүй байгаа хүмүүс байдаг байх. Тэд нар чамд ханддаг уу?

-Байлгүй яах вэ. Гэр бүлийн байдал, мөнгө санхүүгээс шалтгаална. Ялгаварлан гадуурхалтад өртөж, айдастай байгаа хүмүүс ч байдаг. Тэдэнд хэлэхэд, хэн нэгнээс тусламж хүсэх биш өөрийгөө ялан дийлэх нь л чухал шүү.

-Трансжендэр хүмүүсийн эрх их олон зүйл дээр зөрчигдөж байгаа. Гэтэл үүнийг ил гаргаж ярьдаг хүн байдаггүй. Үүн дээр чи өөрийн бодлоо илэрхийлэхгүй юу?

-Трансжендэр охидод хувьд наад захын асуудал ажлын байр байдаггүй. Хүйсийн чиг баримжаа, гадаад төрхөөр нь ялгаварлаад ажил хийлгэдэггүй. Залуу хүмүүс орж гарч болно шүү дээ, хүний эрх. Тэр бүрд нь баар хэсдэг, биеэ үнэлдэг гээд доромжилж, гадуурхдаг.

Төрийн байгууллага, банк санхүүгийн байгууллагад үйлчлүүлэхэд маш том асуудал үүсдэг. Яваад ороход л дээрээс нь доош нь, доороос нь дээш нь хүртэл хардаг. Бичиг баримтаа солиул, та биш байна гэх зэргээр харьцдаг л даа. Энэ бол ялгаварлан гадуурхаж байгаа тохиолдол. Ийм асуудал надад ч тохиолдож байсан. Бичиг баримтаа солиулах амархан зүйл байсан бол солиулчихна шүү дээ.

-Бүсгүйчүүд ялангуяа үлгэр дууриал авдаг хүмүүстэй байдаг. Чиний хувьд байнга харж, мундаг шүү гэж боддог хүн байдаг уу?

-Үлгэр дууриал авдаг хүн гэвэл ээж минь. Мундаг эмэгтэй гэвэл бас л ээж. Ээжээс өөр мундаг эмэгтэй гэж боддог нэг хүн бий. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Урангоо. Биеэ авч яваа нь таалагддаг, хүчирхэг эмэгтэй шиг санагддаг. Танихгүй л дээ. Гэхдээ таарч байсан.

-Уянга Улаанбаатар хотод төрсөн гэсэн. Хотын хөгжлийн талаар юу хэлэх вэ?

-Олон өндөр, шилэн барилга баригдлаа гээд энэ бол хот хөгжөөд байгаа асуудал биш. Хувь хүний төлөвшилтөөр л хөгжлийг тодорхойлох байх. Сүүлийн үед залуусын харилцаа, бие авч яваа байдал, боловсролын төвшин дээшилж байгаад баярладаг. Бид л өөрчлөлтийг хийж, ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болгоно. Өөр хэн ч биш.

-Ярилцсанд баярлалаа.

Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд карт гардууллаа
Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд карт гардууллаа
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.