Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цогзолмаа улс төрөөс шахагдавч төрийн албандаа эргэн ирэх нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 17 секунд

Улсын Их хурлын эмэгтэй гишүүдийн дунд сайдын давхар дээл нөмөрсөн цөөн хэдийн нэг бол яах аргагүй Ц.Цогзолмаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд байхдаа Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж явсан гоц үйлдэл ч түүнийх. Түүний хувьд улс төрд танигдсан тод үйлдлүүд үүгээр дуусахгүй. Гэр бүлээрээ төрийн албанд зүтгэж, тэр дундаа сайд, даргын алба хашиж буй гайхалтай мэдээ ч Ц.Цогзолмаагаар овоглож байсан юм.

Хэдийгээр 2020 оны сонгуульд Ховд аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон ч түүнийг төрийн алба нь орхисонгүй бололтой. Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдохоор болж, УИХ-ын чуулганд танилцуулахаар зэхэж байгаа гэх "бор шувуу" ч нисээд эхэллээ.

Түүнийг УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байхад нөхөр нь Ч.Саранжав "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлаар, хүү С.Түвшинтөр нь Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны газарт дарга, охин С.Баясгалан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр /одоо дарга болсон/ ажиллаж байна гэх мэдээ тарсан.

Тэгвэл уг мэдээллийн тухайд Ц.Цогзолмаа "Би ээж хүний хувиар, эх хүний хувиар бохир улстөрд үр хүүхдүүдийг маань хутгаж, гүтгэж, доромжилсон, захиалгатай, өндөр төлбөртэй хуурамч гүтгэлгийг тэвчихгүй, улс төрийн гүтгэлгийг тэвчсээр ирсэн. Зохион байгуулагчдыг олох болно. Надад хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл, үр хүүхдүүд минь шүү. Би үнэт зүйлээсээ урвахгүй" хэмээн нийтэлж байлаа.

Түүнийг сайдын ажлаа өгөхөд нь хүмүүс үнэхээр үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж, гэр бүлээ хэл амнаас холдуулах гэж ийм шийдвэр гаргалаа гэж хүлээн авсан. Гэхдээ тэр дахиад л төрийн албанд шургалж, Статистикийн хороог даргалах гэж байна.

Ц.Цогзолмаад ер нь хэн, ямар өртэй юм бэ? Үндэсний статистикийн хороог удирдаад явах олон залуус бий. Гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, урт удаан хугацаанд салбартаа ажилласан гээд сонголт ихтэй ийм салбар руу заавал түүнийг зүтгүүлээд байгаад ямар учир байна вэ. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ эмэгтэйн нэрийг "халааснаасаа гаргаж ирээд" бариад яваа сурагтай. Ямар тохироогоор гэнэт гараад ирэв ээ...

Түүний ажилласан байдлаас харахад багаас нь эхлээд оргилд нь хүртэл явжээ. Төрийн албаар түүхээ зузаатгах хэрэг түүнд одоо баймааргүй л юм. Тэртэй тэргүй гэр бүлийнхэн нь тэр чигээрээ төрийн албанд үүрлэчихээд байхад...

Ажилласан байдал

  • 1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш
  • 1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн
  • 1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн
  • 1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн
  • 1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
  • 1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга
  • 1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч
  • 1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга
  • 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга
  • 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга
  • 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга
  • 2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.