Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн зээлийн эх үүсвэрийн хөрөнгийг 1.2 их наяд төгрөг болгон нэмэгдүүлж 10 мянган өрх орон сууцтай болох боломжийг бүрдэж байгааг онцлов. Түүний хэлснээр, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар баталж, Монголбанкин дахь хуримтлалын дансаар орон сууцны ипотекийн зээлд хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ тухай хэлсэн үгэндээ “Монголбанкны тооцоолсноор энэ жил ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг хүртэл нэмэгдэх боломж бүрдэж байна. Төв банкны зүгээс 500 хүртэл тэрбум төгрөгөөс гадна эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг хүртэл нэмж буй. Үүн дээр "Эрдэнэс Монгол" ХХК-иас 500 орчим төгрөгийн ногдол ашгийг тооцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад 17 мянган иргэний хүсэлт судлагдаж байна. Жилд 5-6 мянган ипотекийн зээл олгодог. Иймд зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр банкны шалгуур хангасан иргэд 10 мянган орон сууцны эзэн болох боломжтой тогтоол батлагдлаа. Ирэх даваа гарагаас эхний гүйлгээнүүд хийгдэнэ. Төв банк эх үүсвэрүүдээ удирдаж банкуудад хуваарилалт хийнэ” гэлээ. Үргэлжлүүлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр орон сууцны ипотекийн зээл квотгүй болж байгаа учраас банкны шалгуурт тэнцсэн иргэдэд нээлттэй болж байгааг тодотгов.
Банкны шалгуурт тэнцсэн иргэд ипотекийн зээлд квотгүй хамрагдах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.