Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд СӨБ-ын сургалтын байгууллага дахь хүний эрхийн асуудлаар хийсэн судалгааны дүгнэлийг тусгажээ.
Тодруулбал, Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих эрхийн нэг хэсэг нь ариун цэврийн өрөөг цэцэрлэгийн дотор байгуулах юм. Нийслэлийн цэцэрлэгүүд 100 хувь дотор ариун цэврийн байгууламжтай бол орон нутгийн цэцэрлэгүүдийн 14.3 хувь нь гаднаа ариун цэврийн байгууламжтай байна.
Түүнчлэн орон нутгийн цэцэрлэгүүд бүлгийн өрөөндөө суултуургүй нэгдсэн байдлаар ариун цэврийн өрөөтэй байна. Дунджаар нэг бүлгийн 9.4 хүүхдийн дунд 1 суултуур байна. Байршлаар нь үзвэл орон нутгийн цэцэрлэгийн 8.3 хүүхдийн дунд 1, нийслэлийн цэцэрлэгийн 10.6 хүүхдийн дунд 1 суултуур байна. Бүлгээр харьцуулбал нийслэлийн ахлах болон бэлтгэл бүлгийн 11 хүүхдийн дунд 1 суултуур ногдож байгаа нь хамгийн муу үзүүлэлт юм.
Дунд бүлэгт ашиглаж буй суултуурын 4.5 хувь, ахлах бүлгийн хүүхдүүдийн ашиглаж буй суултуурын 9.1 хувь, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн ашиглаж буй суултуурын 13.6 хувь нь стандартад нийцэж байна. Харин бага бүлгийн хүүхдүүдийн стандартын шаардлага хангаж буй суултуур байхгүй байна.